Thursday, December 3, 2009

Монгол улс гахайн томуугийн эсрэг вакцин үйлдвэрлэж чадах уу?

Ц.Өлзийтогтох - "Биокомбинат" төрийн өмчит үйлдвэрийн газрын мэргэжилтэн, ерөнхий эмч: -Монголд анхны вакцины үйлдвэрлэлийг манай байгууллага 1923 онд байгуулагдсан цагаасаа эрхэлж ирсэн. Манайх малын вакцин үйлдвэрлэдэг.


Бид энэ аюулт өвчний эсрэг вакцин гаргах боломж байна уу гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан кодыг судалж үзэж байна. Энэ өвчнөөс сэргийлэх вакцин гаргаж авдаг дөрвөн технологи дэлхийд байдаг бөгөөд манай үйлдвэрт гурав нь байгаа. Амьтанд халдварлуулж, вирус гаргаж авах, тахианы өндөг, амьтан, малын төмсөг, үр хөврөлд өсгөвөрлөх, анхдагч эсэд өсгөвөр хийх гэсэн шилдэг технологиуд байна. Вирүс гэдэг үндсэндээ аварга могой амьд туулай барьж иддэг гэдэг шиг заавал амьд эд эс иддэг онцлогтой. Дөрөв дэх арга буюу шугаман эсийн өсгөвөр хийх нь л Монголд алга. Эхнийхээ өсгөгч вирүсийг зөв гаргаж авч чадвал вакциныг үйлдвэрлэж болно.

Одоо дээр дурдсан шилдэг гурван аргаар вакцин гаргаад авчих бүрэн боломж, чадавхи бидэнд байна. Өндөр нэмэлт зардал шаардахгүйгээр үйлдвэрлэх ч боломж бий. Гэхдээ манай үйлдвэр зөвхөн дангаараа хийнэ гээгүй. Хүн эмнэлэгийнхэндээ техник, технологио ашиглуулаад заагаад өгч болно.

П.Нямдаваа - Монголын Шинжлэх ухааны академийн гишүүн, Анагаах ухааны доктор, профессор:
-Манай улсад вакцин орлуулах бэлдмэл үйлдвэрлэж байгаа.

Ж.Оюунбилэг - Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал:
-Вакцин, биобэлдмэл үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийн салбарыг орчин үед биотехнологийн салбар гэж нэрлэдэг. Биотехнологи гэж шинжлэх ухаантай холбоотой үйлдвэрлэл гэсэн үг. Бүх арга ажиллагаа нь шинжлэх ухаанд тулгуурласан үйлдвэрлэл. Хүний хийж байгаа аливаа үйлдвэрлэл эдийн засгийн өсөлт, хүний хэрэгцээг хангадаг аль ч үйлдвэр технологийн түвшин шинжлэх ухаантай холбоотой. Биотехнологийн салбар гэдэг бол хүн төрөлхтний хөгжилд гарч ирсэн технологийн нэг эрэн үе. Биотехнологи хүний болоод байгальд сөрөг нөлөөгүй гэж үзэж байна. Тийм учраас Монгол Улс биотехнологийг эрчимтэй хөгжүүлэх ёстой, Вакцин биобэлдмэлийг хамарсан биотехнологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх тэр дундаа хүний эрүүл мэндэд. зориулсан анагаах ухааны биобэлдмэл үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангаж, гадаадад экспортлох бололцоотой гэж манайх үзэж байгаа. Гахайн томуугийн жишээн дээр ярихаасаа өмнө Монголын анагаах ухаанд гарсан жишээнээс ярья. Цагаан цэцэг гэж аюултай өвчин байлаа. Энэ өвчний вакциныг манай улс үйлдвэрлээд 1930-аад оны сүүлээс хийгээд 1940-өөд оны эхэн гэхэд устгасан. Гэтэл энэ аюултай өвчин 1977 онд дэлхий дээр устгах санал, санаачлага хэрэгжээд Монголд устгаснаас хойш 40 жилийн дараа устгасан. Энэ бол манай анагаах ухааны том ололтын нэг.

Гахайн томуу болоод цаашид гарч болзошгүй өвчнүүдийн эсрэг Монгол Улс өөрийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлж, хүний нөөц, техник технологийн түвшинг дээшлүүлж байж амжилттай эмчилж чадна. Одоогийн байдлаар вакцин импортлохоос өөр арга алга. Харин биднийг хий гээд үүрэг өгөөд төсөв хөрөнгийг нь өгчихвөл бид хийхэд бэлэн. Манайд биотехнологийн судалгаа үйлдвэрлэлийн хүчин чадал бэлэн байгаа.

Засгийн газар болоод олон нийт өөрийн эрдэмтдэдээ итгэж дэмжлэг өгөх юм бол гахайн томуу байтугай бид вакцин хийж болно. Бид одоогоор хоёр хүндэрч байгаа жирэмсэн эхчүүдэд хэрэглэх шийдвэр Эрүүл мэндийн яамнаас гаргасан байгаа. Бид томуугийн вирүсийн эсрэг өвөрмөц иммуноглобулиныг хэрэглэнэ гээд 600 туршилтын бэлдмэл үйлдвэрлэсэн. Одоо энэ туршилтын иммуноглобулиныг бүр өвөрмөц болгож, гахайн томуугийн вирүсийн эсрэг бэлдмэл болгох гэж байна.

Ж.Алимаа – Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн "Монэнзим" компанийн дэд захирал:
-Манай улсад гахайн томуугийн эсрэг вакцин үйлдвэрлэхэд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамгийн боломжтой газар. Засгийн газраас бодлогоор үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүлэх талаас нь дэмжих хэрэгтэй. Хүний нөөцийг бүрдүүлэх нь чухал. Одоогоор П.Нямдаваа багшийн  бэлдсэн хэдэн мэргэжилтэн байна. Техник бололцооны хувьд Биокомбинат ч  бололцоотой.

Л.Хүрэлбаатар - "Монос" группийн ерөнхийлөгч, төрийн шагналт, эм зүйн ухааны доктор, профессор:

-А хүрээний H1N1 гэдэг вирүс хичнээн ч янзаар дүрсээ хувилгаж чаддаг, хоруу чанар нь өндөр, сул янз бүрийн байдлаар тархсаар л төрлийн вакцин хийж туршиж байна. Нэг нь иммуноглобулин. Гахайн томуугийн вирүсийн эерэг өвөрмөц иммуноглобулиныг сарын дараа гаргаж улс эх орондоо хүлээлгэн өгнө.

Гахайн томуугийн үед хэвийн иммуноглобулиныг байсан. Өнөө жилийнх шиг дэлхий нийтийг хамарч олон хүний амь насанд хүрээгүй боловч бүс нутгуудад гарсаар л байсан. 2007, 2008 онд ч гарч л байв. Хөнгөн хэлбэрээр өвчлүүлээд дарагдчихсан тал бий. Тэдгээр тохиолдол нь хүйтний улиралд томуу, томуу төст өвчнүүдтэй зэрэгцэн дэгдэж, урин дулааны улиралд дарагдаж байсан.


Энэ жил тахлын вирүсын онцлог нь улирлын ямар ч нөхцөлд хоруу чанараа алдахгүй байгаа явдал. Одоо өвөл болчхоод байхад улам хүчтэй дэлгэрээд байна гэдэг маш аюултай. Вакцин үйлдвэрлэнэ гэдэг чинь маш нарийн асуудал. Манай зарим хүн Биокомбинатдаа үйлдвэрлэчихгүй юу гэж байна. Мал, хүн хоёрын вакцин гэдэг өөр. Олон улсын туршлагаар нэг дор үйлдвэрлэдэггүй.

Манайд чадалтай боловсон хүчин бол байна. П.Нямдаваа, Ж.Оюунбилэг, Дандий гээд. Зориулалтын барилга байшин, тоног төхөөрөмж хэрэгтэй. Гол нь лаборатори, түүхий зд гээд 10 сая ам.доллар байхад вакцины үйлдвэртэй болж болно. Харин вакцин авч нөөцлөхийн хувьд бол өөр асуудал. Дэлхийн хэд хэдэн оронд А хүрээний H1N1 вакциныг аравдугаар сард гаргаж авлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Англи, Франц, Герман, Швейцарийн вакциныг бусад орон авч хэрэглэхийг зөвлөсөн. Манай улс мэтийн хэд хэдэн оронд энэ дөрвөн улсаас вакцин олгохыг үүрэгдсэн. Гэхдээ одоо болтол вакцин аваагүй л байна. Нийслэл Улаанбаатар, бүх аймаг хотууд "Монос"-ын эмээр хангагдаж байгаа.

Манайх энэ томуугийн эсрэг хамгийн найдвартай гэх "Тамифлю" эмийг анх Англид гарахаас нь эхлээд захиалж оруулж ирээд нөөцөнд байлгаж байна. Ханиаднаас урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалттай эм нь салимон. Манайхан энэ эмийг тоохгүй байхад оросууд эрж сураад, бид Санкт-Петербургт хамтарсан үйлдвэр байгуулахаар ярилцаж байгаа. Хүний дархлааг сайжруулахад дээд зэргийн сайн эм гаргаж аваад бэлэн байлгаж байна. Гадны олон орноос энэ ханиадад таарч тохирно гэсэн бүх эмээ авчирч нөөцөлсөн.

No comments:

Post a Comment