Sunday, December 13, 2009

Нам дахь байдал нь эвгүйтсэн учир МАХН-ын хотын бүлэг, У.Хүрэлсүх нар бага хурлаа хойшлуулав бололтой

УИХ- хоёр жил болоод байнгын хороодын дарга нараа сольдог. Тиймээс өнгөрсөн долоо хоногт байнгын хороодын дарга нараа шинэчиллээ.

Засгийн газарт хамтарч буй гол хоёр нам долоон байнгын хороогоо дөрөв, гурваар хувааж авсан харьцаа хэвээр хадгалагдлаа. АН-ын тухайд эдийн засгийн байнгын хороог Ц.Баярсайхан, аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог З.Энхболд, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хороог "Молекул" хэмээх Батж.Батбаярт хариуцуулсан хэвээр үлдээлээ. Үүнийг АН-ын гол фракц УИХ дахь бүлэгтээ цөөнх болж яваатай холбон тайлбарласан мэдээлэл их байна.

Тэгвэл МАХН-ынхан дөрвөн байнгын хорооны даргаа солих, УИХ дахь бүлгийнхээ дэд даргыг томилохын төлөө бараг л цус нөжөө асгаруулж, намаа тараачхыг шахав. МАХН-ын бүлгийн дэд дарга асан Г.Занданшатар гадаад харилцааны сайд болсон учир түүний оронд Ж.Энхбаярыг намынх нь удирдах зөвлөл өрсөлдөгчгүйгээр зүтгүүлэв. Тэгмэгц Л.Энэбиш агсны хүү Э.Мөнх-Очир гишүүн эсэргүүцэж намынхаа генсек У.Хүрэлхүүтэй чи, би-дээ тулан эцэстээ намын байран дахь түүний өрөөнд очин шанаа авснаар дуусах нь тэр. Гэхдээ Ж.Энхбаяр биш танхимаас нэр дэвшсэн Д.Дондог бүлгийнхээ дэд даргаар тодров.

УИХ-ын байнгын хороодын дарга нарын тухайд намын бодлого нэрээр удирдах зөвлөлдөө дэмжигсэн гишүүд нь өрсөлдөгч хоёроор нэр нь гарсан нөхөддөө ялагдлаа. Ингэснээр төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ө.Энхтүвшин улирч, Д.Арвин нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороог, Б.Бат-Эрдэнэ аварга хууль зүйн байнгын хороог, Ц.Даваасүрэн төсвийн байнгын хороог тус тус удирдахаар боллоо.

Эдгээр томилгооноос харахад, С.Баярын бие өвчилж, хүндрэх үеэс хэтэрхий дураараа өөрсдийн хүнийг намынхаа ч, төрийн ч албанд зүтгүүлэн гаргаж чадсаар ирсэн хотын бүлгийнхэн, тэдэнтэй нэг санаатай явах болсон генсек У.Хүрэлсүх, түүнийг дагасан залуучуудын бүлэглэлд хэт даврах хэрэггүйг сануулсан хэрэг болсон гэж үзэх хүн олон байна. Намынх нь дотоод байдал ийнхүү эвгүйдэж эхлээд байгаагаас эмээсэн хотынхон болоод У.Хүрэлсүх нар энэ сарын 17-нд товлоод байсан намынхаа Бага хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулан гэх сураг ч бас байна. Тэгээд МАХН-ынхан намын Бага хурлаа хойшлуулсан шалтгаанаа аймгуудын дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгч нарыг орон нутагт нь байгалийн бэрхшээл гарчихсан байхад нийслэлд дуудаад байх зохимжгүй хэмээн аргалж байгаа гэнэ.

Үнэндээ бол Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө болоод хойших бүтэн жилийн хугацаанд хотынхон, У.Хүрэлсүхийн залуус хамтран бүхий л томилгоог хийж бусад бүлэглэлүүд болон  гишүүддээ бараг боломж олгохгүй байсаар ирсэн. Тиймээс харьцангуй бие даасан төр засгийн болоод намынхаа үйл ажиллагаанд өөрсдийн санал бодлыг нэмэрлэх эрхээр давуу УИХ-ын гишүүд нь намын удирдлагын нэрээр далайлгасан нөхдийнхөө эсрэг нэгдэж эхэлсэн нь энэ. Үүнийг байнгын хорооны дарга нарын томилгооны үеэр харж хурлаа хойшлуулж цаг хожиж байгаа хэрэг гэнэ.

Өмнө нь, өнгөрсөн намар хийх ёстой байсан намынхаа ээлжит их хурлыг ирэх оны эхээр хийхээр хойшлуулсан билээ.

No comments:

Post a Comment