Sunday, December 13, 2009

Венесуэл Куба хамтран гурван тэрбумын төсөлд гарын үсэг зурлаа

Венесуэл Куба хамтран гурван тэрбумын төсөлд гарын үсэг зурлаа
Бямба гаригт Куба Венесуэл хоёр улсын тал Венесуэлийн нийслэл Каракас хотод гурван тэрбум ам.долларын өртөгтэй төсөлд гарын үсэг зурцгаажээ.

Венесуэл улс бол ОПЕК-ын гишүүн орон. Сүүлийн жилүүдэд Кубын эрчим хүч, худалдааны гол түшиг орон болж байгаа юм. Мөн эдийн засгийн хямралын үед Кубэд өдөрт 98 мянган баррель нефть тээвэрлэж байжээ.

"Бид 2.951 тэрбум ам.долларын өртөгтэй 264 баримт бичигт гарын үсэг зурсан" гэж Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавез телевизийн ярилцлаганд орох үедээ хэлсэн аж. Мөн энэ сарын эцсээр холбогдох 20 орчим гэрээ бичигт үзэглэнэ гэжээ.

Хамтарсан төсөлд эрүүл мэнд, загасчлал, боловсрол, спортын арга хэмжээнүүд болон хоёр орныг хамарсан элсэн чихэр, хөнгөн цагаан, тээвэрлэлтийн систем, газар тариалан эрхлэлтийн талаар голлон анхаарсан аж.

Куба бол түлш эрчим хүч, хоол хүнснийхээ дийлэнхийг импортоор оруулж ирдэг орон. Харин үүний төлбөрт нь Венесуэлийн талд 40 мянган эмч, мэргэжилтнүүдийг ажиллуулахаар болжээ. Хоёр орны хоорондох худалдаа маш их нэмэгдэж байгаа аж. Өнгөрсөн жил гэхэд 5.28 тэрбум ам.долларын худалдаа хийжээ.

No comments:

Post a Comment