Sunday, December 6, 2009

“ЗҮҮД” /Өгүүллэг/

Бадгай зуухандаа хэдэн том нүүрс чихээд, орон дээрээ хэвтлээ. Ёх, ямар сайхан юм бэ. Одоо гэр маань халуу дүүгээд л ирнэ. Өнөөдөр их ядарч ч шүү. Тэр Дундговь явах пүүлин-д хэрүүл маргаан хийлгүй, шууд л ачаад өгчихдөг байсан юм. Манайхан заримдаа шал дэмий юмнаас цаг алдах юм.


Тэр жолооч хэгжүүн эр ээ. Гэхдээ бидэн шиг л амьдрах гэж ядарч яваа эр хүн. Ямар биднээр гэрээ ачуулах гэсэн биш. Эртхэн л замдаа гарахыг бодоо шүү дзз.

Муу хань минь шөнийн ээлжинд ажиллах хэцүү байдаг байх даа. Миний ажил хэцүү ч гэсэн өдөр ажиллаад, орой тарах цагтаа л тарна. Нэг өдөр ажиллаад, нэг шөнө ажиллаад, биегүй болчих вий дээ. Өөр ажилд оруулчих юм сан. Орой тараад ирэхэд зөрөөд ажилдаа гарсан байх. Хөрсөн зуухтай гэр зэврүүн гэдэг нь. Шөнийн ээлжгүй ажилд оруулбал, хоёулаа ажлаасаа зэрэг тарж ирээд, гангар гунгар ярьсан шиг хоолоо хийж суухгуй юу. Нээрээ энэ ажлаас нь өөрчлөх юм сан гэж бодтол, харьж ирэх замдаа Данзантай тааралдсан нь санагдлаа.
Данзан маань ямар их өөрчлөгдөө вэ? Бүр даргын буурь суучихаж. Аргагүй шүү дээ, би арваа төгсөөд улсад арван хэдэн жил ажиллачихаж байхад, тэр, дээд сургуулиа төгсөөд лав долоо найман жил ажилласан туршлагатай боловсон хүчин болчихоо биз. Данзан ч том инженер болоо доо. Данзан дээрээ очъё байз. Ямар хоол гуйж байгаа биш. Багын найзаасаа ганцхан юм ганц удаа л гуйя! гэж хэлье. Хамт дээд сургууль төгссөн найзууд нь энд тэндгүй л дарга, инженер байгаа шүү дээ. Тэгэхээр Данзан хүчтэй хүн! гэж бодтол үдийн завсарлагаар ажлынхаа өрөөнд нөхөдтэйгээ цайлж суусан нь санаанд нь орлоо.
- За хөөрхий, хэдэн тэрэг ирэх вэ, хэчнээн пүү ачих вэ гэсээр бид ч энэ насыг барах шив дээ гэж Очир энэ яриаг их л дуу шуутайхан эхэлж билээ.
- Хорвоогийн сайхан өдрүүд өнгөрсөөр л байдаг, бид бахь байдгаараа, машин ачсаар л ... гэж Хүрэл уран унших мэт өгүүлэв.
- Бид алдар хүнд байтугай нэр ус ч үгүй улс. “Хөөш, ачигч нар ажилдаа гараарай!” гэж л биднийг дууддаг шүү дээ.
- Биднээс хэн ч, юу ч гуйдаггүй.
- Бидэнд ямар ч арын хаалга байхгүй.
- Биднийг ер нь хүмүүс гуайлдаг бил үү.
- Бид ч тийм их хөгширчихөөгүй байна л даа, гэхдээ...
- Гэхдээ диспээтчэр Нямааг жолооч нар гуайлдаг шүү дээ.
- Нямаа гуай ч...
- Биднээс яаж ах байх вэ.
- Их үсрэхэд л Очиртой чацуу.
- Ээ дээ, дүү ч байж магадгүй.
- Аргагүй шүү дээ, биднийг гуайлж яах юм бэ. Ядахдаа бид түлшний мод ачдаг сан бол...
- Тэгээд энэ жолооч нар хувийнхаа юмуу хадмынхаа модыг ачуулах гэж байгаа сан бол.
- Бидэнтэй ч их ондоо ярьж байгаа л даа.
- Ай даа, юү хэлэхэв.
- Хорвоо ч ийм л шүү дээ.
- Хэрвээ чи дээд сургууль төгссөн бол ч...
- Хэрвээ би хөөцөлдөж байгаад дээд сургуульд орчихсон бол өдийд төгсчихсөн байх байх шүү, нээрээ.
- Тэгвэл нэг том хар цүнх барьчихсан ...
- Зангиа зүүчихсэн...
- Давстай шуудайнд хуруу нь түлэгдээгүй...
- Том охиноо Анагаахын дээдэд оруулна гээд л...
- Өө, оруулж л таараа, тэр юу ч биш.
- Чамтай хамт төгссөн найзууд чинь хаа сайгүй байгаа ш дээ.
- Нээрээ л тийм дээ.
- За болъё. Үлгэрээ төгсгөе. Амьдрал ямар ярьснаар болох биш.
- Бид ч болж л байна. Зовлогоо зовоогоод, зовоосныхоо хэрээр авч байна шүү дээ.
- Хийж хийчихээд юу ч авахгүй байгаа ажилчид зөндөө ш дээ.
- Манай муу авгай шиг үү!?
“Хөөш ачигч нар аа! Машин ирлээ, ажилдаа гараарай!” гэх дуу энэ яриаг тасалж билээ.
Нээрээ миний амьдрал... Дөчин мянгатынхан, хотын захын биднийг “борчуул” гэдэг гэл үү. За, яах вэ, хэдэн хүүхэд минь гэрт өвөлждэг гээд гэм нь юу байх вэ. Усаа зөөж, модоо хагалж, өлчир сууцгааж л байг. Юуны өмнө муу авгайгаа л өдрийн ээлжтэй ажилд оруулъя! Нээрээ Данзан дээр очъё.

Данзангийнх, сургуульд байхад хааяа ордог байсан яг тэр янзаараа аж. Үгүй ээ, хананд нь ийм том хивс байл уу. Багадаа Данзангийнд их ирдэг сэн. Хичээлээ давтана гээд жаахан сууж байснаа завсарлая! гэж Данзан санал гаргана. Нуугдаж тоглоё гэнэ. Тэднийх гал тогоотойгоо таван өрөө. Ханын шүүгээ нь гэхэд л жигтэйхэн зайтай, бараг үүдний пин шиг. Гэлээч Бадгай айлын юм руу хамаагүй шургахаасаа эмээнэ. Харин Данзан бол хаашаа ч хамаагүй шургачихна. Нуугдаж тоглохоосоо өмнө эд юмс нь ямаршуухан байсныг сайн нүдэлж авах хэрэгтэй. Авдар доторхи юмсыг гаргаж хажууд нь эвтэйхэн тавиад дотор нь орчихно, эсвэл, энэ хоёр цүнхтэй юм энэ шүүгээний дэргэд байгаагүй санагдаад байх чинь. Тэгж л таарна, Данзан шүүгээн дотроос олдлоо...
Бадгай олон жил уулзаагүй найзаасаа юм гуйх гэж яваагаа санаад зүрхшээгээд байгаа ч юм уу, нэг л биеэ бариад байв. Эсвэл Данзан шал өөр хүн болчихоо юу, дугарч цөхөөд байгаа ч юм шиг, хиймэл дотно зан гаргах гэж ядаад байгаа ч юм шиг.
- За, чи тэгээд хаана, юу хийж байна даа.
Өө, тэнд оччихоо юу, мундаг хүн болсон байна ш дээ. Танайхан чинь мөнгө сайн цохидог гэж байгаа биз, хэ-хэ-хэ.
Тэгээд хэдэн хүүхэдтэй гэнээ, аа яа яа, дөрвийн дөрвөн банди лут аа!
Аа мөн мөн, үгүй болж л байна ш дээ.
Яах вэ, найз нь хуучин даа...
Хуучин нь хаана гэдгийг ч Бадгай үл санана. Ер нь Данзан дээд сургуульд орж, би ажил дээр гарснаас хойш бид хөндийрч дээ гэж тэр бодлоо. Юу вэ, хөл даарч байх чинь. Эднийх чинь битүү хивс болсон айл шүү дээ. Аа нээрээ тийм л дээ, битүү хивсийг нь муухай болгочих вий гэхдээ би гутлаа тайлчихсан шүү дээ.
- Найз нь явъя даа.
- Чи зүг яваа юм уу.
- Зүг, зүг гээд Бадгай бослоо.
- Надад хэлэх юм байвал хэлж бай л даа. Би чамд хаягаа өгье гэж Данзанг хэлэхэд горьдлогын оч гялсхийлээ. “Өөдгүй амьтан, хүнийг дандаа муугаар бодох юм, надад тусалъя л гэж байна шүү дээ. Хэлээд үзэх үү” гэж бодсон авч, “зүг, зүг” гэчихсэндээ бантлаа. Хаягийг нь тэмдэглэж авах гээд цаас, бал гаргаж иртэл, Данзан их л ивээнгүйгээр:
- Ийм балаар бичдэг юм уу. Балыг “хойш” нь коом-оор нь захих хэрэгтэй! гэв. “Хэлээгүй нь болжээ!” гэж Бадгай яагаад ч юм бодлоо. Гэтэл тэгж их гологдсон балны ч хэрэг гарсангүй, нэг гялгар дөрвөлжин жижиг цаас авч өгөхөд нь авч үзвэл “... газрын ерөнхий инженер Данзан. Утас гэр ... Ажил ... “ гэж хоёр талд нь орос монголоор бичсэн байв. “Дараа болж болох л юм. Ямар ч байсан одоо л гуйж чадахгүй нь” гэж бодсон Бадгай гарахын мөн боллоо. Тэгтэл Данзангийн бага охин түүнийг учиргүй шоолж инээв. Аргагүй, аргагүй гарах хаалгыг нь андуураад буруу зүгт будилж, том мебель шүүгээнийх нь хаалгыг татжээ.

Гэр нь халуу дүүгэн угтлаа. Авдар дээрх цагаа хараад тийм ч орой болоогүйг мэдэв. Данзангийнд их л удах шиг болсон . Цагны хажууд нэг бичиг үлдээснийг авч үзвэл дунд хүү нь алдаатай, мурий сарий бичгээр: “Ааваа, бид Цээнээ эгчий рүү явлаа. Цээнээ эгч бидэнийг хонуутаар аваачия гэлээ. Танд хоол цай бэлдлээ тавьсан. Нэгдэхэд бид сургуул уруугаа тэндээс явлаа” гэжээ. Замын турш барайж явсан Бадгайн сэтгэл тавираад ирэв.
“Халуун дулаан гэр минь. Хэдэн хүүхэддээ хоол ундыг нь бэлдчихээд, амарч хэвтдэг байж. Унтаад өгөх минь яав даа. Тэгээд зүүдэлсэн болоосой ...”

No comments:

Post a Comment