Monday, October 19, 2009

ГАХАЙН ХАНИАДНЫ ОДООГИЙН БАЙДАЛ

Тусгаарлан эмчлүүлж байгаа 30 хүний 13 нь А хүрээний Эйч1 Эн1 вирусээр өвчилсөн болох нь тогтоогдсон. Харин үлдсэн 17 хүнийх нь шинжилгээний хариу хүлээгдэж байгаа юм байна. Энэ сарын 13-нд манай улсад эхний харанга дэлдсэн гахайн ханиадаар нийт 28 хүн өвчилсөн ч 15 нь бүрэн эдгэрч, эмнэлгээс гараад байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Халдвар тээгч болон шинж тэмдэг нь илэрсэн 6-49 насны хүмүүс ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол тэдний 70% нь сургуулийн насны хүүхдүүд гэж байлаа. Энэ дотор архаг хууч өвчтэй болон чихрийн шижинтэй 3-н хүний биеийн байдал бусдыгаа бодвол харьцангуй хүндэвтэр байгаа талаар тандалт судалгаа хариуцсан дэд захирал Сүрэнханд хэллээ.
Харин эдгээр хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалж үлдэх бусдад халдварлуулахгүй байх гол хүчин зүйл вакцин хэзээ манай улсад орж ирэх вэ. Энэ талаар ДЭМБ Монгол Улсыг хэр хэмжээтэй вакцин авахаа мэдэгдэхийг хүссэн захидал илгээсэн. 24 цагийн дотор ЭМЯ-д эргэн хариу явуулснаар эхний 5 оронд багтан ирэх сарын эхээр эх орондоо нийлүүлэхээр болсон байна.
Дэлхийн 100 гаруй оронд тархаж 4500 хүн өвчлөн нас бараад байгаа А хүрээний Эйч1 Эн1 вирусын халдвар манай улсад орж ирснээс эхлэн онц шаардлагатай арга хэмжээ бүрийг авч ажиллаж байгаа ЭМЯ амралтын энэ өдөр ч нийслэл хотын эрүүл мэндийн нэгдэл өрхийн эмнэлгүүд дээр ажиллаа. Ламбаа сайдаар ахлуулсан ажлын хэсэг СХ, ХУ дүүргүүд дээр ажилласан бол, дэд сайд Цолмонгоор ахлуулсан ажлын хэсэг БЗД дээр ажиллажээ. Яамнаас томилогдон ажилласан ажлын хэсгийн гол зорилго нь 1,2-р шатлалын эрүүл мэндийн төвүүд хэрхэн өндөржүүлсэн байдалд ажиллаж иргэдэд үйлчилж байгаа талаар танилцсан байна.
Нэг дүүрэг дээр ганц шөнийн дотор л гэхэд 120 гаруй дуудлагатай хоносон байна. Энэ нь иргэд өөрсөддөө тавих анхаарлаа эрс нэмэгдүүлж байгаа сайн тал гэж сайд сайшаалаа. Харин хүндрэлтэй тал гэвэл ханиад томуугийн дэгдэлт ид гаарч эхэлдэг 9-10-н сард А хүрээний Эйч 1 Эн 1 вирусын шинэ халдвар гахайн ханиад манай улсад бүртгэгдэж ижил төстэй шинж тэмдэгээр илэрч байгаа нь онош тогтооход амаргүй байгаа тухай хэлсэн байна. Амралтын энэ өдөр ЭМЯ-аас явсан гэнэтийн шалгалтаар ХУД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн удирдлага эзэнгүй байжээ. НЗД шийдвэр гарч өндөржүүлсэн байдал зарлачихсан байхад эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа дарга, цэрэг, хэнбугай нь амрах эрхгүйг сайд хэлсэн. Ингэж байж л хамтдаа энэ өвчний дэгдэлтийг дарж даван туулна гэлээ.

No comments:

Post a Comment