Sunday, December 13, 2009

Пхеньян АНУ-тай хамтран ажиллахыг зөвшөөрлөө

Пхеньян АНУ-тай хамтран ажиллахыг зөвшөөрлөө
АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Босуортын Пхеньянд хийсэн айлчлал багагүй амжилт оллоо.

Түүний Хойд Солонгосын удирдлагуудтай хийсэн яриа хэлэлцээр гурван өдөр үргэлжилжээ. Яриа хэлэлцээрийн дараа Хойд Солонгосын гадаад явдлын сайд албан ёсны мэдэгдэл хийсэн байна.

Гадаад явдлын сайд мэдэгдэлдээ "Хоёр тал харилцан ойлголцлоо гүнзгийрүүлж, зөрүүтэй санал бодлоо нэгтгэж чадлаа. Зургаан талт хэлэлцээрийг сэргээх талаар тохиролцоонд хүрсэн" гэжээ.

Пхеньянд болсон яриа хэлэлцээр Барак Обамаг Цагаан ордонд ирснээс хойш АНУ, БНАСАУ-ын хооронд хийсэн анхны албан ёсны уулзалт болж байна.

Хойд Солонгос Бээжинд болж байсан зургаан талт хэлэлцээрийг энэ оны эхээр орхисон. Энэхүү хэлэлцээрт АНУ, Хятад, ОХУ, Япон, Хойд болон Өмнөд Солонгос оролцож, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээсээ татгалзаж хариуд нь олон улсын эдийн засгийн тусламж, аюулгүй байдлын баталгаа өгөх талаар ярилцаж байсан юм.

Тусгай элч Босоуртын айлчлалын нэг гол зорилго нь Хойд Солонгос хэлэлцээрийн ширээний ард эргэн суусан тохиолдолд ямар ашиг тустай болохыг Пхеньянд ойлгуулах явдал байжээ. Үүнийгээ ч муугүй биелүүлсэн бололтой. Одоо тэрбээр Токио, Бээжин, Москвагаар орж Пхеньянд хийсэн яриа хэлэлцээрийнхээ үр дүнг танилцуулах аж.

No comments:

Post a Comment