Sunday, December 6, 2009

Оросын мафийн шинэ төрх

Саяхан Оросын мафийн мөнгө угаасан хэргээр Штутгартын шүүхээс10-р сарын 29-ний пүрэв гаригт германы 43 настай нэгэн иргэнд таван жил зургаан сарын ял оноов.


Түүний 49 настай хамтрагчид дөрвөн жил зургаан сарын ял өгчээ. Мөн өөр хоёр этгээдэд нь хоёр жил зургаан сарын ял оноов. Шүүгдэгчид оросын мафийн "Измайловский" гэмт хэргийн бүлэглэлийн ойролцоогоор 8 сая еврог Германд оруулсан гэдэг үндэслэлээр шийтгэгдсэн болохыг SWR радиостанцаас мэдээллэсэн байна. Ерөнхий шүүгч Уте Байшийн хэлснээр шүүгдэгчдэд дээрх шийтгэлээс гадна нэлээд хэдэн сая еврогийн төлбөр тавигдаж байгаа ба шүүх шийдвэрээ гаргахдаа гэрчүүдийн мэдүүлэг, 200 орчим телефон яриаг иш үндэс болгожээ.

"Хэргийн гол шүүгдэгчийн германы нутаг дэвсгэрт мөнгө угаасан онцгой эрчимтэй үе нь 2000-2005 он байлаа" гэж шүүгч тэмдэглэсэн байна. Гэмт этгээдүүд нэлээд хэдэн сая еврог зөвхөн үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зориулсан гэнэ. Үүнээс гадна шүүгдэгч хэсэг хугацаанд "Измайловский"-н мафийн бүлэглэлийн бүрэлдэхүүнд багтаж байсан гэдэгт шүүгч итгэлтэй байна. Бусад хоёр шүүгдэгч мөнгө угаах ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэж байсан компанид ажиллаж байсан гэнэ. Мөрдөх ажиллагаа хоёр жил үргэлжилсэн ба шүүгч телефон утасны ярианы бичлэгүүдийг сонсож, 44 гэрчийн мэдүүлгийг авч, гурван шинжээч 100 гаруй баримтыг судлан үзжээ. Прокуророос гэмт этгээдүүдэд 7-8 жилийн ял оноохыг шаардаж, харин гол гэмтний өмгөөлөгч өөрийн өмгөөлүүлэгчээ суллаж авахыг чармайж байлаа.

Оросын мафийн үндсэн бүлэглэлийн тухайд олон улсын гэмт хэргийн ертөнцөд 1990-ээд оноос оросын мафи гэдэг шинэ үзэгдэл эрчээ авчээ. ОХУ-ын ДХЯ-ны мэдээгээр 1990-1996 онд мафийн групп 785-аас 8000 болтлоо өссөн байна. Зарим мэдээгээр энэхүү бүлэглэлүүдийн идэвхтэй гишүүн нь ойролцоогоор сая хоёр зуун хүн гэдэг ч гэмт хэргийн ертөнцөд гурван сая этгээдээр өргөжсөн гэж өөр эх сурвалж мэдэгддэг. Оросын мафийн дүр төрх нь харгис хэрцгийгээр зартай, хамгийн гол нь хилийн чанадад хүрээгээ тэлэх чадвараар онцгой бөгөөд энэ чанараараа олон улсын бусад мафийн бүлэглэлтэй харьцуулахад илүү гэнэ. Учир нь Европын олон оронд Улаан арми байрлаж байсан ба тэдний тогтоож байсан харилцаагаар гэмт хэрэгтнүүд үүрээ засдаг аж.

Нөгөө хүчин зүйл нь дэлхийн өнцөг улам бүрт оросын цагаачдын нийгэмлэг бат бэх суурьшин ажиллаж байгаагаар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Жишээ нь италичууд Нью-Йорк хүчтэй байдаг шиг чеченчүүд Москвад болон хилийн чанадад дээрх нийгэмлэгээр дамжин зохион байгуулалттай гэмт хэргийн үйл ажилагаагаа явуулдаг байна. Оросын мафийн 110 бүлэглэл дэлхийн 44 оронд ажилладаг мэдээ бас бий. Оросын мафи дотоодын 50 мянга гаруй компанийн үйл ажиллагааг хянаж, үндэсний нийт бүтээгдэхүүний 40 хувийг үйлдвэрлэдэг байх юм. Дээр өгүүлсэн 8000 бүлэглэлийн хамгийн хүчтэй, өргөн хүрээнд нөлөөтэй ажилладаг 30 гаруй бүлэг нь улсын болон гадаад орнуудын бизнес эдийн засгийн бүтцэд гүнзгий нэвтрэн ажиллаж байгаа ба Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Владивосток хотуудаар бүсчилэн хуваагдсан байдаг.

Эдгээр хотын бүлэглэл нь эрүүгийн шинж чанар болон хилийн чанадад гарах гарц зэргээрээ асар нөлөөтэй ба орон нутгийн төдийгүй олон улсын цагдаа, дотоодын хамгаалах, мөрдөн байцаагч, сэтгүүлч, засаг захиргааны нэгжүүдэд хүрч ажиллан, өөрсдийнхнийгээ шургуулан бүх төрлийн мэдээллээр хангагдан үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой. Оросын мафийн бүлэглэлийн бүтэц нь засгийн газар, аж үйлдвэрийн салбар, орон нутгийн засаг захиргаанд маш сайн холбогдогддог толгойлогч, янз бүрийн салбарын стратегийн болон эдийн засгийн зөвлөгч, банкны зөвлөгч, мөн рекет, хар тамхи, аюулгүй байдал, сөрөг тагнуул гэх мэт асуудал эрхлэх орлогчид, банкны эзэд, нягтлан бодогч, автомашины худалдаачид, эдийн засагчид гэх зэрэг бүлэглэлийн лидерүүд, туслан гүйцэтгэх хар ажлын хэсэг гэсэн бүтэцтэй гэнэ. Зөвхөн Москвагийн бүлэглэлийн талаар дурьдвал Можайск, Хорошевскийн шоссе, Перово, Щукино, Раменки, Динамо, Черемушкийн нутаг дэвсгэр, "Южная" метро станц, "Пражская", Балашиха, Одинцовогийн хавь орчмын нутаг дэвсгэрийн томоохон фирмүүд, хотын төвийн нь бүс мянга гаруй гишүүн дайчидтай "солнцевский"-н бүлэглэлд хамрагддаг аж. Тэд үл хөдлөх хөрөнгийн бизнест хар тамхинаас олсон мөнгөө угааж, зочид буудлын болон нийслэлийн хог хаягдлын бизнесийг өөрсдийн бүтэцдээ барьж байх сонирхолтой аж.

"Беларусский" метро станц хавийн дүүрэг "Тбилиссийн эрүүгийнхэн"-ий мэдэлд байдаг ба ойролцоогоор гурван мянга гаруй гишүүнтэй энэ бүлэглэлийг "хуулийн завхруулагч" Дед Хасан буюу Аслан Усоян толгойлдог ба төв нь Сочи хотод байдаг гэнэ. Түүний хань хамсаатнууд нефть, зочид буудал, худалдаа, бооцоот тоглоомын бизнесээр дагнаж мэргэшсэн гэнэ. Цаашлаад банкны салбар, металлийн наймаа, автомашин аялал жуулчлалын салбарыг сонирхож байгаа гэнэ. Нийслэлийн төвийн захиргааны хэсэг бас Тбилисийн бүлэглэлд харъяалагдаж байгаа бөгөөд гурван мянган хүнтэй энэ бүлэгийг Испанид төв нь байрладаг Таро хочтой "хууль завхруулагч" Тариел Ониани толгойлдог гэнэ. Тэрээр тоглоомын биенес, банкны салбараар дагнасан хэдий ч үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зэвсэг, хар тамхины наймаа зэрэг ажиллагаа явуулдаг юм. Харин хотын хойд хэсэгт мянга гаруй хүнтэй "Измайловский"-н гэмт бүлэглэл ажилладаг, бөгөөд түүний толгойлогч "хууль завхруулагч" Аксен буюу Аксенов удирдаж гол цөм нь Москвад байдаг аж.

Мөн Америкт төвтэй Славяны эрүүгийн бүлэглэл, Азербайжан, Хятадуудын бүлэглэл оросын нийслэлийг боломжоороо хуваан эзэгнэдэг. Бас Санкт-Петербург хотод "Тамбовын" ,"Малышевскийн" гэх мэт тус бүр 1500-2000 мянган хүний бүрэлдэхүүнтэй тулгуур бүлэглэл ажилладаг бол Екатеринбург хотод "Уралмаш", "Афганыхан" "Синний" хэмээх томоохон бүлэглэл эзэгнэдэг байна. Харин Япон, Хятад, Солонгостой харилцах гол боомтын хот Владивосток хавийг мафийн есөн том бүлэглэл хянадаг байна. Өнгөрсөн оноос эхлэн дэлхийн эдийн засгийн хямрал өрнөж, Оросын хууль дүрэм чангарч тоглоомын бизнесийг хорьж, Черкизовскийн захыг хаасан зэрэг үйл явдалууд оросын мафийн доторх дунд зэрэглэл бүлэглэлийн орлогод нөлөөлж басхүү оросын мафийн загалмайлсан эцэг Япончик хочтой Вячеслав Иваньковын үхэл дээрх бүлэглэлүүдийг хөдөлгөөнд оруулсан байна.

Түүнийг залгамлагч хэн болох вэ хэмээн бүлэглэлүүд хэл амаа ололцоно гэхээсээ илүү буу шийдэмдээ тулах дээрээ хүрч байгаа ба гүржийн гэмт хэргийн бүлэглэлийн 35 толгойлогчийг энэ оны өмнө амжиж хүний данснаас хасах шийдвэр Япончикийн талынхан гаргажээ. Оросын мафийн дүр 1990-ээд оноос шууд буудалцан, хорлон сүйтгэх, айлган дарамталж хөрөнгө булаадаг арга барилаасаа татгалзан, аль болох шийдвэр гаргах түвшнийхнийг сонгон онилж ажиллах, санхүүгийн луйвар хийх, голлох салбарт нөлөөгөө бэхжүүлэн өрсөлдөгчийнхөө талаар мэдээлэл цуглуулах, төвлөрсөн хөрөнгөөсөө шинээр албан ёсны фирм байгуулан татвар төлөх, шашин, буяны үйлсэд гар сунгах, тэр бүү хэл кино урлагт хөрөнгө оруулах гэх мэт албан ёсны дүр төрхтэй болж эхэлж байна. ОХУ-ын ДХЯ-ны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга асан, одоогийн ОХУ-ын Думын депутат Александр Гуровын үзэж байгаагаар оросын мафи энэ 20-25 жилд гайхалтай амьдрах чадвараараа италийн мафийн 200 жилийн түүхийг товчлон давтаж харуулж чадсан байх юм.

No comments:

Post a Comment