Sunday, December 6, 2009

Залуу Нас - Жинхэнэ Гоёл

Залуу байх үед 'Хүний амьдрал харвасан сум шиг өнгөрдөг' гэсэн мөрүүдийг хаа нэгтэйгээс уншихдаа ' юун ч сүртэй зүйрлэл вэ? 60 магадгүй 70 жил гэдэг их хугацаа шүү дээ' гэж бодогдож асан. Багагүй цаг хугацааны дараа эргэж харахдаа " Би юу хийж амжив аа? юу хийж чадах байж вэ?" гэж бодогдох.


  Нэрт нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ " хүн хорьтойдоо дэлхийг өөрчлөх хүсэлтэй байдаг бол гучтайдаа үгүйдээ л улс орноо, дөчтэйдээ ядаж гэр орноо, тавьтайдаа ердөө л өөрийгөө өөрчилчих юмсан гэж хүсдэг. Гэхдээ нэг нь ч бүтдэггүй" гэсэн ишлэл авсан байсан.
  Цаг хугацаа гэдэг яг л голын урсгал шиг бүхнийг хаман одно. Тэр урсгал дунд л хүн өөрийн үнэ цэнэ, зорилго бас хүсэл тэмүүллээ бий болгож амжих учиртай байх. Хүний амьдралын цаг хугацааны хамгийн сайхан үе нь залуу нас. Залуу нас хүн бүрийн харааг булааж бахадлыг төрүүлнэ. Намайг балчир жаахан үедээ хүссэн гоё хувцасаа дэлгүүрээс авахуулж чадаагүйнхээ төлөө хорсон уйлж суухад, хөгшин аав минь " залуу нас гэдэг чинь өөрөө гоёл, та нар уранхай муу хувцас өмссөн ч гоё харагдана, харин өтөлж хөгширсөн хойноо хичнээн гоё хувцас өмссөн ч гоё харагдаж чаддаггүй юм" гэж зэмлэж хэлсэн нь өнөө ч санаанаас гардаггүй юм.
Одоо ч гэсэн эрдэм ухаантай, авьяас чадвартай, ажилч хөдөлмөрч залуусыг харах бүрд  тэдэнд баярлаж, бахдан талархаж,  тэднийг дэмжин урамшуулах хүсэл хүн бүрд л төрдөг. Тийм ээ! Залуу нас-жинхэнэ гоёл. Гэхдээ энэ бүхэн мөнх биш бөгөөд үүлэн чөлөөний нар шиг л өнгөрнө. Амьдрал болон цаг хугацааны урсгал бүхнийг элээдэг.

Залуу нас-гоо сайхан

 Залуу насандаа хүн бүр л царайлаг, гоолиг сайхан харагддаг. Энэ л үедээ тэд хайрлаж дурлаж,  бусдын атаархлыг төрүүлж, наргиж цэнгэж , амьдралын бал бурмыг амталдаг. Хайранд согтсон уруулын үнсэлт, дарсанд мансуурсан зүрхний агсам үгс, хөнгөн хөгжмийн аянд гоо сайхнаа гайхуулах хөдөлгөөн бүхнийг залуу насны билэг тэмдэг шигээр төсөөлнө. Тэд залуу насаа мөнхийн юм шиг энэ бүхэн хэзээ ч дуусахгүй юм шиг л зугаа цэнгэлд умбана. Энэ л хэмжээ хязгааргүй зугаа цэнгэлийн гайгаар зарим залуус энэ насаа үлдсэн бүх амьдралтайгаа хамтад нь ууна. Залуу царайлаг сайхан зарим бүсгүйчүүд үүрд ийм л байх юм шиг санаж өөрийгөө " үнэ хүргэн "  худалдаж, " үс гэзэг нь цайгаад ирэхийн цагт үзэж харах хүнгүй болох нь"  ч бас бий.
  Залуу нас гоо-сайхнаа өнө мөнхийн юм шиг санаж өөрийгөө хуурах аваас амьдралын амт шимт нь бал бурам бус гашуун чинжүү болон хувирдаг. Залуу нас гоо сайхан мөнхийн биш гэдгийг та нарын төлөө үглэж учирлаад байгаа аав ээж, ах эгч чинь биеэрээ нотолж байгаа юм. Тэд ч бас залуу ахуйдаа та нараас илүү нь үгүй гэхэд дутуугүй сайхан , царайлаг бас цог золбоотой явсан хүмүүс. Тиймд ч тэдний чамд хандан сануулж учирлах үг бүхэн нь амьдралын ухаан бас туршлага нь юм шүү дээ. Залуу нас -гоо сайхан мөнхийн бишээ.

Хүн дотроосоо гэрэлтдэг

 Мэдээж хүн бүр сайхан амьдарч бусдад хүндлэгдэж явахыг хүсдэг. Харин үүний төлөө багагүй тэвчээр гаргаж, их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог.
  Үе тэнгийн олон нөхөд чинь баардаж дискодож, наргиж цэнгэж байхад, хэсэг боловч үүнээс татгалзаж, сурч мэдэхийн төлөө цаг заваа зарцуулж, тэвчээр гарган өөрийгөө албадан хөдөлмөрлөснийхөө төлөө та хожим хэзээ ч харамсахгүй. Сайхан ирээдүйнхээ төлөө өөрийнхөө өмнө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, уйгагүй хөдөлмөрлөх нь танд их эерэг сайн олон зүйлийг авч ирдэг. Хааяа наргиж хөгжилдөж бололгөй яахав. Гэхдээ хэмжээ хязгаартай. Цаг хугацаа гэдэг хэнд захирагдахгүй, хэнийг ч хүлээдэггүй гэдгийг л бүү март.
  Залуу насанд хүний гадаад төрх төдийгүй оюун санаа бие бялдар нь ч адил гоо сайхнаараа байдаг болохоор үүнийгээ хөгжүүлэхийн тулд зориулж байгаа таны хөдөлмөр хэзээ ч талаар өнгөрөхгүй.
  Хүн их уншиж судалж бас ухаарч байна гэдэг өөрийгөө "цэнэглэж" байгаа хэрэг. Энэ л насанд таны өөртөө олж авсан цэнэг хэзээ ч барагддаггүйгээр барахгүй түүнийг хэн ч хулгайлж бас шатааж чаддаггүй юм .  Тэгэхээр энэ нь таны баялаг төдийгүй энэ цэнэг таныг дотроос тань гэрэлтүүлж байдаг юм даа.
  Танихгүй хэн нэгэнтэй ярилцаж суухад, ярианаасаа тэр хүн гэрэлтэж эсвэл унтарч байдгийг та анзаарсан уу? Нэгэн сайхан хүнтэй танилцаад ярилцаж суухад цаад хүний тэнэг яриа нь тэр хүний талаар төрсөн сайхан сэтгэгдлийг аажим аажмаар бүдэгрүүлж, яваандаа ямар ч сонирхолгүй болдог тохиолдол байдаг.
  Залуу насандаа их уншиж , судалж, ухаарч , мэдэрч сурвал үүнийхээ ачаар байнга гэрэлтэж, бусдын бахархал талархлыг хүлээн хүндлэгдэж явах болно. Их мэдлэг туршлага, өөдрөг өөртөө итгэлтэй байдлаа даруу төлөв, бусдыг хүндэлж чаддаг чанараар сэлбэвэл та олон сайн найз нөхөдтэй бас амьдрал тань үргэлж сонирхолтой байх болно. Үүний хэрээр Амьдрал тань утга учиртай, гэрэл гэгээтэй байх боломж бүрдэнэ.

No comments:

Post a Comment