Thursday, December 3, 2009

Их Британи улсын Лондон хотноо Монголын Соёлын Төв нээгдлээ.

11 дүгээр сарын 2-ны өдөр Лондон хотноо Монголын Соёлын Төв нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Британий өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчуудын төлөөлөл болох 200 орчим Монголчууд,Элчин Сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны дипломат ажилтнууд төдийгүй Британий Парламентийн гишүүн Жон Грогон, Чингис хаан номын зохиолч, монгол судлаач Жон Манн, КАМДА төслийг санаачлагч Жон Пэр, Лондон дахь Төвдийн Сангийн төлөөлөгч Даваа лам зэрэг монголчуудтай олон жил хамтран ажиллаж байгаа хүмүүс мөн монголыг сонирхдог, судалдаг Британичууд оролцлоо.

Нээлтийн ёслолын ажиллагааг Тус төвийг санаачлагч, Монголын Соёлын Төвийн захирал Б.Март нээж үг хэлсэн бөгөөд тус төвийг байгуулах ажилд чин сэтгэлийн гүн туслалцаа үзүүлсэн Элчин сайдын яам болон хувь хүмүүст талархалын өргөмжлөл гардуулав.

Элчин Сайд Б.Алтангэрэл Их Британи дахь Монголчуудын хувьд их баяртай үйл явдал болж байгааг онцлон цохож, эх нутгаасаа хол байгаа монголчуудад маань үгүйлэгдэж байсан Монголын түүх, соёл, хэл зан заншилаа таниулах, суртчилах төвтэй болсонд баяр хүргэж цаашид дэмжин ажиллахаа амлав.
Мөн Их Британийн Монголчуудын Холбооний Тэргүүн Д.Цэрэнбат баяр хүргэж,  3 компютерийг Холбооныхоо нэрийн өмнөөс бидэнд бэлэглэлээ.
Нээлтийн ёслолын баярын концерт Морин хуурч Одгэрэлийн хуурын татлагаар жавраа үргээж Монгол улсын СТА, Дуучин Д.Чулуунцэцэгийн Монгол ардын дуугаар эхэлж Төгөлдөр хуурч Н.Хулан, түүний шавь Т.Аззаяа, Морин хуурч Д.Сувд, Дуучин А.Мөнхжаргал, Уран сайханч Б.Цогоо, Бүжигчин Х.Мишээл нарын  сайхан тоглолтоор хөг эгшиг нэмж мөн Зураач Т.Отгонбаяр, Б.Батсүх нарын уран бүтээлийн дээжээс үзүүллээ.
Монголын Соёлын Төв нь Британид ажиллаж, амьдарч, сурч байгаа Монголчууддаа монголын түүх, соёл, хэл, ёс заншилаа өвлүүлэн уламжуулах, таниулан сургах төдийгүй Британий олон нийтэд сурталчилах үйл ажиллагааг явуулах болно.

No comments:

Post a Comment