Sunday, December 13, 2009

Өмнөд Солонгосын хагас хамгаалагч Ки “Селтик”-т хүчин зүтгэхээр болов

Өмнөд Солонгосын шигшээ багийн хагас хамгаалагч Ки Сүн-Юүн Шотландын хүчирхэг баг болох “Селтик”-тэй дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Шотландын Премьер лигийг тэргүүлж буй “Селтик” энэ талаар албан ёсны вэбсайтдаа мэдээлсэн бөгөөд гэрээ 3.6 сая ам.доллараар үнэлэгдсэн байна. Кигийн гэрээ 2010 эхээр хүчин төгөлдөр болох гэнэ.

Өдгөө 20 настай Ки 2009 оны Ази тивийн шилдэг залуу тоглогчоор шалгарсан бөгөөд Европын томоохон клубуудтэй нэр холбогдсоор байсан юм. Тэрбээр улсынхаа шигшээ багийн төлөө 17 тоглолтод оролцсон бөгөөд ирэх жил Өмнөд Африкт зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын бүхий л тоглолтод оролцжээ. Ки “Селтик”-т хүчин зүтгэх болсон тухайдаа “Миний хувьд арвин түүхтэй, дэлхийн хэмжээнд танигдсан “Селтик” клубтэй гэрээ байгуулсандаа туйлын их баяртай байна. “Селтик”-ийн хөгжөөн дэмжигчид дэлхийн өнцөг булан бүрт бий. Тиймээс би багийнхаа фанат, хөгжөөн дэмжигчдэд өөрийн чадвараа харуулахын тулд бүхий л чадвараа дайчлах болно. Намайг Австралид амьдарч байх хугацаанд миний тоглож байсан багийн дасгалжуулагч “Селтик”-ийн шүтэн бишрэгч байсан. Тэр цагаас хойш би энэ клубт их дуртай, үнэнч хөгжөөн дэмжигч нь болсон юм. Харин одоо энэ гайхалтай багт хүчин зүтгэх болсон нь миний мөрөөдөл биелж байгаа хэрэг юм” гэжээ. Харин “Селтик”-ийн ахлах дасгалжуулагч Тони Маубрей “Китэй гэрээ байгуулсан талаар мэдэгдэж байгаадаа баяртай байна. “Селтик”-т хүчтэй нөлөө үзүүлж чадахуйц чадварлаг, авьяаслаг тоглогч гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

No comments:

Post a Comment