Sunday, December 13, 2009

Төслийн үр дүнд 7000 эмч, мэргэжилтнийг гадаад, дотоодод сургалтанд хамруулжээ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2003 онд байгуулсан зээлийн гэрээний хэрэгжилт, “Эрүүл мэндийн салбарын хөгжил-2” төслийн үр дүнгийн тухай хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.


Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Адриан Рутенберг нар болон төсөлд хамрагдсан аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээний дагуу  2004-2009 онд АХБ-наас 10,1 сая Зээлжих тусгай эрхтэй тэнцэхүйц валютын хөрөнгийг, Монгол Улсын Засгийн газраас 3,4 тэрбум төгрөгийг “Эрүүл мэндийн салбарын хөгжил-2” төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарцуулжээ. Энэ төсөл хэрэгжсэний үр дүнд Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн 35 эмнэлэгийн барилга, 73 сумын эмчийн сууц, 27 гүний худаг барьж байгуулсныг орон нутгийн үндсэн хөрөнгөд бүртгэн авчээ. Үүний зэрэгцээгээр төслийн 5 аймгийн 94 сум, 14 сум дундын болон нэгдсэн эмнэлэгүүдэд стандартын дагуу эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлж, орон нутгийн 7 мянга гаруй эмч, мэргэжилтнийг гадаад, дотоодод сургалтад хамруулжээ.

Дүнгийн хурал дээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд  хэлэхдээ “Зээлийн гэрээний үр шимийг таван аймгийн 400 гаруй мянган хүн ам, түүний дотор 120 гаруй мянган эмэгтэйчүүд хүртэж байгаагаас гадна төслийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг 2003 онтой харьцуулж үзвэл дээр 5 аймагт эхийн эндэгдэл 49 пунктээр, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 пунктээр, тус тус буурч, эмнэлэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан байна. Энэ бүхэн бол АХБ-наас манай эрүүл мэндийн салбарт үзүүлж байгаа асар том дэмжлэг, туслалцаа гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна” гэв.

Дараа нь Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил-2 төслийн үр дүн, сургамж” гэсэн илтгэл тавьлаа. Уг илтгэлд ”Монгол Улсын Засгийн газар АХБ-ны бодлогын хүрээний зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн нийт зардалд анхан шатны тусламжийн эзлэх хувь хэмжээг 2003-2008 онд 21,3 хувиас 24 хувь хүртэл нэмэгдүүлж, 2008 оны Эрүүл мэнд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар өрх, сум, сум дундын эмнэлэгийн санхүүжилийг нэг иргэнээр тооцон олгож эхэлсэн нь тус салбарын санхүүжилтийг боловсронгуй болгоход чухал алхам гэж үзэж байна.  АХБ-наас манай орны нутаг дэвсгэрийн онцлогыг харгалзан хөдөө ажиллах эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж, урамшуулал олгох, анагаахын оюутнуудад тэтгэлэг олгох зэрэг бодлогын хүрээнд тасралтгүй дэмжлэг үзүүлсээр ирсэнд таатай байна.  Одоо эрүүл мэндийн салбарт  “Эрүүл мэндийн салбарын хөгжил-3” төсөл хэрэгжиж эхлээд байна. Цаашдаа АХБ-ны буцалтгүй тусламжаар “Эрүүл мэндийн салбарын хөгжил-4” төслийг 2010-2014 онуудад хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна” гэж дурджээ.

Төсөл хэрэгжсэн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг төлөөлж Баянхонгор аймгийн ЭМГ-ын дарга, орон нутаг дахь төслийн багийн ахлагч Д.Алгаа үг хэлж төслийн явц, үр дүнгийн талаар тодорхой жишээ баримтад тулгуурлан ярьлаа.

Дүнгийн хурлын төгсгөлд “Эрүүл мэндийн салбарын хөгжил-2” төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан зарим хүнийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар ЭМЯ-ны хүндэт тэмдэг, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнасныг энэ үеэр гардуулж баяр хүргэлээ. 

No comments:

Post a Comment