Sunday, December 13, 2009

Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний 44.4 хувь нь баталгаажаагүй дүгнэлттэй байжээ

Зах зээлд чанарын баталгаатай эсэх нь тодорхой бус хүнсний нэмэлт бүтээгдэхүүн худалдаалагдсаар байна. Үүний дагуу Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн худалдаалдаг нийт 249 аж ахуй нэгж, 223 иргэнд шалгалт хийжээ
.

Шалгалтын явцад 44.4 хувь нь дүгнэлт баталгаажилтгүй, 22.2 хувь нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, үлдсэн буюу 11.1 хувь нь тусгай зөвшөөрөл аваагүй, шошгын зөрчилтэй, хадгалалтын хугацаа дууссан зэрэг зөрчлүүдийг орон нутагт илрүүлсэн байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.21 дүгээр зүйлд “Биологийн идэвхит бүтээгдэхүүн” /БИБ/ гэж хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжиж, шаардлагатай бодис, илчлэгийг нөхөх үйлчлэл бүхий бүтээгдэхүүнийг хэлнэ” гэж заасан байдаг.

БИБ нь амьдралын явцад хүний биеийн эд, эс эрхтэний тогтолцооны бүтцийг бүрдүүлэгч элементүүдийн алдагдлаас сэргийлж, гэмтэж муудсан эд эсийг нөхөн сэргээх ач холбогдолтой юм. Түүнчлэн биед дутагдсан биологийн зүйлсийг гаднаас нөхөн сэргээх үйлчилгээтэй талаар мэргэжилтэн ярилаа.

Тус бүтээгдэхүүнийг ихэвчлэн хүнсний худалдаа үйлчилгээний цэг /38.9%/, эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага /48.9%/, мэдээллийн цэгүүдэд /1.2%/ худалдаалдаг гэнэ.

МХЕГ-аас энэ ажлын хүрээнд 19 нэр төрлийн 1273970 төгрөгийн бүтээгдэхүүнийг устгуулахаар комисст шилжүүлж, хууль бусаар олсон 587190 мянган төгрөгийг улсын орлого болгожээ. Харин 19 нэр төрлийн 11312 ширхэг бүтээгдэхүүнийг битүүмжилж, 11 нэрийн 387375 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авсан байна.

Энэ ажлын хүрээнд мэргэжилтнүүд улсын бүртгэлд бүртгэгдсэн импортын БИБ-ийн тоо жилээс жилд нэмэгдэж, 150 орчим аж ахуй нэгжийн 972 нэр төрлийн бүтээгдэхүүн бүртгэгдсэн байгааг тогтоожээ.

Харин зарим эрүүл мэндийн байгууллагын ирүүлсэн мэдээллээс үзэхэд, уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэнтэй холбоотой өвчин, хүний биед гарсан эмгэг өөрчлөлт, хордлогын талаарх тохиолдол бүртгэгдээгүй аж.

No comments:

Post a Comment