Sunday, December 6, 2009

Нийслэлийн онцгой комисс вирусийн эсрэг арга хэмжээ авсаар байна

Томуугийн А хүрээний H1N1 вирусийн тархалтын эсрэг Нийслэлийн Онцгой комисс, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар Шадар сайд М.Энхболдоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэгт өнгөрөгч баасан гаригт тайлагнасан юм.


Өнөөдрөөс эхэлж буй ЕБС-ийн ахлах болон дунд ангийн сурагчдын хичээлийн бэлтгэл ерөнхийдөө хангагдсан аж. Төрийн өмчийн 108 сургуульд зайнаас халуун хэмжигч багаж, 20 мянган ширхэг амны хаалт, сурагчдын гарыг ариутгах "Санитол" бодисыг бүлэг бүрт 10 ширхэгээр тооцож, нийт 50140 ширхэгийг олгожээ. Мөн бүх сургууль гадна талбайгаа цэвэрлэн, хог хаягдлаа зайлуулж, их цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийжээ.
Мөн "Улаанбаатар төмөр зам" компани галт тэргэний ажилтнууддаа халуун хэмжигч 30 ширхэг багаж олгон, ариутгал, халдваргүйтлийг байнга хийж, 10 ор нөөцөд байлгаж буй аж. Түүнчлэн ЗТБХБЯам орон нутгийн 11 нисэх буудалд халуун хэмжих багаж нийлүүлэхээр шийдвэрлэжээ.

Өрхийн эмнэлэг болон дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэгт ажиллах ёстой 525 резидент эмчээс 450 эмч нь ажиллаж эхэлжээ. Хүндэтгэх шалтгаангүйгээр очихгүй байгаа 50 гаруй эмчийн нэрийг ЭМЯ-ны Ёс зүйн хороонд өгсөн. Хороо хуралдан тухайн эмч нарын эмчлэх эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болжээ. Үүнээс гадна нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Онцгой комисс боловсрол, соёл, урлаг, худалдаа, үйлчилгээ, зах, нийтийн тээвэр зэрэг салбарт ариутгал, халдваргүйжүүлэлт хэрхэн хийж байгааг шалган, өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч байгаа ажээ. Хэдийгээр уг вирусийн тархалт намжсан хэмээн олон нийт тайвширч буй авч 2009 оны өчигдрийн байдлаар 1112 хүн томуугийн А хүрээний уг вирусийн халдвараар өвчилж 18 хүн нас бараад байгаа гэсэн мэдээлэл байна.

No comments:

Post a Comment