Sunday, December 6, 2009

Монгол Татвараа Төлөхгүй Байна

Цаг цагаараа байдаггүй гэж нэгэн цагт дэлхийн ихэнхийг эзэлж явсан Монголын Их Гүрний харьяанд Орос улс орж их гүрний нэгэээхэн хэсэг Алтан Ордны Улс-д Оросууд татвар төлсөөр ирсэн. Харин 20 дугаар зууны эхэн үеээс цаг үе өөрчлөгдөж Монгол улс Оросын ивээлд орж Оросуудад татвар төлсөөр ирсэн нь нууц биш юм гэсэн утга бүхий нийтлэлийг Оросын нэр хүнд бүхий "Утро" сонинд тавьжээ.


Монгол улс Оросын нөлөөний улс байсаар байгаа атлаа Оросуудад өгөх ёстой зүйлээ өгөхгүй бултаад, Канад, Хятадуудтай илүүтэй харьцаад байгаа нь шударга бус бөгөөд Оросуудад одоо ч Монголыг барьцаалаад авах ёстой юмаа авах боломж бий хэмээн Орос нийтлэгч үзэж буй аж.

Газрын баялаг арвинтай Монголын баялгийг ашиглахад Орос улсад дэмжлэгтэй хандна хэмээсн амлалтын улмаас Монголоос хуучин ЗХУ улсад төлөх ёстой 10 тэрбүм долларын өрийг хүчингүй болгож өгсөн атал Оросуудын гол сонирхож байсан Оюу Толгой, Таван Толгой ордуудад өөр улсууд хөрөнгө оруулалт хийж бусдын гарт очих болоод байна. Оюу Толгойг авч буй АйвонХоу Майнз хэмээх Канадын компанийн ард Хятадууд байгаа ба үүгээрээ Ар Монголыг Өвөр Монголын нэгээхэн хэсэг гэж үздэг үзлээ илэрхийлж байгаа гэсэн утга авцалдаа муутай санааг уг нийтлэлд оруулжээ.

Сүүлийн үед бараа нь байтугай сураг нь бага сонсогдоод байх болсон Оросын төрийн тэргүүнүүд Путин, Медведев нар дараалан Монголд айлчилсан нь үнэн. Гэхдээ албан ёсны мэдээгээр Орос Монголын харилцааг сайжруулах, Оросын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүүлэх асуудлыг ярилцсанаас бус яг Оюу толгой, Таван толгой гэсэн тодорхой асуудлыг ярилцаагүй юм. Энэ Орос нийтлэгч чухам ямар эх сурвалжаас мэдээ авч ийм барин тавин ярьж байдаг юм болов оо?

Нийтлэлд цааш нь өгүүлэхдээ ямартай ч гэсэн Монголчууд баялгийг нь сонирхсон улсуудын өрсөлдөөн дээр сайн тоглож байна. Яах вэ юм нэгээрээ дуусахгүй Монголд газрын баялгаа ашиглах бизнес дөнгөж эхэлж байна. Одоо Оросуудад Монголчуудтай тоглоод байх хөзөр бага байна, өрийг нь цайруулчихсан, харин ЗХУ задарсанаас хойш бий болсон 180 сая долларын өр бас байна. Саяхан Орос Монголын хамтарсан төмөр замын газраас Оросын засгийн газраас $1.5 тэрбүм хүсэн ба энэ нь Таван толгой руу төмөр зам татахад зориулагдах аж. Үүнээс гадан Монголын засгийн газар Оюу Толгойн 34% ийг эзэмшиж буй ба үүнийгээ санхүүжүүлхэд $800 сая доллар хэрэгтэй харин энэ хөрөнгийг хаанаас яаж гаргах нь тэдний хувьд их л хүнд байх учир Оросууд үүнд нь оролцож болох юм. За ямар ч байсан Монголчууд Оросын бизнесийн сонирхолыг цаашид хаагаад байх юм бол бид өр цайруулах асуудлыг шийддэг Парижийн клубт хандан $180 сая долларын өрөө нэхэн авах шаардлага гарна. Энэ нь нэг их мөнгө биш боловч Монголын хувьд ч бас томоохон асуудал болно доо гэжээ.

Нийтлэлийн гарчигнаасаа авхуулаад зохиогч бичиж эхлэхдээ үнэхээр л дээрээс харсан, татвар хураагчийн байр суурьнаас асуудлыг хөндөх мэтээр оролдсон боловч төгсгөл тал руугаа тэрвээр үнэндээ бодит байдалтай эвлэрсэн хоёр улсын хооронд эрх тэгш харилцаа бий болж байгааг хүлээн зөвшөөрсөн нь илт харагдаж байна.

Түүхийн уртад бид хэн хэнээсээ ил далд байдлаар татвар авсаар иржээ, одоо харин цаг үе өөр болж чухам хэн нь хэндээ татвар төлөөх ёстой, хэн нь хэндээ өртэйг тодорхойлоход тун төвөгтэй. Тэгэж ярих юм бол Монголчууд байгаагүй бол Русь хэмээх өчүүхэн бүдүүлэг славян омог хэзээ ч улс байтугай их гүрэн болж чадахгүй байсан гээ л эхлээд маргаж гарна биз дээ. Тиймээ одоо маргаад яах вэ цаг үе өөр болж, асуудал байвал шинэлэг сэтгэхүйгээр хандацгаая.

"Их өр" гээчийг тэглэснээс хойш хоёр улсын хоорондын харилцаанд шинэ дэвшилтэт үе эхэлсэн гэж үзэж болох ба Орос нийтлэгчийн өөрийнх нь хэлсэнээр Оросуудаас биднийг "барьцаалаад " байх зүйл үнэндээ үгүй шахам болж ямар нэгэн асуудлыг бараа сүр барьцаа шахалтаар бус харин олон улсын хууль журмын дагуу шийддэг болж байгаа нь хоёр улсын хоорондын харилцаанд гарч буй хөгжлийн тодорхой ахиц юм.

No comments:

Post a Comment