Monday, October 19, 2009

2018 он хvртэл Эх орны хишгийг хvртэж чадахгvй нь
Зургаан жил дуншсан Оюу толгойн гэрээг үзэглэж, Монголын төр нэг том давааг давав. Яах аргагүй энэ УИХ, Засгийн газрын хамтын хүчин чармайлтаар эрдэнэсийн сангаа нээж чадсан нь үнэн. Гэтэл сүүлийн үед ард түмэнд шууд л бэлэн мөнгө өгчих юм шиг олон нийтийн толгойг угаасан явуургүй үйлдлүүд гарах боллоо.
Нөгөө талаар УИХ-ын эрхэм гишүүд Оюу толгойн гэрээг баталчихсан юм чинь сонгуулийн амлалт Эх орны хишиг, Эрдэнийн хувиа өгөх талаар хуралдаж эхэллээ.



Яахав Монголын төдийгүй дэлхийн хэмжээний эрдэнэсийн санг ашиглаж эхлэх гэж байгаа юм байна, ард түмэндээ дээжээс нь хэдэн цаас өгье гэсэн бодол Ерөнхий сайдын толгойд байгаа л байлгүй. Гэхдээ бас тийм биш, үүгээр далимдуулан ирэх УИХ-ын сонгуулийнхаа сурталчилгааг хийж эхлэв бололтой, энэ хоёр нам. Гишүүдийг өдөр болгон хуралдаж байна гэж сонссон энгийн иргэн өнөө маргаашгүй л 1.5 сая, 2.5 сая төгрөгөө авчих байх гэсэн горьдлого тээн бас бус өр зээл тавин амьдралаа зохицуулж явна. Гэтэл мань гишүүд чухам ямар мөнгөөр хэчнээн төгрөг өгөх гээд байгаагаа сайн ойлгохгүй байна уу, эсвэл зориуд мэдэн будлиад байна уу бүү мэд нэг л сүрхий Эх орны эрдэнийн сангийн тухай хууль хэлэлцэж сууна. Бас болоогүй 1.5-2.5 сая төгрөгөө бэлэн мөнгөөр өгөх үү, эсвэл эрүүл мэндийн даатгал, орон сууцны зээл хэлбэрээр олгох уу хэмээн тэрүүхэн тэндээ маргаж байгаа сурагтай.

Товчхондоо бол алаагүй баавгайн арьсыг хуваахтай адил зүйл болоод байх шиг. 2.5 сая битгий хэл 1.5 сая төгрөгийг ойрын тав, зургаан жилд бүтнээр нь өгчих боломж байхгүй байж юу яриад байгааг нь ойлгохгүй холбогдох мэргэжилтнүүд нь даапаалж сууна.
Оюу толгойн гэрээг байгуулснаар 2.5 сая төгрөг өгөх боломжтой болсон уу гэвэл үгүй. Ойрын арван жилд дан Оюу толгойн төслөөс орж ирсэн мөнгөөр амлаад байсан 1.5, 2.5 саяа өгчих боломж байхгүй аж.

үүнийг тодорхой баримтаар хэлье. Юуны түрүүнд Оюу толгойн гэрээ байгуулснаар урьдчилгаа 250 сая ам.доллар авах нь тодорхой болсон. Гэхдээ зүгээр ч нэг биш Засгийн газар өрийн бичиг гаргаж, гурван хувийн хүүтэй зээлнэ гэж байгаа. Дээрх 250саяын 100 сая ам.долларнь энэ сарын 20-ны дотор орж ирэх ёстой. үүний араас зургаан сарын дараа 50 сая, 2011 онд үлдсэн 100 сая нь орж ирнэ гэж байгаа. өөрөөр хэлбэл Оюу толгойгоос Монгол улсын хүртэх 29 тэрбум ам.долларын ганц хувьд нь ч хүрэхгүй мөнгийг хоёр жилийн хугацаанд авна гэсэн үг. Харин УИХ, Засгийн газар дээрх мөнгийг тараахад л сонгуулийн амлалтаа биелүүлчих юм шиг ярьж, иргэдийн тархийг угааж байгаа юм. Гэхдээ тийм биш. өнөө маргаашгүй орж ирэх 100 сая ам.долларыг нийт 2.7 сая гаруй иргэндээ хуваахад нэг хүнд дунджаар 40 ам.доллар буюу 50 мянга орчим төгрөг оногдоно. Юун 1.5 сая төгрөг. Ёстой аманд ч үгүй, хамарт ч үгүй гэсэн үг. Дээрээс нь Ерөнхий сайд С.Баярын ярьж байгаагаар эхний ээлжийн 100 сая ам.доллараас иргэдийнхээ бүртгэлийг сайжруулахад тодорхой хувийг нь зориулна гэж байгаа.

За тэгээд ирэх оны төсөв 300 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарах тооцоо гарсан, түүнийг хэрхэн нөхөх нь тодорхойгүй байгаа гээд эхний ээлжийн 100 сая, дараагийн 50 сая ам.долларыг авах татаас мундахгүй байгаа. Нөгөө талаар хоёрын хооронд 50 мянган төгрөг өгч байснаас өгөөгүй нь дээр хэмээн зарим гишүүд төдийгүй иргэд ч хэлж байгаа юм. Дөрвөн хүнтэй өрх гэхэд 200 мянган төгрөг авна. Сайндаа л хоёр сарын байрны мөнгөө төлөөд л Оюу толгойн хишиг дашийн шог болно. Ингээд үзэхээр эхний ээлжийн 100+50 сая ам.доллараас эх орны хишгийг хүртээнэ гэдэг ёстой мянгуужингийн үлгэр болно. Гэтэл ганцхан МАХН-ын сонгуулийн амлалт 1.5 сая төгрөгийг өгөхийн тулд 3.9 триллион төгрөг хэрэгтэй.

үүн дээр АН-ын амлалтад түүнийг бадатгасан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн амлалт болсон нэг сая төгрөгийг нэмэх юм бол зургаан триллион гаруй төгрөг хэрэг болно. Энэ мөнгийг хэр хугацаанд хаанаас олох вэ гэдэг асуултад хариулт байхгүй байгаа. УИХ-ын гишүүд 2012 он гэхэд 1.5 саяын 3.9 триллион төгрөгийг олж, эх орны хишгээ тараана гэж байна билээ. Энэ мөнгийг бараг л Оюу толгойгоос орж ирсэн мөнгөөр өгчих ухааны юм яриад байгаа.

Тэгвэл Оюу толгойгоос энэ онд 27.7 сая ам.доллар, 2010 онд 104.6 сая ам.доллар, 2011 онд 154.8 сая ам.доллар, 2012 онд 141.1 сая ам.долларын татварыг авах нарийвчилсан тооцоо бий. Энэ мэтчилэн 50 жилийн хугацаанд манай улс Оюу толгойгоос 29 тэрбум 84 сая ам.долларын ашиг авна. үүнээс дээрх дөрвөн жилийн орлогыг нэмээд дээрээс нь 250 сая ам.долларын урьдчилгааг нийлүүлээд 2012 он гэхэд 560 гаруй сая ам.доллар болж нөгөө 3.9 триллионы 20 хувьд нь ч хүрэхгүй байна. Нөгөө талаар Сангийн яам, үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооныхны хийсэн судалгаагаар бол Оюу толгой, Таван толгой, Нарийн сухайт, Төмөртэй, Бороо гээд стратегийн ач холбогдол бүхий 15 орд газраас орж ирэх мөнгийг 2018 он хүртэл цуглуулж байж иргэн бүрт өгөх 1.5 сая төгрөгийн 3.9 триллион төгрөгийг бүрдүүлэх аж. Хэрэв иргэн бүрт 2.5 сая гэх юм бол дахин тав зургаан жил уул уурхайгаас орж ирж байгаа мөнгийг хав дарж байж өгнө гэсэн үг. Тэгэх дээрээ тулвал улс орны эдийн засаг нурж, төсөв хоосорно гээд өчнөөн аюул заналхийлэх болно.

Бодит судалгаа тооцоо ийм. байтал эрхэм гишүүд ямар мөнгөөрөө 1.5 сая төгрөгийг 2012 онд өгөх гээд байгааг нэг л сайн ойлгохгүй юм. Сураг сонсох нь ээ Оюу толгойн мөнгөнөөс гадна бүх л уул уурхайн компаниудын ашигт малтмал ашигласны төлбөр, лиценз ашигласны төлбөр, ус ашигласны төлбөр гээд халаасыг нь нэг нэгэнгүй сэгсэрч, олсон орлогоо нөгөөх Эх орны эрдэнийн сан гэгчдээ байрлуулах юм гэсэн. Гэхдээ Монголд байгаа бүх уул уурхайн компанийн халаасыг сэгсрээд сэгсрээд 2012 гэхэд 3.9 триллион төгрөг босгоно гэдэг гонжийн жоо гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа. Товчхондоо бол иргэд хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч 2012 гэхэд 1.5 сая төгрөгийг иргэн бүрт өгч чадахгүй. Зүгээр л МАХН, АН хоёр сонгуулийн амлалтаа биелүүлж, дараагийн 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нүхээ малтаж иймэрхүү зүйл ярьж байна гэхэд болно. Эхнээсээ л энэ хоёр намын амлалт ямар ч ирээдүйгүй гэдгийг эдийн засагчид хэлж байсан.

Одоо яаж ч тооцоолоод сонгуулийн амлалтыг өгөх боломжгүй байхад тухайн үед юу бодож энэ мөнгийг амласан юм бол гэдэг нь сонин.
Чухам бие биенээсээ өрсөн байж ийм мөнгийг амласан гол үндэслэл нь зэсийн үнийг 9000 ам.доллараас өндөр байна гэж тооцоолсных. Дэлхий нийтийн санхүү эдийн засгийн хямралыг тооцоолоогүй, зэсийн үнэ навс унана гэж зүүдлээгүй байсан эрхэм гишүүд одоо толгойгоо шааж, яаж ийж байгаад л 1.5 сая төгрөгийг өгөхөөр махийж байгаа бололтой. Яахав өгвөл сайн л биз. Харин ард нь улс орны эдийн засаг л улам доройтож мэднэ.

No comments:

Post a Comment