Thursday, December 3, 2009

Музей

Монгол улсын музейн үүсэл хөгжлийн түүхэн онцлог

Музей нь тухайн орны түүх соёлын өв, дурсгалт зүйлсийг олонд ил тодоор харуулан мэдүүлж таниулагч билээ. Манай улсын анхны музей 1924 онд үндэсний музей нэртэйгээр тухайн үеийн ардын гэгээрүүлэх яам гэгдэж байсан байшингийн залгаа таглагар дээвэртэй төвд дуганы загвартай дүнзэн байшинд байрлаж байжээ. Энэ нь одоогийн Улаанбаатар зочид буудлын баруун жигүүрийн хавьцаа газар юм.



Музей анх байгуулагдсан сар өдөр тодорхойгүй боловч мөн оны 12 сарын 25-ны өдөр музей анх байгуулагдсан өдөр гэж 1964 онд болсон МАХН-ын төв хорооны 351-р тогтоол ёсоор баталсан. Музейн үзмэр сан хөмрөг өдрөөс өдөрт нэмэгдсээр геологи ашигт малтмал, ургамлын дээжээс гадна, ан амьтадын хиймэлүүдтэй болж мөн түүх угсаатны зүйн олон арван үзмэр нэмэгдсээр хуучин байрандаа багтахгүй болсны улмаас 1926 онд ЗГ-ын 4 сарын 12-ны өдрийн тогтоолоор улсын музейг богд хааны өвлийн ордонд байгуулах шийдвэрийг гаргаж байжээ.

1934 онд музейн нийт үзмэрүүд нь түүхийн ба байгалийн гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагдаж байсан бөгөөд нийт 12 анги 24 тасагтай болсон байжээ. Тэдгээрээс:
1. Эрт галавийн судлалын 2 тасаг
2. Амьтны ангийн 4 тасаг
3. Ургамлын ангийн 1 тасаг
4. Чулууны ангийн 2 тасаг
5. Уран сайхны зураг патерийн 3 тасаг
6. Гар урлалийн ангийн 5 тасаг
7. Чойжин ба бөөгийн 1 тасаг
8. Эртний булш судлалын 1 тасаг
9. Эртний чулуун багаж зэвсгийн 1 тасаг
10. Манжийн үеийн эрүү шүүлтийн 1 тасаг
11. Цэргийн ангийн 1 тасаг
12. Богд хаан, лам, ноёд түшмэдийн ямба ёслолын хувцас хэрэглэлийн 1 тасаг.

Эдгээр зохион байгуулалт нь 1940 он хүртэл хадгалагдсаар байсан бөгөөд эл хугацаанд тухайн тасгуудын үзмэрийг баяжуулах ажил голлон хийгдсээр иржээ.

1931 оны 7 сарын 11 буюу хувьсгалын 10 жилийн ойгоор “Хувьсгалын музей” байгуулагдсан нь музейн хөгжилд нэгэн чухал алхам болсон юм. Энэ нь Монгол улсад анхны төрөлжсөн музей бий болсон явдал байлаа. Гэвч 1930 оны сүүлчээс 1950 оны эх хүртэл монголын музейн хөгжил саарч зогсонги байдалд орсон гэж үзэж болох юм. Учир нь урьд байгуулагдсан музей хэвийн ажиллаж чадахгүй, музейн үзмэрийн цуглуулгыг их хэмжээгээр үрж устгах зэрэг харамсалтай үзэгдлүүд гарч байсан байна. Музейн хөгжил саарахад тэр үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт, дэлхийн дайн ихээхэн нөлөөлжээ.

1950-аад оны сүүлч 1960-аад оны үе бол Монголын музейн хөгжилд чухал үе байв. Энэ үед аймаг бүрт орон нутаг судлалын музей байгуулагдсанаас гадна улсын төв музейн шинэ барилгыг ашиглалтанд оруулж өргөтгөн нээсэн.

Чойбалсангийн ордон музейг (хожим нь Сүхбаатар-Чойбалсангийн музей болсон) 1953 онд байгуулагджээ. 1990 оноос музейн зохион байгуулалтыг өөрчлөн Байгалийн музей, Түүхийн музей, Богдын хааны ордон музей, Театрын музей зэрэг төрөл чиглэлийн музейнууд байгуулагдав.

No comments:

Post a Comment