Wednesday, October 21, 2009

Зургийн аппарат

Зургийн аппарат сонгох талаар хүмүүс маш ихэд сонирхдог. Дижитал фотоаппарат нилээд хөгжсөн одоо цагт хамгийн түрүүнд үүнийг л ав гэж зөвлөж, сонголтоо хэрхэн хийх талаар зарим нэг зөвлөгөөг нийтэлж байна .

Харин хальсны аппаратны талаар бага ч болтугай дурдах нь зүйтэй болов уу. Эдгээр хоёр камерны гол ялгаа нь зөвхөн дүрсээ хадгалах зарчимд байгаа. Зураг авах аргачлал нь гэрэл зураг анх үүссэн цагаасаа өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдаж ирсэн. Энэ нь хурд ба өрцийг тааруулах ба энэ тухай тусдаа тайлбарлах болно. Зураг хадгалах ялгаатай зарчим нь мэдээж хальсан дээр хадгалах ба мемори карт дээр хадгалах. Үүний зэрэгцээ авсан зургаа томруулах боломжоороо энэ хоёр нь ялгаатай. Хамгийн энгийн, хямдхан хальсны аппаратаар авсан зургийг зөв л авсан бол ямар ч асуудалгүйгээр “А0″ буюу хэвлэлийн хамгийн том хэмжээгээр (900х1200мм) цаасан дээр шууд буулгаж болдог бол дижитал камераар авсан хамгийн сайхан зургийг томруулахад тухайн камерийн үзүүлэлтээс шууд хамаарч цаасны хэмжээ хязгаарлагдана. Энэ нь үзүүлэлт л хальсны аппаратны хамгийн гол давуу тал.

Дижитал камер авах гэж буй хүнээс хамгийн түрүүнд асуух асуулт бол “Ямар хэрэгцээнд авах гэж байна?” Энэ л асуулт таны сонгох камерны үзүүлэлт ба гаднах өнгө төрхийг тодорхойлно. Иймд дижитал фотоаппаратнуудыг хамгийн түрүүнд хувийн хэрэгцээний ба мэргэжлийн гэж ангилаж болох юм. Хувийн хэрэгцээнд авах камераа дараах үзүүлэлтээр сонгох нь зүйтэй болов уу: Пикселийн хэмжээ, Дурангийн чадал, Мемори картны төрөл, Батарейны төрөл, Гаднах өнгө үзэмж, Видео бичих боломж ба бусад Нэмэлт боломжууд.
Пикселийн хэмжээ – авах зургийн хэмжээг босоо болон хэвтээгээр нь хэмжсэн пикселийн тоог хооронд нь үржүүлэн гаргаж тодорхойлдог үзүүлэлт. Жишээлбэл: 2496х1664 пикселтэй аппарат нийт 4153344 пикселтэй буюу 4,1 Мегапикселтэй гэсэн үг. Зөвхөн гэрийн альбомонд зориулж 9х12, 10х15, 13х18см гэх мэт хамгийн түгээмэл хэмжээтэй зураг авах хүсэлтэй хүнд 4 Мегапикселийн хэмжээтэй камер бүрэн хангалттай. Илүү нь мэдээж үнэ нь нэмэгдэх болно. Зөхвөн дурсгалын зориулалтаас гадна хааяа нэг ажлын хэрэгцээнд “А4” буюу бичгийн цаасны хэмжээтэй зураг авах шаардлагатай хүмүүст 6Мега бас хангалттай. Үүнээс дээш пикселтэй камернууд энгийн хэрэгцээнээс давсан болно.

Дурангийн чадал буюу ZOOM – энэ үзүүлэлт нь дурангаар харагдаж буй дүрсийг хэд дахин томруулах боломжтойг тодорхойлно. Энгийн хэрэгцээнд зураг авах үедээ зурагчин нь өөрөө урагш хойшоо хэд алхаад авах зүйлээ дэлгэц дээрээ томруулах эсвэл багасагах боломжтой байдаг тул 4Х-6Х бол хангалттай үзүүлэлт. Үүнээс илүү томруулдаг аппараатаар зураг авах үед дэлгэц дээр харагдаж буй дүрс нь зурагчны амьсгалахад хөдлөх цээжний болон гарны сул хөдөлгөөн нь нөлөөлж тогтворгүй болоход хүргэдэг. Ийм тохиолдолд уг нь зориулалтын хөл дээрээс авах учиртай. Мөн аппарат нь OPTICAL ZOOM болон DIGITAL ZOOM гэсэн дангаараа болон хосолсон ойлголт байдгийг анхаарна уу. Optical нь тухайн аппаратны дурангийн боломжийг хэлж байгаа бол Digital нь дуранд огт хамаагүй, программын аргаар тухайн дүрсийг томруулж харагдуулдаг тул дүрсний чанарын хувьд харьцуулашгүй муу чанартай болно. Иймд Digital Zoom үзүүлэлт нь их байх тусам муу гэж ойлгож болно

Мемори карт – авсан зургаа хадгалах бичил төхөөрөмж. Энэ нь маш олон төрөл байдаг бөгөөд хоорондоо зарчмын ялгаа байхгүй боловч таны хэрэглэж буй компьютер, гар утас, видео камер гэх мэт төхөөрөмжүүдтэйгээ мемори картны төрлөө ижилсүүлж авах нь илүү ашигтай. Мэдээлэл хадгалах хэмжээний хувьд гэвэл хэмжээ нь том байх тусам нэг дор илүү олон зураг хадгалах боломжтой болно, сүүлийн үед үнэ нь харьцангүй хямдарч байгаа тул 1GB (гигабайт) мемори картанд 25,000-40,000 төгрөг зарцуулсан байхад энгийн хэрэглээний 300-500 зураг авах боломжтой болно.

Батарейны төрөл – энгийн хэрэглээнд зориулсан аппарат нь аль болохоор энгийн тэжээл ашиглах нь чухал байдаг. Зарим үйлдвэрлэгчдийн аппаратнууд зөвхөн өөрийн тусгай батарей ашигладаг тул тэр нь олдоц муутай, олдсон тохиолдолд үнэтэй байдаг, дээрээс нь “хульхи” нь ямарч хэрэгцээ хангадаггүй. Миний хувьд зөвлөхөд энгийн аппарат нь “хуруу зай” гэж хэлж хэвшсэн АА (бүдүүн нь) буюу AAA (нарийн нь) зайнуудыг хэрэглэдэг байвал илүү олдоцтой, хямдхан байна. Чанартай “хуруу” зайнууд (жишээлбэл “ориг” Duracell) хааяа нэг зураг авдаг хүнд хэдэн сараар ашиглагддаг, мөн “цэнэглэдэг” зайнууд туш ашигтай. Тиймээс шинэ дижитал аппарат авах гэж буй сонирхож буй хүн энэ талаас нь сонголтоо хийвэл, цаашид харамсахгүй болно.

Гаднах өнгө үзэмж – энэ талаар хүмүүс өөр өөрийн сонирхлоороо сонголтоо хийх нь мэдээж, дашрамд хэлэхэд аппаратны оосор их биендээ холбогдох хэсгийг сайн анхаарарай. Зарим аппаратных нь гогцоогоо эрэг шурагаар тогтоосон нь салаад, аппаратаа газар унагааж эвдэхэд хүргэдэг гэдгийг анхааруулмаар байна. Мөн гадаад үзэмжтэй холбоотой нэг асуудал нь тухайн аппаратны удирдлагын товчлуурууд янз бүр байдаг бөгөөд зарим нь ажиллахад ба ойлгоход хялбар, зарим нь үзэж байх үедээ зурагаа санамсаргүйгээр устгах аюултай байдаг. Эдгээрийг анх сонгож буй хүн “мэдрэхэд” хэцүү тул энэ талаар зөвлөх юм алга.

Видео бичих – энэ нь том давуу талуудын нэг бөгөөд анхаарах зүйл нь Монголын ТВ систем нь РАL гэдгийг санаж авах нь зүйтэй бөгөөд зарим нь дууны бичлэг хийдэггүй зөвхөн дүрс авдаг загварууд байдгийг санаарай. Бусад нэмэлт боломжууд нь “нүдний улаан” арилгах, харанхуйд фокус авах чадвартай, гарын хөдөлгөөний чичиргээг тогтворжуулагч гэх мэт олон төрлийн боломжууд аль болохоор их байх тусмаа сайн гэж зөвлөж болох юм. Нэмэлт тохиргоонуудын хувьд нэгэн зүйлийг тусгайд нь анхааруулах нь янз бүрийн гэрлийн орчинд авах бэлэн тусгай тохиргоо/горимнууд юм. Эдгээр горимнуудыг зааврын дагуу зөв ашиглаж чадвал онцгой тохиолдолуудад гайхалтай сайхан зураг авах боломж олгодгийг амлая.

Дээрхи бүгд энгийн хэрэглэгчид хэрхэн дижитал фотоаппарат сонгоход тус болно байх гэж найдаж байна. Гэрэл зураг илүү нарийн түвшинд авахыг зорьсон сонирхогчдод дээрхээс илүү олон зүйл тооцоолох хэрэгтэй болох нь мэдээж. Гол нь хүссэнээрээ зураг авахад хурд ба өрц гэдэг тохиргоонуудыг автоматаар бус өөрийн хүссэнээрээ тавих боломжтой байх нь мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдын аппаратны ялгаа байдагт оршино.

No comments:

Post a Comment