Thursday, December 3, 2009

Зам тээвэр

Зам тээвэр
Монгол овог аймгууд хүй нэгдлийн байгууллын үед хүрээгээр нүүх аргыг голлож байжээ. Монголын нэгдсэн улс байгуулагдсанаас хойш хүрээний оронд баг сууриар буюу дайн байлдааны цагт хэдэн зуу мянгаараа ч бөөгнөрөн хорооллож нүүдэг болсон аж.



Мөн малаас гарах ашиг шим нь агнуур тариаланг бодвол арвин, байнгын найдвартай, бүтээгдэхүүнээ илүүчлэх боломжтой байснаас нүүдэлчид хөрш залгаа оронуудтай эрт цагаас арилжаа худалдаа хийж гар үйлдвэр, газар тариалангийн бүтээгдэхүүн авдаг байжээ.

Монголын нүүдэлчдийн аж ахуй, соёл арилжааны өсөлт ба цэрэг дайны хэрэгцээ нь унаа хөсгийн хөгжлийг аяндаа бий болгож, түүнийг улам өргөжин хөгжихөд хүргэжээ.

Монголын нүүдэлчид эрт дээр цагаас малыг унаж, нуруу ачих зэргээр эдэлдэг байснаас гадна тэрэг, чарга үйлдвэрлэн зүтгэх зүтгэх хүчинд хөллөж тээвэрт ашиглах болжээ. Тэрэг хэрэглэх болсон явдал тээврийн хөгжилд гарсан анхны том алхам байлаа. Үхрийг тэргэнд хөллөх явдал их байсан бөгөөд цөл говь, хээр талын бүсэд тэмээг тэргэнд хөллөх нь цөөнгүй байжээ. Нүүж суух аян дайны хэрэгцээнд гэр тэрэг чухал үүрэг гүйцэтгэж байжээ.

8-13 зууны үед монголчууд харгуутай тэрэг (мухлаг чингэлэгтэй тэрэг) илжигтэй тэрэг, унгастай тэрэг, хасаг тэрэг, хантай тэрэг, их гэр тэрэг, цуургатай тэрэг, тэнхлэгтэй төмөр тэрэг, ордны тэрэг буюу орд гэр тэрэг гэх мэтийн янз бүрийн нэртэй олон төрлийн тэргийг хийж тээвэрт хэрэглэж байжээ.

18 зууны дунд үеэс орос хятадын худалдааны дамжин өнгөрөх зам бий болж олон улсын цайны худалдааны тээвэр ихээр явагдаж байжээ. Хаалган-Хүрээ-Хиагтын замаар тээвэрлэгдэж байсан бүтээгдэхүүн, цайг монгол жинчид голдуу тэмээн жингээр тээж байжээ. Мөн монголын нутгийн өнцөг булан бүрээс жин хөсөг Хаалганы чиглэлд явдаг байсан байж.

Монгол оронд гадаадын худалдаачид нэвтэрч хөсөг тээврийн хэмжээ нэмэгдсэнээс худалдаа арилжааны гол замуудыг засах, гол усанд гүүр, сал онгоц тавих шаардлага гарч байжээ.

Хүрээ хаалганы замд Туул гол дээр 1888 онд анхны томоохон модон гүүрийг Оросын худалдаачид барьжээ. Дараа нь 1901 онд Хөшөө модноос Ховд, Улаангомын хоорондох зарим уул давааны замыг засаж жижиг модон гүүр тавьсан бөгөөд 1909 оны эцсээр Ховд гол дээр анхны сал онгоц тавьжээ.

1916 онд Америкийн пүүсний төлөөлөгч Мейер, Ларсен нар Нийслэл хүрээнд ирж Хүрээ-Чуулалт хаалганы хооронд автомашины харилцаа тогтоох асуудлаар олон голын засгийн газартай хэлэлцээр хийжээ. 1917 оны үед Хүрээ-Чуулалт хаалганы хооронд 10 автомашин бүхий “Тяньцзины авто тээврийн хороо” гэдгийг байгуулсан.

Ийнхүү 1918 оноос Хүрээ-Чуулалт хаалганы хоооронд хувийн пүүсийн автомашины тогтмол харилцаа нээгдэн өргөжиж Хүрээ Манжуур, Хүрээ Хиагтын зэрэг замд ачаа, хүмүүс тээвэрлэж эхэлсэн байна.

1913 оноос Хөвсгөл нуурт “Горбонос, Порштейн Бараховиц” хэмээх худалдааны нөхөрлөлийн усан онгоц явж эхэлсэн бөгөөд хожим 1919 оноос Зөвлөлт орос улсын “Центр союз” хэмээх худалдааны Сибирийн салбарын мэдэлд шилжиж Хөвсгөл нуур дээгүүр тээвэр хийж байжээ. Хөвсгөлийн усан онгоц улирлын чанартай ажиллан Сибирийн хотуудаас бараа материалыг монголд оруулж, монголоос мал түүхий эд зэргийг хөвсгөл нуураар тээвэрлэж байв.

Ингэж гадаадын худалдаа, үйлдвэрийн эздийн ашиг сонирхолын үүднээс Монгол оронд анх механикжсан тээвэр 20 зууны эхээр нэвтэрч эхэлжээ.

-1925.07.15-нд монгол улсын тээх нэвтрүүлэх газар ачааны 7 машинтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
-1926 оны засгийн газрын хурлаар Тээх нэвтрүүлэх газрын дүрмийг баталсан.
-1927 онд Тээх нэвтрүүлэх ерөнхий хороо нь эрхэлсэн дарга, туслах дарга, ерөнхий нарийн бичгийн газраас гадна нягтлан бодох хэлтэс, тээх хэлтэс, уурын тэрэгний хэлтэс, гааль дахь хэлтэс гээд 4 хэлтэстэй байв. Орон нутгийн салбар хороод нь Алтанбулаг, Жаргалант, Жавхлант, Мөрөн, Цэцэрлэг, Баянтүмэн, Жанчхүү, Өндөрхаанд байсан бөгөөд тэдгээр нь Вангийн хүрээ, Дээд-Үд, Улаангом, Хантайшир уулын хошуу, Хатгал, Хан хөгшин уулын хошуу, Югзэр хийд зэрэг 20 гаруй газарт хэлтэс төлөөлөгчидтэй байжээ. Тээх нэвтрүүлэхийг Төв, орон нутгийн тэдгээр хороо салбаруудад 1928 оны эхээр 177 хүн ажиллаж байв.

Эхний үед монгол жолооч тун цөөн байсан. Цэргийн яамны гарашийн сургуулиар анхны жолооч нарыг бэлтгэж байжээ. 1928 оны эцэс гэхэд Улсын хэмжээгээр 80 орчим монгол жолооч байсан байна.

Өсөн нэмэгдэж байгаа улс орны тээврийн хэрэгцээг авто тээвэр, ердийн хөсөг хангаж чадахгүй байснаас өргөн хэрэгцээний бараа хилийн боомт баазууд дээр саатахад хүрч байсан.

Улсаас зам гүүр засварлах, шинээр барьж байгуулахад ихээхэн анхаарч уг ажлыг аж ахуйн яам ба тээх нэвтрүүлэх хорооноос эрхлэн явуулж байв. Ийнхүү монгол тээх хороо улс орныхоо тээвэр, зам харилцааг хөгжүүлэх хэрэгт зохих хувь нэмрээ оруулан чухал үүрэг гүйцэтгэж байжээ.
-1929,11,31. Улаанбаатар хотод автобусны үйлчилгээ анх нээгджээ.
-1930,03 сар. Зам тээврийн сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарчээ.
-1930 он. Монгол Зөвлөлтийн хэлэлцээрээр зүүн сибирийн усан замын газрыг байгуулжээ.
-1930 он. Монголтрансын харьяа авто сургууль байгуулагдсан. Монголтранст зам барилгын хэлтэс байгуулагдаж улсын дотор замын хэргийг эрхлэх болжээ.
-1930,08 сар. Улсын мэргэжлийн комисс байгуулагдажжолооч нарт үнэмлэх олгох болсон.
-1930-32 он. Монголтрансын харьяа 1, 3, 4 авто бааз байгуулагдсан.
-1936 он. Монголтрансыг тус улсын мэдэлд шилжүүлэн Монгол тээхийг байгуулсан.
-1940,11,15. БНМАУ-ын зам тээврийн яам байгуулагдсан.
-1943,05 сар. Сүхбаатар Улаанбаатарын хоорондох 338км цардмал ба хайрган замыг тус улсын мэдэлд шилжүүлэн өгсөн.
-1946,01 сар. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор улсын ачааг ердийн хөсгөөр заавал тээвэрлүүлэх хуулийг хүчингүй болгожээ.
-1946,03 сар. Цэргийн яамны харьяанд иргэний нисэх онгоцны отряд байгуулсан.
-1950 он. Автотээврүүдийн дунд автомашиныг их засваргүйгээр 100 мянган км явуулах хөдөлгөөн өрнөж Т.Гэлэгжамц, Д.Жамьяан нарын анхны бумтан жолооч төрөн гарсан.
-1952,03,26. Хөвсгөлийн усан замын газрыг ЗХУ-ын бүх хөрөнгө хөдлөх бүрэлдэхүүний хамт манай улсад үнэ төлбөргүй шилжүүлж өгчээ.
-1953 он. Төмөр замын коллеж байгуулагдсан.
-1954 он. 12 аймагт шинээр авто бааз байгуулагджээ.
-1954 он. Улаанбаатарт ватобус, такси бааз байгуулагдсан.
-1965 он. БНМАУ-ын гавьяат тээвэрчин цол бий болгожээ.
-1966,12,24. Улаанбаатар хотын авто засварын завод ашиглалтанд оржээ.
-1969 он. Авто тээврийн техник мэргэжлийн сургуулийг байгуулсан.
-1973 он. “Тээврийн мэдээлэл” сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдэн гарчээ.
-1973 он. “Найрамдлын зам” сониныг нийт тээвэрчдийн сонин болгосон байна

No comments:

Post a Comment