Sunday, December 6, 2009

Монгол орны уур амьсгал хэрхэн бүрэлдэн бий болсон бэ?

Манай Монгол орон эрс тэс уур амьсгалтай гэдгийг бараг хүн бүхэн дунд сургуульд байхдаа газарзүйн хичээлээрээ заалгаж байсан байх.

Сонирхолтой нь манайхтай ижил төстэй уур амьсгалтай орон дэлхийн өөр хаана ч байдаггүй аж. Харин эрс тэс уур амьсгал гэдэг нь ямар онцлогтой хэрхэн бүрэлдэн бий болсон зэргийг тэр бүр сайн мэддэггүй.
Монгол орны эрс тэс хуурай уур амьсгал бүрэлдэн бий болоход дараах хүчин зүйл нөлөөлжээ.
Эрс тэс уур амьсгал гэдгийг товчоор тайлбарлавал зундаа хэт халж, өвөлдөө хэт хөрч байх уур амьсгал юм.
1. Монгол орны газарзүйн байрлал.
Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын сэрүүн бүсэд далайгаас алслагдан оршино.
2. Далайн түвшнээс дээш өндөрт өргөгдсөн.
Монгол орны хамгийн нам дор газар Дорнод аймгийн нутагт нь д.т.д 560 м-т орших Хөхнуур гэдэг газар юм.
Далайгаас алслагдсаны зэрэгцээ бараг тал бүрээсээ өндөр өндөр уулаар хүрээлэгдсэний улмаас тэнгисийн чийглэг агаар захын уулсад чийгээ алдаад дотогшоо бараг орж ирэхгүй орж ирсэн ч ихээхэн хуурайшсан байдаг байна.
Хур тунадас ийнхүү бага байхаас гадна агаарын температурын хэлбэлзэл ихтэй юм. Улирлын температурын хэлбэлзэл 80 хэм хүрэх нь ч бий.
Өндөр өргөгдсөн явдал нь газарзүйн үндсэн зүй тогтолтой холбоотойгоор сэрүүн байх шалтгаан болно. Иймд уур амьсгал нийтдээ сэрүүвтэр боловч жигд биш, эх газрын эрс тэс шинжтэй.
Өөрөөр хэлбэл хур чийг бага агаарын температур улирлаар болон нэг хоногийн дотор хэлбэлздэг, дулааны ба чийгийн нөөц жил жилд харилцан адилгүйгээр барахгүй их ялгаатай байдаг үндсэн гол онцлогтой юм.
3. Агаарын орчил хөдөлгөөн.
Зуны саруудад гаарын цулс манай орны баруунаас голчлон "Тянь-Шань" Уйгарын цөлийн халуун агаар орж ирнэ.
Өвөл эх газар далайгаас илүү хүчтэй хөрдөг учир Монгол орны нутагт Төв Азийн эх даралтын муж оршино. Учир нь хуурай газрын дулаан багтаамж далайг бодвол бага байдаг.
Харин зун үүний эсрэг баруун өмнөөс дулаан бүсийн агаар орж бага даралттай болно.
Өөрөөр хэлбэл Монголд жилийн дулаан хагаст циклон хүйтэн хагаст эсрэг циклон байрлана.
Өвөл Монголын нутгийг төв Азийн эсрэг циклон эзэлж түүний төв нь нутгийн баруун хойд хэсэгт байрлана. Увс аймгийн төв Улаангомд агаарын даралтын үнэмлэхүй утга 1055 гПа хүрсэн гэсэн мэдээ байдаг.
Энэ эсрэг циклоны гурим нь 12, 1 сард хамгийн тод илэрдэг тул цаг уурын байдал тогтуун тэнгэр ихэнхдээ цэлмэг жигд хүйтэн, салхины хүч бага байдаг онцлогтой.
Зуны улиралд дулаан бүсийн халуун агаар ноёрхож, агаарын даралт багасна. Агаарын босоо хөдөлгөөний хүч нэмэгдэн үүлшилт ихсэж аадар ба дуу цахилгаантай бороо орно.
Ингээд хойд туйлын хүйтэн агаар, дулаан бүсийн эх газрын халуун агаар хоорондоо харшиж циклон үүснэ. үүнээсээ болоод жилд унах хур тунадасны 70% зөвхөн зуны саруудад орно.
Мөн Дорнод аймгийн Халх голын сав газарт Номхон далайн муссон салхи нөлөөлдөг гэж үздэг байна.
4. Газрын гадарга.
Монгол орны газрын гадарга хотгор гүдгэр их нөлөө үзүүлдэг. Ялангуяа агаарын зүйлсийн шинж чанар хувирч өөрчлөгдөх түүний орчил хөдөлгөөн болон чийг тундас температурын гурим хуваарилалтанд Монгол орны хойд хагас дахь Алтай, Хангай, Хэнтий болон Хөвсгөл орчмйн уулс нэг талаар агаарын голлох урсгалд хаалт болж уур амьсгалын мужуудын зааг болно.
Манай орны уулархаг нутгаар элбэг тохиолддог ууул хөндийн салхи, нөөлөг, оргилын салхи /фён/ зэрэг орон нутгийн салхи хотгор гүдгэрийн нөлөөнөөс бий болно.
Дээрх уул нуруунууд дулааны үед Хойд туйлын хүйтэн агаараас хааж саатуулан хавар намрын гэнэт хүйтрэлийн хүчийг сулруулах боловч нэгэнт орж ирсэн хүйтэн агаар тэр газартаа тогтвортой байх боломжийг бүрдүүлнэ.
Түүнчлэн үүлшилт, чийг тундас, температурын гурим тэдгээрийн газарзүйн хуваарилтад чухал нөлөө үзүүлнэ.
Далай тэнгисээс агаарын зүйлсээр ирэх чийг, тундас уулсаар голчлон унаад тал газарт хүртэх нь бага. Говьд тундас маш багаас гадарга халж ууршуулах чадал ихтэй болдог. Тал нутагт салхинд саад болох зүйлс байхгүй учир салхины хүч маш их.
5. Нарны илч.
Газрын гадаргад ирж буй нарны энергийн хэмжээ олон нөхцөл байдлаас хамаарч газар бүхэнд харилцан адилгүй байдаг учир газар бүрийн уур амьсгал өөр өөр байна. Монгол орон нарны гэрэл болон дулааны энергиэр баялаг юм.
Өөрөөр хэлбэл Монгол орон далайн түвшнээс дээш өндөрт өргөгдсөн агаар маш тунгалаг тэнгэр цэлмэг байдаг явдал нь газрын гадаргад их хэмжээний дулааны энерги ирэх боломжийг бүрдүүлнэ. Монгол оронд дунджаар жилийн 230-260 хоног цэлмэг, 50-70 хоног бүрхэг байна.
Монгол орон хойноосоо урагшаа 1200 км буюу зүүнээсээ баруун тийш 2200 км үргэлжилсэн бөгөөд энэ нь хойноосоо урагшаа газрын үнэмлэхүй өндөр намсдагтай хосолж агаарын температурын хуваарилалтанд нөлөөлдөг.
Хойд хагаст жилийн дундаж температур хасах тэмдэгтэй бол өмнөд хагаст нэмэх байдгаас зуны улиралд хур тунадас элбэгтэй учир газрын гадаргад ирэх дулааны энерги багасдаг.
6. Улирлын ялгаа.
Манай орны Хангай, Говь нутагт улирлуудын эхлэх дуусах, үргэлжлэх хугацаа харилцан адилгүй ч гэсэн ерөнхийд нь үзвэл өвлийн улирал 12-2 сарын дуустал гэхдээ 11 сард ч өвөл эхэлдэг.
Иймд өвлийн улирал хойд талын уулархаг нутгаар 5-6 сар үргэлжилдэг бол өмнөд нутгаар 4-5 сар үргэлжилдэг хамгийн урт улирал юм.
Хавар 3-5 сарыг дуустал тэгээд зун 8 сарыг дуустал тэгээд намар болно.

No comments:

Post a Comment