Thursday, December 3, 2009

Чиний нүдний шил

Хүний дотоод сэтгэл үргэлж л тасралтгүй бодож сэтгэж, ярьж байдаг. Дотоод дуу хоолой чинь үргэлж чамтай хамт байдаг. Тэр бол чиний хамгийн сайн найз. Тэр бас чиний хамгийн муу найз чинь.

Хүн болгон амьдарлыг харах өөрийн гэсэн үзэл бодлын нүдний шилтэй байдаг. Тэр нүдний шил нь тэр хүний өөрийн амьдралд туулж өнгрүүлсэн, сурч мэдсэн туршлагаас бүтдэг. Амьдралд чинь тохиолдож байсан зүйлүүд дээрээс та тэрхүү итгэл үнэмшилийг олж авсанаар таны тухайн зүйлийг харж бодож байгаа итгэл үнэмшил чинь байна гэсэн үг. Жишээ нь уран зохиолын нэг ном уншлаа гэж бодъё. Тэр номон дээр гарч байгаа үйл явдалд дүгнэлт хийж та түүнд шингэсэн зохиолчийн итгэл үнэмшилийг өөртөө шингээж авч байна гэсэн үг. Тэгэхээр номон дээр гарч байгаа үйл явдал шиг зүйл амьдралд тохиолдлоо гэхэд та дүгнэлтээ номон дээр хийж байсан дүгнэлттэй төстэй хийнэ гэсэн үг. Хэрвээ тэр номонд итгэхгүй ч юм уу худлаа гэж бодож байгаа бол та тиймэрхүү итгэл үнэмшилийг тэр номыг уншихаас өмнө ямарваа зүйлээс дүгнэлт хийн маш хүчтэйгээр өөртөө суулгасан байна гэсэн үг.
Үзэл бодлын хувьд маш эсрэг тэсрэг 2 өөр хүнийг авч үзье. Нэг нь маш их өөртэй итгэлтэй. Бүх зүйл нь үргэлж бүтдэг өөрийгөө азтай гэж боддог. Нөгөөх нь гутранги үзэлтэй аливаа зүйлдээ үргэлж л сэтгэл нь зовниж явдаг. Бүтэлгүйтэж азгүйтэх нь олон.
Энэ 2 төрлийн хүний хувьд аль нь зөв аль нь буруу гэсэн зүйл огт байхгүй. Хоёулангийх нь зөв. Учир нь тэд өөрийн амьдралд олж авсан тэр үзэл бодолын нүдний шилээрээ амьдралаа харж байгаа. Тэр үзэл бодол нь ухамсарт нь гүн суусан. Өөрийн бодол өөртөө зөв гэсэн монгол ардын зүйр үг байдаг даа. Эхний хүн нь Саудын Араб ч юм уу аливаа зүйлээр дутагдах гачигдах зүйлгүй газар төрсөн байж болно. Хоёр дахь хүн нь мэдээж ямар нэгэн эдийн засгийн хувьд ч юм уу. Эсвэл сэтгэл санааны хуьд хүнд нөхцөлд төрсөн байж болно. Тэр орчин нөхцөлөөсөө авсан дүгнэлт нь түүний нүдний шил болж байгаа юм.
Тэгэхээр гол зүйлээ хэлье. Хамгийн гол нь эдгээр нүдний шилийг өөрийн хүссэнээрээ сольж чадаж байвал та үргэлж сайханыг нь сонгох болно шүү дээ. Тийм болохоор ертөнцийг үзэх үзэлээ өөрчилж сурах хэрэгтэй. Олон шил зүүж үз. Зөвхөн таньд тохирсон нүдний шил олдох болно.

Ертөнцийг үзэх үзэлээ өөрчилнө. Эсвэл би сайн хүн болмоор байна гэж хүсдэг улсууд цөөнгүй. Тэд мөн өөр шинэ хот шинэ газар очоод өөрчлөгдөнө гэж ярьдаг. Орчин нөхцөл хүнд тодорхой нөлөөлнө л байх л даа. Гэхдээ хамгийн гол нь дотроосоо өөрчлөгдөх ёстой. Өөртэй итгэлтэй, өөртөө таарсан тийм нүдний шилийг олох ёстой.
Яагаад ахмадынхаа үгийг сонс гэж монголчууд ярьдаг юм бол гэдэг дээр би дүгнэлт хийж үзлээ. Настай хөгшин улсууд олон олон нүдний шилийг амьдралынхаа турш зүүж үзсэн байдаг. Зарим нь бүр үхэхийнхээ өмнө өөртөө таарсан шилийг олдог. Зарим нь олоогүй байдаг. Товчхондоо бол энэ л юм.
Эхлэлээрээ нийтлэлээ дуусгая гэж бодлоо. Чиний дотор байгаа зүйл л миний зүйрлээд байгаа нүдний шил юм шүү дээ. Тэр дотоод дуу хоолойгоо анхааралтай чагнаж, удирдаж сурах хэрэгтэй. Тасралтгүй ярьж байдаг тэрхүү дотоод дуу хоолой чинь л чамайг удирдаж байгаа. Харин чи өөрөө түүнийг удирдах юм бол бүх зүйл сайхан болно. Санасандаа хүрнэ гэсэн үг л дээ. Хоёр үгээр хэлбэл өөрийгөө хүмүүжүүл.

No comments:

Post a Comment