Thursday, December 3, 2009

Хэрхэн хоол хүнсээ хөргөгчинд зөв, эрүүл хадгалах вэ?

Хоолыг зөв хадгалах нь эрүүл хооллолтын үндэс шүү дээ. Тэгвэл танд дараах мэдээлэл хэрэг болно гэдэгт найдаж байна.
Юуг хөлдөөх вэ?
Хөлдөөнө гэдэг нь тухайн хоол хүнсэнд байх бактерыг арилгаж, муудахаас хамгаалдаг. Гэсэн ч хөлдөөх нь зарим зүйлийн хэлбэр дүрс, чанарыг нь алдагдуулах талтай. Ерөнхийдөө усны агууламж ихтэй зүйлс хөлдөх нь бага байдаг. Учир нь ус бусад зүйлүүдээс өөр температурт хөлддөг юм байна. Сүүн бүтээгдэхүүн, өндөг  бас хөлдөх нь бага байдаг.
Тэгвэл танд хөргөгчиндөө хөлдөөхөөсөө өмнө дахин бодолцож үзэх хэрэгтэй дараах зүйлсийн жагсаалтыг танилцуулья. Та эдгээр зүйлсийг их хэмжээгээр авж хөлдөөлгүй, бага хэмжээгээр авч хэрэглэж байсан нь дээр.
• Сүү, бяслаг, майонез, сүмс зэрэг нь хөлдөөсний улмаас задардаг. Тиймээс та хэрвээ үнэхээр хөлдөөх хэрэгтэй бол хөлдөөх явцдаа хутгаж байх хэрэгтэй. Гэхдээ хөлдөөхөөс өмнөх байдалдаа эргэн орохгүй юм.
• Бяслагыг хөлдөөх аваас бутардаг.
• Өндөгний шар сайн хөлддөггүй ба болсон өндөг хөлдөхөөрөө хатуу болдог. Харин өндөгний цагааныг аяганд тусад нь хийгээд хөлдөөгөөд, эргээд хэсгээж ашиглаж болно. Гэхдээ бялуу хийх зэрэгт ашиглаж болох ч хоолондоо шууд хэрэглэж болохгүй.
• Түүхий ногоонууд хэсэхдээ наалдамхай, сийрэг, зөөлөн болно.
Хэрхэн хөлдөөх вэ?
Та хоол хүнсээ хөлдөөхдөө агаар орж байгаа эсэхийг нь сайтар анхаар. Учир нь агаар нь тухайн зүйлийг хатааж, хорчийлгодог. Тиймээс юуны өмнө агаар орохгүй байх талдээр анхаарал хандуулаарай.
Агаараас хамгаалсан вакум савнууд байдаг. Гэхдээ тэдгээр нь сайн гэдэгт олон хүн эргэлздэг. Харин түүний оронд дараах аргуудыг хэрэглээд үз.
• Талх, гурилан бүтээгдэхүүнүүдийг өөрийнх нь уутнаас нь гаргаад, өөр уут эсвэл саванд хийх хэрэгтэй. Гэхдээ талхны савнууд ихэнхдээ талхыг хатаачихдаг гэдгийг санаарай. Мөн талхаа хөргөгчинд байрлуулахдаа дунд хэсэгт байрлуулвал сайн. Хамгийн дор эсвэл дээр байлгаж болохгүй.
• Махыг хөлдөөхдөө сайтар боож, баглаж хөлдөөх хэрэгтэй. Учир нь агаар орвол махны чийгшил алдагдаж, хатдаг. Хэрвээ саванд хийж хөлдөөвөл таарсан хэмжээний саванд хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл агаар бага байх хэрэгтэй гэсэн үг.
• Хэрвээ та ногоо хөргөгчинд хийх гэж байгаа бол эхлээд арилгаж цэвэрлэх хэрэгтэй. Ингэх нь ногоог шинэхэн байлгадаг. Болж өгвөл чанаад болгочих хэрэгтэй.
Гэхдээ зарим заавал хөргөгчинд хийж байх хэрэгтэй зүйлс байдаг. Жишээ нь хоол. Оройн хоолоо өглөө халааж иддэг бол танд хоолоо заавал хөргөгчинд хийж байхыг сануулья. Учир нь хоол ил байх үед нян бактери ихээр үржидэг.
Түүнчлэн зарим нэг сэрүүн нөхцөлд хадгалах горимтой эм тариа байдаг.
Анхаарах зүйлс
• Ямар нэг норсон, нойтон зүйлсийг хөргөгчинд хийж хадгалах нь хөгзрөх нөхцөлийг бий болгодог. Тиймээс аль болох хуурай болгоод, дараа нь хөргөгчинд хийгээрэй.
• Та хөргөгчинд хоол хүнсээ хадгалахдаа ямар зүйлсийг ямар зүйлстэй хамт хадгалахаа сайтар бодолцох нь зөв. Учир нь сүүг тарагтай, эсвэл айраг зэрэг ээдүүлдэг зүйлтэй хамт хадгалвал сүү гашилдаг. Тиймээс хадгалж буй зүйлсээ байнга тагтай саванд хадгалж байх хэрэгтэй.
• Хөргөгчөө сайн судал. Сүүлийн үеийн хөргөгчнүүд тасалгаа, тавиур, эгнээ бүрийн температурыг тааруулдаг болсон тул, хоол хүнснүүдээ сортлоод, тэр болгонд температурыг нь тааруулаарай. Та бүх хоолоо тас хөлдөөхийг, эсвэл хэсэхийг хүсэхгүй байгаа биздээ?

No comments:

Post a Comment