Sunday, December 13, 2009

С.Цогтбаяр: Хүйтэн дайны үеийнх шиг тархи угаалт их байна

С.Цогтбаяр: Хүйтэн дайны үеийнх шиг тархи угаалт их байна
-Аян замын сониноос...-

МУГЖ  Д.Сосорбарам, шог зураач С.Цогтбаяр, “Гамма” гэрэл зургийн агентлагийн захирал С.Цацралт
нар бидний төсөөлдгөөр хаалттай ертөнц мэтээр оршдог Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсад 10 хоногийн уран бүтээлийн аялал хийж, сонин сайхан дүүрэн ирсэн байна.  Энэ үеэр гэрэл зургийн “Гамма” агентлагийн захирал С.Цацралт уран бүтээлийн үзэсгэлэнгээ БНАСАУ-ын иргэдэд зориулан гаргаад иржээ.

Коммунист дэглэмтэй улсад аялаад ирсэн тэдний сонин хачныг хуваалцахаар шог зураач С.Цогтбаяртай уулзсанаа та бүхэнд хүргэж байна.

-Уран бүтээлийн олз омог их байгаа байх. Сүүлд явсан газрынхаа сонин хачнаас хуваалцахгүй юу?
-МУГЖ Д.Сосорбарам, “Гамма” гэрэл зургийн агентлагийн захирал С.Цацралт зэрэг бидний хэдэн нөхөд  хойд Солонгос улсад аялал хийгээд, тус улстай танилцаад ирлээ. Гол зорилго нь Пхеньян хотод суугаа Монголын элчин сайдын яамны урилгаар уран бүтээлийн үзэсгэлэн гаргахаар яваад ирсэн юм.



С.Цацралтын Монголын байгалийн үзэсгэлэнт газруудын гэрэл зургийн үзэсгэлэнг Солонгосын ард түмэнд зориулан гаргасан.

Миний шог зургийн үзэсгэлэнд бага зэргийн саад бэрхшээл тохиолдоод зөвхөн Пхеньян хотод суугаа элчин сайдуудад үзэсгэлэнгээ үзүүлсэн.

-Ямар бэрхшээл тохиолдоод Таны үзэсгэлэн нийтэд хүрч чадаагүй юм бол?

-Яг цагаа тулсан чинь бага зэргийн үзэл суртлын шалтгаанаар миний уран бүтээлийг нийтэд үзүүлэхийг хориглосон зүйл гарсан. Гэхдээ энэ хотод гадны хүн очоод ямар нэгэн байдлаар шог зургийн үзэсгэлэнгээ гаргана гэдэг том амжилт.

-Аяллын сонин сайхнаасаа хуваалцахгүй юу. Адал явдал дүүрэн байсан байх?

-Хойд Солонгост очиход  бидэнд өөрийнхөө өнгөрсөн үед эргэж очиж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн.




1990 оноос өмнө бид яг ижил системтэй  байсан. Коммунист дэглэмтэй. Дэлхий дээр байгаа социалист, коммунист дэглэмтэй цөөхөн улсын нэгд очоод их сонин мэдрэмжийг олж авлаа.

Одоо энэ дэглэм бодитоор оршин тогтнож байгаа Куба, Хятад, Вьетнам, Хойд Солонгос гэсэн л улсууд байна.

Хойд Солонгост очоод ирэхээр бид өөрсдөдөө байгаа үнэт зүйлээ олж харж болох сайн талтай. Бидэнд харьцуулах зүйл байхгүй болохоор өөрсдийнхөө байгаа байдлыг тийм үнэ цэнэтэйгээр хардаггүй юм байна л даа. Байгаа байдалдаа дасчихсан. Тэнд очоод бид ямар их эрх чөлөөтэй, ямар их боломжин дээр амьдарч байгаагаа мэдэрсэн. Ялангуяа уран бүтээлч хүний хувьд их боломж байгааг ойлгосон.

Гэхдээ Хойд Солонгост иргэд нь хатуу дэглэмд амьдарч байгаа ч угийн хөдөлмөрч, сонгосон үзэл бодолдоо үнэнч байдал нь харагдаж байсан.

Миний ойлгосноор одоо байгаа хатуу үзэл суртлаа зөөлрүүлээд, нээлттэй бодлого явуулаад, эдийн засгаа сэргээгээд, технологийн хоцрогдлоо арилгачих юм бол хөгжихөд ямар ч асуудал алга. Өөрөөр хэлбэл хот төлөвлөлт, дэд бүтэц зэрэг нь ямар ч улсаас дутахааргүй юм билээ.

-Түүхэн дурсгалт газруудаар мэдээж  явсан байх. 38 дугаар өргөрөг зэрэг.

-Ким Ир Сены бунхан, Ким Ир Сен, Ким Чен Ир нарын бэлгийн музей, Үндэсний номын сан, 38 дугаар өргөрөг буюу өмнөд, хойд Солонгосын хилийн зурвас зэргийг Элчин сайдын яамнаас уйгагүй хөөцөлдөж байж биднийг үзэхийг зөвшөөрсөн. Ялангуяа 38 дугаар өргөрөг бол дэлхий дээр оршин тогтнож байгаа маш сонин үзэгдлүүдийн нэг. Нэг улс хоёр хэсэг болчихсон. Хоёр өөр нийгэмд хуваагдчихсан гэдэг.





Өмнө нь бол баруун, зүүн Герман гэж байсан. Бүр өмнө нь Вьетнам хоёр хэсэг байсан. Одоо дэлхий дээр цорын ганц хоёр хуваагдсан улс нь Солонгос болчихоод байна. Миний дуулснаар Кибер бас хоёр хуваагдмал гэж байсан. Гэхдээ Солонгосыг бодвол харьцангуй буцаж нэгдэх хандлагатай байгаа.

Ер нь Хойд Солонгосыг ажиглаад байхад том гүрнүүдийн улстөрийн тоглоом болсон гэж хэлж болно.  Хоёр Солонгосыг нэгдэж нийлүүлэх нь бүс нутгийн орнуудад тийм ч сонирхолтой сэдэв биш юм шиг.

Учир нь дахин нэг хүчирхэгжсэн гүрэн гарч ирээд Зүүн өмнөд Азийн хүчний харьцааг өөрчлөхийг хэн нь ч хүсэхгүй байгаа юм шиг байна лээ. Тухайлбал Хятад, Япон, Орос  зэрэг улс байна.

Яг Солонгосын ард түмний хувьд үнэхээр гашуун дурсамж л даа.

Манай улсын хувьд бусад орныг бодвол Хойд, Өмнөд Солонгостой хоёулантай нь найрсаг харилцаатай байдаг болохоор бид дундын зуучлал болж чадахаар нөлөөтэй юм шиг санагддаг.

Жишээ нь, дайны үед Хойд Солонгосын олон зуун өнчин хүүхдүүдийг өргөн авч, өсгөж хүмүүжүүлсэн байдаг. Энэ хүмүүс нь одоо хүртэл амьд, сэрүүн байна.

Хойд Солонгос  хөгжлийн хувьд  технологийн дутагдал, хөрөнгө, мөнгө эдийн засгийн хомсдол байна. Гэхдээ өөрсдөө 2012 онд Их гүрний үүдийг нээнэ гэсэн уриатай хөгжлийн бодлогоо барьчихсан явж байгаа юм билээ.

Үнэхээр дээр дурьдсан асуудлаа шийдчих юм бол 2012 онд Их гүрний үүдийг нээхэд бэлэн ард түмэн харагдсан.

-Бидний нарын хувьд бараг л хаалттай ертөнц болчихоод байна.  Хүмүүс нь өлсгөлөнд нэрвэгдсэн мэтээр л ойлгогдоод байдаг?
-Нэг талаас харахад яг хүйтэн дайны үеийн тархи угаалт их байна. Бид 1990-ээд оны үед АНУ, хөрөнгөтөн орнуудын талаар ямар өрөөсгөл мэдээлэл авдаг байлаа. Түүн шиг Хойд Солонгосын талаар голдуу өрнөдийн эх сурвалжаас мэдээллээ авдаг болохоор маш их өөр сэтгэгдэлтэй байснаа өөрийн нүдээр үнэнийг харахад шал ондоо байсан. Жишээ нь, Хойд Солонгост хүмүүс өлсөж, цангаж байгаа, юм бүхэн нь болж, бүтэхээ байчихсан нь төдийлөн ажиглагдахгүй.




Бараг л хүн суух газар үлдээхгүйгээр тариа тариалсан байсан. Бид бас ургац хураах ажилд нь оролцох үйл ажиллагаа зохион байгуулсан. Хүүхдүүдэд нь хичээлийн хэрэгсэл энэ тэр бэлэглэх арга хэмжээ болсон.

-Аяллын үеэр тохиолдсон хөгжилтэй, сонирхолтой явдлуудаасаа ярьж өгөөч?

-Сонин дурсамжууд байна л даа. Биднийг эндээс очиход л Монголын элчингийнхэн  нохойн махаар дайлна аа гээд байсан.  Тоглож байна гэж бодоод байсан чинь үнэхээр нохойн махаар дайлсан. Нохойн махны ресторанд орсон. Нохойн махыг уушгинд сайн энэ тэр гээд олон янзаар тайлбарлаж байсан. Манайхан сураагүй болохоор жаахан эвгүй санагдаад сайн идэж чадаагүй. Сэтгэхүйд байгаа тэр зүйлээ давчихвал амт нь бол зүгээр, яг гахайн мах шиг амттай. Их тэжээллэг санагдсан. Солонгосчууд ч бас нэг их идээд байдаггүй юм билээ. Ер нь бол хүндтэй зоогонд тооцогддог гэсэн. Бидний идсэн хоол 300 гаруй ам.доллар болсон.




Соёл урлаг, бүтээн байгуулалт энэ тэр гайхамшигтай юм билээ. Бид нар яг Ариранг гээд наадмын үеэр очиж таарсан.

150 мянган хүний суудалтай стадионд 100 мянган хүний оролцсон хөдөлгөөнт гимнастикийн үзүүлбэрийг үзсэн. Тэр нь дэлхийд их алдартай, Гиннесийн номонд хүртэл  орсон. 100 мянган хүн зэрэг хөдлөх, хашгирах нь үнэхээр гайхамшигтай юм билээ.

Гэх мэт гэрэл, гэгээтэй зүйл их байна. Бид хэт нэг талыг барьсан мэдээлэл аваад байдаг юм болов уу гэж бодсон.

Мэдээж хатуу үзэл баримтлалтай, дэгтэй улс учраас жижигхэн асуудлыг их сүртэйгээр шийддэг байдал ажиглагдаж байсан. Жишээ нь, гадны хүн метрод орж болохгүй гэдэг ч юм уу. Үүнийг шийдэхийн тулд Гадаад явдлын яаманд нь нот бичиг бичиж байж шийддэг байх жишээтэй. Зарим нэг зүйл нь үнэхээр инээдтэй санагдаж байсан ч 90-ээд оноос өмнө бид өөрсдөө бараг ийм байсан гэж бодохоор одоогийн байгаа ололт амжилтаа харахад тус дөхөм болж байгаа юм л даа.

Үзэл суртлаа ард иргэддээ яаж хүргэх вэ, нэг хүнийг тахин шүтэх зүйлийг хэрхэн хүний тархинд суулгах вэ зэрэг улс доторх тархи угаалт бол мэдээж айхтар юм билээ.

Үүнийг хөшөө, дурсгал, барилга байшин зэргээс харахад л шууд мэдэгдэж байсан.



-С.Цацралт ах тэнд авсан зурагнуудаасаа бүтсэн үзэсгэлэнг Монголын үзэгчдэдээ зориулж гаргах төлөвлөгөө бий юу?

- Бусад орны зурагчдыг бодоход бид харьцангуй эрх чөлөөтэйгээр зурагнууд авсан. Тиймээс он гараад гэрэл зургийн үзэсгэлэн гаргах байх гэж бодож байна.  Биднийг явж байх үед Чехийн гэрэл зурагчин эвдэрхий троллейбусны зураг авч байгаад саатуулагдсан гэж дуулсан.

Бидэнд олон гоё зураг авах боломж байсан ч “усыг нь уувал ёсыг нь дага” гэгчээр зах замбараатай явсан л даа. Хэдийгээр хаа хамаагүй, зах замбаараагүй эрх чөлөөтэй орноос очсон ч гэлээ тухайн улсын хуулийг дагахаас өөр арга байхгүй.

-Энэ аялал Таны уран бүтээлд бас тусна гэж бодож байна. Та  сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачнаасаа хуваалцахгүй юу.
-Миний сүүлийн үеийн уран бүтээл ихэвчлэн улстөрийн шог зурагнууд руу чиглэгдэж байгаа. Мөн уран бүтээлүүдээрээ гадны тэмцээн, уралдаан, фестивалиудад их оролцож байна. Хойд Солонгосоос гол ойлгосон зүйл гэвэл бидэнд эрх чөлөө байна. Үүнийгээ л бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй гэж бодож ирлээ.

Хэчнээн хүсээд хүсээд хийж чадахгүй хүмүүс тэнд байна шүү дээ.  Иранд болсон Шог зургийн үзэсгэлэнд Хойд Солонгосын  нэг зураачийн бүтээл орсон байгааг хараад үнэхээр гайхаж байсан. Надад маш том сюрприз байсан. Иран ч өөрөө  үзэл санааны хувьд ойролцоо болохоор тэр зураачийн бүтээл орсон юм болов уу гэж бодсон.

Ер нь Хойд Солонгосын гудамж, талбайд байгаа  зурагнуудад нь шог зургийн элементүүд ажиглагдаж  байсан л даа. Америк цэргийг жадалж байгаа зэрэг.



Та шог зураач С.Цогтбаярын шог зургийн цомгийг энд дарж үзнэ үү.

No comments:

Post a Comment