Saturday, October 24, 2009

Мянганбаяр: "Хайр сэтгэлийг мөнгөөр худалдаад л авчихдаг"

Монголын сор болсон хүүхнүүдээр чимж явсан үе ч байдаг. Гэтэл ойрд таныг насанд хүрээгүй жаахан охинтой орооцолдсонд хүмүүс ам муутай байна лээ?

Би Гонконг яваад ирэх хооронд ийм цуурхал тарсан байна. Болдын “Захидал” дууны клипэнд тоглосон 15 настай жаахан охинтой ор дэрний асуудалтай гэж зарим хэвлэлээр гарсан байхыг олж хараад их л цочсон. Тэр охиныг таних ч үгүй юм билээ. Яагаад ийм яриа гараад байгааг ч ойлгохгүй юм даа. Би хайр дурлал, сэтгэлийг мөнгөөр худалдаж авахыг хүсдэггүй. Мөнгөөр худалдаж авч болдог юм байна, болохгүй ч юм байна.


Хүний анхны амьдрал хэзээ ч мартагддаггүй сайхан дурсамж, харууслаар дүүрэн байдаг шүү дээ. Эргээд бодоход ямар санагдах юм. Анхны эхнэртэйгээ болон хүүхдүүдтэйгээ уулздаг биз дээ?

Уулзалгүй яахав. Одоо эхнэр маань бас өөр хүнтэй суугаад үр хүүхэдтэй болсон. Сайхан дурсамжууд зөндөө бий. Хүний л амьдрал юм чинь алдаж онох юм их байсан. Одоо ингэж яриад дэмий байлгүй. Амьдралдаа алдаагүй эр хүн байхгүй байхаа. Тэгэхдээ би хэзээ ч хүн чанараа алдахгүй гэдгийг л хэлмээр байна.
Таныг нэр холбогдож явсан хүүхнүүдээс топ модель Пүрэвсүрэнд их ам сайтай гэдэгсэн?

Пүүжээ их ухаантай бүсгүй л дээ. Өөр юу гэхэв дээ. Би бүсгүйчүүдийг их хүндэтгэж, дээдэлж явдаг. Би чинь ээжтэй, эхнэртэй, охинтой хүн болохоор энэ хүмүүс шигээ л бодож явсан минь заримдаа алдаа болж байсан юм. Бид нар сайхан найзууд бие биедээ туслаж дэмжиж явдаг.

Уучлаарай. Та сая “би хэзээ ч хүн чанараа алдахгүй” гэж ярилаа. Гэхдээ Пүрэвсүрэн танаас салсныхаа дараа “Би Мянгаагийн гэрээс охиноо тэврээд, хэдэн хувцсаа боож аваад л гарсан” гэдэг яриа өгсөн байсан?

Пүрэвсүрэн залуу хүн. Дахиад шинэ амьдрал зохионо. Олон хүн дотор амьдарна. Тиймээс би тэр хүний талаар элдэв муу үг унагаад баймааргүй байна. Мэдээжээр гэр бүл салахад ганцхан хүний буруу байхгүй. Би л ганцаараа болж бүтэхгүй байсан юм биш. Тэр хүнтэй ханилж үр хүүхэдтэй болчихоод юу ч үгүй хоосон явуулчихсан ч юм байхгүй. Бид хоёрт тохирсон ярьсан зүйл бий. Би эр хүн. Хүний үг болгоны араас хэрүүл хийгээд “Би тийм юм өгсөн, тэр тийм юм авсан” гэж ярих утгагүй биз дээ.

Та одоо тогтож суурьшсан амьдралтай болох цаг болсон юм биш үү? Мянганбаяр дандаа л саллаа нийллээ гэдэг үгнээс залхахгүй байна уу?

Мэдээж дотроо бодож л байна. Гэхдээ хүний санаснаар болохгүй зүйл олон байна шүү дээ. Миний ажил урагштай, бүтэмжтэй байгаа. Хувийн амьдрал маань бүтэлгүйтэх тохиолдол гарч байна. Бүх юм тэгш байх албагүй. Хэзээ нэг цагт хувийн амьдрал тэгшрэх байлгүй дээ.

Та жаахан хүүхэд биш шүү дээ. Олон хүүхнүүдтэй нэр холбогдохоос залхахгүй байна уу? Хувийн амьдралаа бүтэлгүйтэхэд та өөрийгөө буруутгадаггүй юм шиг санагддаг?

Мэдээж миний буруу байгаа. Тэглээ гээд би хувийн амьдралаа олонд дэлгээд байхыг хүсдэггүй. Би хүн болгоны уншчихаад чулуудчихдаг ном биш. Үр хүүхдээ бодсон ч, эмэгтэй хүнийг бодсон ч олон зүйл яриад байх шаардлагагүй гэж үздэг. Намайг олон юм ярьдаггүй болохоор сонин хэвлэлийнхэн санаанд орсон хүн болгонтойгоо холбоод бичээд байдаг болчихож. Бүр сүүлдээ Болдын клипэнд тоглосон хүүхэн болгонтой холбох бололтой. Би чинь хүн шүү дээ. Болдыг авъяастай, маш их хөдөлмөрч хувийн зохион байгуулалт сайтай учраас дэмждэг. Ивээн тэтгэдэг.
Та Болдыг 100 хувь ивээн тэтгэдэг хэрэг үү? Та хоёрын дунд ямар нэг бизнесийн гэрээ хэлцэл байхгүй гэж үү?

Байхгүй. Би ямар ч ашиг хардаггүй. Хааяа ч гэсэн юм болгоныг зоосны нүхээр харахаа боль л доо.

Та Дизайнеруудын холбоог ивээн тэтгэдэг. Тэнд сонгуульт ажилтай хүн. Гэвч “Гоёл” наадмыг Мянганбаярын эхнэрийг тодруулах гэж зохиодог гэсэн онигоо хүртэл гарчихсан байна билээ?

Манайхан үнэхээр юмыг сайхнаар харж чадахаа больчихож. Энэ инээдэм биш шүү. “Гоёл” наадам олон жил зохиогдож байгаа маш том арга хэмжээ. Эндээс олон сайн дизайнер төрж гарсан. Тэдний “Гоёл”-д түрүүлсэн загвар хамгийн өндөр үнээр үнэлэгддэг. “Гоёл” наадмаас төрж гарсан загвар өмсөгчид Монголын нүүр царай болоод, реклам клипэнд тоглоод бүгд л сайн сайхан амьдарч байгаа. Үүнийг үгүйсгээд ганц хүний хувийн амьдралтай холбоод сууж байна гэдэг утгагүй арга ядсан л зүйл.

No comments:

Post a Comment