Sunday, December 13, 2009

“Эвт” мастер кросс Ш.Гомбодоржийнх болов

“Эвт” мастер кросс Ш.Гомбодоржийнх болов
Монголын автомастерууд энэ амралтын өдрөөр "Айдсын даваа"-нд цугларлаа. Цастай, гулгаатай, бартаат зам дээр өөрсдийн ур чадвараа сорихоор 32 тамирчин хүрэлцэн иржээ. Тэдгээр тамирчны хэн нь "Эвт мастер кросс"-т түрүүлж, үзэгч олныхоо сэтгэлийг баясгах вэ зэргийг сурвалжлахаар явлаа. Нийслэлд ойрын хэдэн өдөр цас ороогүй ч "Айдсын даваа" зарим газраа гутлын түрүү давам хур тунадастай байна лээ. Тунгалаг агаар, утаагаар халхалагдаагүй нарны цацраг хотын бидэнд сайхан санагдлаа. Гэхдээ үзэгчдийг орилуулж, зарим хүний нүднээс нулимс унагаж, догдлуулсан зүйл автомашины уралдаанаас өөр байсангүй. Нялхсаа тэвэрсэн эхчүүд "Тэр түрүүлнэ, үгүй тэр, тэдэн төгрөгөөр барилаа" шүү гэж бооцоо тавих залуус, мөн уралдаан үзэхийн хажуугаар хуушуур, цай, гамбургер зарах хүмүүс гээд л "Айдсын даваа"-ны энгэрт бага зэргийн наадам болов.
Энэ удаагийн "Эвт мастер кросс" тэмцээнд оролцож буй 32 тамирчныг дөрвөн гараа болгон уралдууллаа. Бүх гарааг хүмүүс түгшиж, сэтгэл догдлон үзсэн ч хамгийн сонирхолтой нь хоёрдугаар гараа байв. Учир нь "Энэ тэмцээнд хэн түрүүлэх вэ" гэх асуултад ихэнх үзэгч "Ш.Гомбодорж, Д.Болдбаатар хоёрын нэг л түрүүлнэ байх" гэж хариулж байсан юм. Тэгвэл тэд сугалаагаар хоёрдугаар тойрогт таарсан байв. Гараанаас эхлэн "Алтайн бугат" ХХК-ийн тамирчин Ш.Гомбодорж тэргүүлж, "Морьтхангай" ХХК-ийн тамирчин Спортын мастер Д.Болдбаатар ч "ана мана" өрсөлдсөөр явлаа. Тус тэмцээний зам шулуун холын атлаа огцом эргэлт олонтой байв. Хоёрдугаар тойргийн уралдаанд хоёрхон тойрог дутуу байхад Ш.Гомбодоржийн араас нэхэж байсан Д.Болдбаатар огцом эргэлт дээр онхолдож үзэгчдийг гонсойлгов. "24" дугаартай түүний машины дөрвөн дугуй дээшээ харж, утаа гарч эхлэхэд автомашин сонирхогчид аврагчдыг "Хурдан яваач ээ" гэж байлаа.
Гэвч удалгүй Д.Болдбаатар машинаа босгож, уралдааны замаа дуусгахаар хөдөллөө. Өмнө нь олон түрүүг авч байсан түүний хувьд энэ удаагийн тэмцээний финалд үлдэж чадсангүй. Үүнийг зарим үзэгч "Аавын хүү ээлжтэй" хэмээн хүлцэнгүй хүлээж авсан бол , харин нөгөө хэсэг нь "Эвт мастер кросс" уул нь Ш.Гомбодоржийнх биш Болдоогийнх болох байсан" хэмээн харамсангуй хүлээж авсан юм. Ийнхүү "Алтайнбугат" ХХК-ийн тамирчин "68" дугаартай Ш.Гомбодорж түрүүлэх нь тодорхой болов. Тэрбээр финалд үлдсэн 18 тамирчны манлайд нь явсаар тэмцээнийг өндөрлүүлэв. Мөн энэ амжилт нь түүнд 2009 оны "Автомастеруудын холбооны шилдэг тамирчин" гэдэг шагналыг зэрэг авчрах нь ойлгомжтой болжээ. Удаах байрт "Төмөртранс" ХХК-ийн Ж.Төрмөнх, "Алтайн бугат"-ын Ш.Гансүх нар эхний гурван байрт шалгарлаа. Энэ удаагийн "Эвт мастер" тэмцээнийг ивээн тэтгэсэн компани шагналаа гардуулж, эр зоригийн эзэд маань медалиа зүүж, ёслолын дарсаа буудуулсных нь дараа тамирчдын сэтгэгдлийг сонслоо.
Ш.Гомбодорж: Жолоочийн гэхээсээ илүү машины хүчийг их шалгалаа
-Юуны өмнө танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ оны хамгийн сүүлийн тэмцээнийг "Эвт компани" ивээн тэтгэж байна. Тамирчдын ур чадварыг шалгасан сайн тэмцээн боллоо. Миний хувьд тэмцээнд түрүүлж алтан медаль авсандаа маш их баяртай байгаа.

-Уралдааны зам хэр байна вэ?
-Гулгаа ихтэй байна. Мөн нэг эгзэгтэй зүйл нь гулгаатай байна даа гэж бодоод явж байхад гэв гэнэт шороо гарч ирээд машин уначих гээд байна. Ер нь их ур чадвар шаардсан халтиргаатай хэцүү зам байлаа.

-Өмнөх тэмцээнүүдээс ямар онцлогтой байв?
-Уралдааны замыг их урт хийжээ. Мөн жолоочийн гэхээсээ илүү машины хүч тамирыг шалгаж байсан. Шулуун зам огцом эргэлт ихтэй байна. Мэдээж өндөр хурд авчихаад огцом эргэлт хийнэ гэдэг бол яалт ч үгүй тамирчдын ур чадварыг шаардах хэрэг.

-Бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?
-Гурав дөрөв хоногийн өмнөөс "Алтайн бугат", “Төмөр транс"-ынхан нийлж бэлтгэлээ хийсэн. Бэлтгэлийн үр дүн ч гарлаа.

Ж.Төрмөнх: Жаахан буруу эргэхлээр л уначих гээд байсан
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв аа?
-Бүгд л их хүчирхэг байсан. Гэхдээ сүүлийн хэдэн тойрогт Ш.Гансүхтэйгээ үзсээр байгаад л хоёрт орж ирлээ. Маш их баяртай байна.

-Ямар тактик боловсруулж оролцсон бэ?
-Айхтар боловсруулсангүй. Гэхдээ ямар ч байсан сайн уралдахыг хичээсэн. Зам их хэцүү байлаа. Жаахан буруу эргэхлээр л уначих гээд байсан.

-Дараагийн оролцох томоохон тэмцээн юу байна?
-Одоо он гараад манай холбооны цуврал тэмцээнүүд болно. Хамгийн түрүүнд ирэх нэгдүгээр сард "Алтайн бугат" компаний нэрэмжит тэмцээнээр эхлэх байх. Түүндээ л амжилттай оролцож амжилтаа батална гэж бодож байна.

Ш.Гансүх: Сайн бэлтгэл хийсний үр дүн гарлаа
-Таны төрсөн дүү түрүүллээ. Мөн та гуравдугаар байрт шалгарлаа сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Сайхан байлгүй яахав. Монголын автомастеруудын холбооноос зохион байгуулсан "Эвт мастер кросс" маань амжилттай болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд оролцсон бүх тамирчиддаа баяр хүргэе. Миний дүү түрүүллээ. Мөн миний хуурай дүү хоёрдугаар байрт орлоо. Их сайн байна.

-Ер нь та өрсөлдөгчдөөсөө юугаараа илүү байсан гэж бодож байна?
-Миний хувьд зарим тамирчдаас туршлагаараа илүү. Мөн заримаас нь ур чадвараараа илүү байсан юм байлгүй дээ. Мөн сайн бэлтгэл хийсний үр дүн гэж бодож байна.

-Зам их халтиргаатай байв уу?
-Тиймээ. Их шулуун мөртлөө ур чадвар шаардсан. Цастай газар хөлдүү учраас гулгаа ихтэй эргэлт хийхэд хэцүү байлаа.

No comments:

Post a Comment