Sunday, December 13, 2009

Их эмч Д.Мажигсүрэн: Нярай хүүхдэд хүртэл цус харвалтын тохиолдол элбэг болсон

Их эмч Д.Мажигсүрэн: Нярай хүүхдэд хүртэл цус харвалтын тохиолдол элбэг болсон
Дэлхийд жилд 100 сая хүн амд 500 мянган хүн цус харвалтаар өвчилж, 4,5 сая хүн нас барж байна.

Энэ өвчлөл ОХУ-д 1000 хүн тутамд 2,5-3, Их Британид 1,5-3, Улаанбаатарт тархины эдийн цус харвалт 1000 хүний 1,42, тархины шигдээс 1,18, аалзавч доорх цус харвалт 0,25 хувьд тохиолддог байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн дотор, мэдрэлийн тасгийн их эмч Д.Мажигсүрэнтэй ярилцлаа.


-Сүүлийн үед том хүн гэлтгүй бага насны хүүхдийн тархинд цус харвах тохиолдол гарах болсон нь юутай холбоотой вэ?
-Хүүхэд төрсний дараа гурван сарын дотор тархинд нь цус харвах магадлал өндөр байдаг. Энэ нь ээжийнх нь эрүүл мэнд, суурь өвчин, ургийн хэвлий дэх болон төрөлтийн байдалтай холбоотой. Нярайн биеийн шарлалт удаан арилснаас бас болдог.

-Нярай хүүхдэд цус харвасныг яаж мэдэж болох вэ. Саяхан хоёр нас долоон сартай хүүхдийн тархинд цус харвахад дүүргийнх нь эмнэлэг гэмтэлд оч гэсэн байсан?

-Нярай хүүхдийн тархинд өвдөлт өгч байнга уйлахаас гадна нүд нь гөлийж татдаг. Нярай хүүхэд гэдэг нь 56 хоногтой хүүхдийг хэлнэ. Харин хоёр настай хүүхдийн хувьд ямар нэгэн судасны гажигтай байсан байх. Цус харвалт болгоныг гэмтлийн эмнэлэг авахгүй. Эх, нялхсын мэдрэлийн тасагт хэвтүүлдэг. Харвалт нь гэмтлийн гаралтай байж болно. Тиймээс цусны бүлэгнэлт, цусны урсах байдал, элэгний үйл ажиллагаа ямар байгааг компьютер, тархины бичлэгээр тодруулдаг.

-Хүүхдийн цус харвалт бүрэн эдгэрэх боломжтой юу?

-Харвалтынхаа хэмжээнээс болно. Ер нь бүрэн эдгэрэх боломжтой. Том хүнийг бодвол харьцангуй гайгүй, өвдсөн болгон сааждаггүй. Эмнэлгээс гараад 3-6 сар болоод эмчид үзүүлэх шаардлагатай.

-Тэгвэл том хүний цус харвалт юунаас болдог юм бол?

-Тархины цусан хангамж цочмог хямарч үүссэн голомтод шинж тэмдгүүд 24 цагаас дээш хугацаанд үргэлжлэн үлдэхийг тархины харвалт гэдэг. Артерийн даралт ихсэх, зүрхний эмгэг түүний хэм өөрчлөлт, хэм алдагдалт, шигдээс, хавхлагын эмгэг, зүрхний гажиг, хиймэл хавхлага, судасны цүлхэн, артер, венийн гажиг, чихрийн шижин гэх мэт шалтгаанаас болдог. Гэхдээ харвалт нь дотроо аалзавч доорх болон тархины эдийн бас гэмтлийн шалтгаантай цус харвалт, тархины цус хомсдох үеийнх гээд олон янз байдаг. Цус харвалт нь хоёр янзаар явагддаг. Нэгдүгээрт судасны хана нимгэрсэн хэсгээр цусны даралтын ачаалал даалгүйгээр бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тархины эд, бүрхүүлийн завсар руу цус орно. Хоёрдугаарт, судасны хана бүтэн боловч нэвчимхий чанар ихэссэнээс цус тархины эд рүү нэвчиж харвадаг. Тархины судасны эмгэг болох тархины цусны эргэлтийн цочмог хямрал \харвалт\ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж хөдөлмөрийн чадварыг эрт алдагдуулж байна. Тархины цус харвалт нь ихэвчлэн тархины судас хагарах замаар тархины эдийн дотор болон бүрхүүлийн завсар, ховдлын хөндийд цус харван орох эмнэлзүйн хэлбэрүүдээр явагддаг маш хүнд эмгэг юм.

-Цус харвасан тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Өвчний эмнэлзүй мэдрэлийн хам шинжийн илрэл нь тархины ямар бүтэц гэмтсэнээс, голомтын хэмжээнээс, хурсан цусыг тойрсон эдийн дарагдал, үйл алдагдлын байдлаас, гавлын дотоод даралт ихсэлтийн зэргээс ховлол аалзавч доорх хөндий рүү цус цоорч орсон эсэхээс хамаарна. Өвчин өдрийн болон оройн цагаар тархины ерөнхий болон голомтот шинжүүд гэнэт үүсч богино хугацаанд хүндэрдэг. Өвчтөний гадаад байдал нүдээ аньсан, нүүр царай нь баргар хүрэн, арьс улайж, хөлөрсөн байдаг. Толгой гэнэт хүчтэй өвдөж огиж, бөөлжих, ухаан алдаж, амьсгал нь олширдог.

-Ямар тохиолдолд хагалгаа хийдэг юм бэ?

-Өвчтөнд тархины судасны цүлхэн, гадагш байрлалтай цусан хураас, бага тархины цус харвалт тархины баганан хэсгийг дарсан, бөглөрөлт үүсч байгааг нь тогтоосон тохиолдолд мэс заслын эмчилгээг хийж болно.

-Цус харвасан хүнийг байрнаас нь хөдөлгөж болдоггүй гэж хүмүүс ярьдаг. Эмчийг иртэл иргэд тухайн хүнд анхны ямар тусламж үзүүлж болох вэ?

-Хөдөлгөж болно. Гэхдээ иргэд эмч ирэхээс өмнө хамт байгаа хүмүүсээ тайван байлгаад тухайн хүний амьсгалах замыг чөлөөлж, дэргүй хэвтүүлэн аманд нь байгаа гадны биет болон хиймэл шүдийг авч амьсгалын замыг чөлөөтэй байлгана. Тэгээд хугацаа алдалгүйгээр аль ойр байгаа эмнэлэгт хандах хэрэгтэй.

-Хүмүүс тал харвалт, бүтэн харвалт гэж ярьдаг. Үүнийг яаж ялгах вэ?

-Бүтэн, тал харвалт гэж байдаггүй. Тархинд цус харвалт хаана үүссэнээс шалтгаалан аль ч талын гар, хөл болон бүх биед нь саажилт үүсч болно. Үүнийг л хүмүүс тал, бүтэн харвалт гэж ойлгоод байдаг. Тухайлбал, тархины баруун талын бөмбөлөгт голомт үүсвэл зүүн гар, хөл сааждагийг л буруу ойлгоод байна.

-Цус харвалтыг хэрхэн оношилж, тогтоодог вэ?

-Түрүүн хэлсэн шинж тэмдгийг эмч үзэж, асуумж авч үзлэг хийн урьдчилсан байдлаар оношоо тавиад бүх шинжилгээг бүрдүүлнэ. Компьютер томограф, нугасны ус, тархины судасны бичлэг, тархины бичлэг, нүдний ус, зүрхний бичлэг, цусны ерөнхий болон биохимийн шинжилгээ хийж оношоо бүрэн тавьдаг.

-Харвасан хүнийг яаж асарч, сувилах вэ?

-Биеийн халуун ихсэхэд ус-спиртийн арчилгаа хийж хүйтэн жин тавих, арьсыг цэвэр байлган цооролтоос сэргийлэхийн зэрэгцээ саатай мөчинд нь хөшилт, таталт үүсэхээс сэргийлэн гар, хөлийг зөв байрлуулан, өвчний эхний үеэс иллэг зэрэг хөдөлгөөний дасгалыг хийнэ. Нөхөн сэргээх эмчилгээг эрт эхэлж, ар гэрийнхэнд нь бие даан хийх чадвар эзэмшүүлнэ.

-Яаж сэргийлэх вэ?

-Тархинд цус харвах эмгэгийн халгаат хүчин зүйлсийг мэдсэн нь амьдралын зөв хэвшил тогтоосноор энэ өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

-Халгаат хүчин зүйлс гэдэг нь юу вэ?

-Цусны даралт ихсэлт, чихрийн шижин, тамхи татах, таргалалт, жирэмслэлтийн эсрэг бэлдмэлүүд, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, халдварууд, архидалт, газарзүйн байрлал, цаг агаарын нөхцөл гэх мэт.

-Энэ өвчнөөр хэдэн насныхан илүү өвчилж байна?

-Сүүлийн үеийн судалгаагаар нас барагсдын 47,9 хувь нь 55-аас доош насны буюу хөдөлмөрийн ид бүтээлч насныхан байгаа. Тархины эдэд цус харвалттай өвчтөнүүдийн дотор эрэгтэй нь эмэгтэйгээсээ илүү нас бардаг гэсэн судалгаа бий.

-Цус харвалт бүрэн эмчлэгдэх үү?

-Харвалтынхаа байдлаас шалтгаална. Тархины гол бүтцийг хамраагүй, бага хэмжээний жижиг цус харвалт бүрэн эдгэрдэг. Харин цус харвалтын хэмжээ том, гол бүтцүүдийг хамарсан, саа саажилт гүнзгий илэрсэн тохиолдолд эдгэрэлт удаан, цаашдаа тахир дутуу болдог аюултай.

No comments:

Post a Comment