Sunday, December 6, 2009

"Хар Сүмийн Нууц" (туужаас)-үргэлжлэл

Ургах наран Уд-Шань ууланд тусхад Наран наашлах хэмээх нэртэй том асрын өмнөх талбайд олон лам нар ургах нартай уралдан тулааны дасгал болох Шань-Хын мэхийг давтан гарны хүчит олон цохиултуудыг зэрэг хийхэд нир нир хийсэн чимээ сонсогдох нь сүртэй ажээ.


Асрын өмнөх чулуун арслангийн дэргэд ургах нарыг харан зогсож буй туранхай хөгшин ламтан харцаа өөрчлөлгүйгээр, тиймээ Ар Монголд тэр судар байгаа сураг гарлаа. Тэр бол Монгол зодоочдын үе дамжиж ирсэн Тамын Дэвхцэл хэмээх нууц судар юм. Ар Монголын "Хар Сүм" гэгчид байгаа тэр судрыг заавал олж ирэх хэрэгтэй гэхэд түүний хэлсэн энэ үгийг газарт унагалгүй тархиндаа шингээн зогсож буй гурван лам нэгийг бодон, хоёрыг санан зогслоо. Энэ ламтан бол Шойлефут нударгалцах ёсыг үндэслэгч Шао-юй байлаа.
Тэрээр залуудаа мөрөн голын сайн эрсийн зүрхийг чичрүүлж, цөсийг хайлуулж явсан бөгөөд Шэ-Цюань буюу Могойн ёсны нударгалцааны их хүн "Тай Баяг" тэнгэрт халиасан түүхтэй хүн ажгуу.
Түүний энэ мөрөн голыг шуугиулсан домог, яриаг мэдэхгүй хүн гэж үгүй билээ. Гэвч энэ домог яриан дотор нэгэн хар толбо буйг өөрөөс нь өөр хэн ч үл мэдэх бөлгөө. Олон жилийн өмнө Түвдэд Ар Монголоос ирсэн бадарчинд дийлдэж, хэмхэртлээ бэртсэнээ тэр хэзээ ч үл мартана. Олон жил түүний дотор зангирсаар ирсэн өш хорсол гэвэл энэ л байлаа.
.....Цагаан Нугын дээд аманд На ноёны мал сүрэг байх агаад зусланд гарсан айлуудын гэрүүд борооны дараах мөөг шиг бөмбийн харагдана. Ноёны адуун сүрэг Доод дэрстэйн хөндийд тархан тааваараа идээшлэнэ.
Саалийн олон гэрүүд зээглэж, хажууханд нь нялх, тугалууд тонгочин тоголж, үхэр мөөрөлдөн, хувин хөнөгөө барьсан бүсгүйчүүд саалиндаа гарч яваа нь харагдана.
Тээр цаана Анударь бүсгүй хэдэн тугал гилж нааш цааш гүйж байгааг харсан ахимаг бүсгүй- ноён хүний үр гэхэд тусархаг, доорд биднийг ялгадаггүй, хөөрхөн ааштай хүүхэд шүү гэж хэлснээ өxөөрдөнгүй харав.
Гэтэл үхэр мал үргэн, нохой хуцалдаж хүмүүс хашгиралдах нь сонсогдов.
Доод айлуудын зэлнээс том эр үхэр айлын хүүхэд мөргөн унагаагаад, саалийн хөнөг сав дайран хонь ямаа гишгэлэн бөөн бужигнаан болгов.
Хүмүүс галзуурсан үхэр галзуурсан үхэр гэцгээж гэр гэр уруугаа гүйцгээлээ. Галзуурсан үхэр нүдээ улаанаар эргэлдүүлж, шороо цацлан урамдсанаа тэртэй голын эрэг дээр тугал гилж явсан Анударь бүсгүй дээр аймшигт нүдээ тогтоон харснаа ухаcxийн харайлаа.
Хүмүүс хашгирах чимээнээр Анударь бүсгүй эргэн хархад улаан хэлээ унжуулсан том эр үхэр тоос манарган ирж явааг хараад бүсгүй цочирдон бараг хөшиж орхилоо.
Хүмүүс хий л сандран хашгиралдахаас өөрийг хийж үл чадна. Гэтэл газрын гаваас гараад ирэв үү гэлтэй нэгэн хүн бухны улаан зам дээр зогслоо. Одоо бүх хүмүүсийн анхаарал тэр хүн дээр тусав. Хавчиг үүрэг үүрч, дулдуй малгай тавьсаныг нь харвал лам хүн бололтой. Бүх бүсгүйг биш тэр ламыг чиглэн улам хурдлав. Хэд харайгаад л хийстэл мөргөхөөр толгойгоо сэжлэн орж ирэв. Бух сэжихэд лам зөрөнгүүт гар нь гялсхийн түг хийх битүү чимээ гархад эрчээрээ ирсэн бух шороо манарган харуулдаж унахдаа өрөөсөн эвэр нь хугарч унаад татваганаж буй нь харагдав. Бүсгүй сая л өөрөөс нь зайлах шахсан сүнс нь эргэж биенд нь амилах шиг болход өөдөөс нь ирж яваа хүнийг харлаа. Лам дэргэд нь ирсэнээ та ч золтой л гарлаа шүү гээд инээмсэглэхэд Анударь үг хэлж чадахгүй ам нь ангалзав.
Түүний өмнө идэрхэн насны нэгэн лам зогсож буйг бүсгүй сая л тогтоож харав. Тэр ламын царай тунгалаг, инээмсэглэх нь нэгэн сайхан хөг аялгууг санагдуулам байлаа. Бүсгүй ийм сэтгэл булаам харц уул шиг ханхар эр хүнийг анд удаа харж байгаа нь энэ байлаа. Та юун хүн ..... гэтэл лам би холоос яваа хүн харин таны алдар хэн билээ гэхэд бүсгүйн амнаас Анударь гэдэг үг өөрийн эрхгүй урсан гарлаа.
Энэ үед явган, морьтой олон хүмүүс гүйлдэн ирцгээж ахайтныг эсэн мэнд байгааг харж баяр хөөр болцгоов.
.....Тооноор оч хаялан гэрийн дотор дулаахан агаад тулган дотор зүггүй улаан гал дүрэлзэнхэн сөрвөлзөнхөн асна. Тулганы, дэргэд хоёр хүн аминчлан ярих бөгөөд нэг нь өнөөдөр Анударь ахайтанг галзуу үхэрээс аварсан залуу ламтан харин нөгөөх нь голын гарман дээр айхтар зодолддог үрчгэр бор өвгөн байх ажээ.
Залуу лам, багш минь тантай нэгэн чухаг хэргийн учир уулзахаар би ирлээ.
Хүрээнд Түвдээc нэг лам ирсэн бөгөөд дамжаа барихаар ирсэн гэлцэнэ.
Гэтэл тэр ламтан Цастын орны тэргүүн зодоонч, Азар-Довдогын зодооны манлай нь юм гэнэ. Тэгээд Ар Монголд сайн зодоонч байдаг бол биеийн чилээгээ гаргах юмсан гэж ярьсан нь хүрээгээр нэг тарж их яриа дэгдээд байна.
Модон бумба-Даргиа, Сэрчиг-Гомбо нарыг зодолдох байх гэж шуугих боловч тэд үүрэндээ байгаа үнэг шиг таг чимээгүй байцгаана гэхэд өвгөн тулганд мод хийнгээ Түвдүүд манай өвөг дээдсийн өвдөгнөөс дээш гарч байгаагүй хүмүүс шүү!
Захын нэг шалдан банди ч Халхын довцог дээр тэгж ч дуугарч болохгүй байхаа гэж хэлхэд хөмсөг нь зангирч байлаа.
......Голын ногоон дэвцэг дээр олон хүмүүс бужигнах ажээ. Ихэнх нь орхимж намируулсан, лам, банди нар мөн нилээд хар хүмүүс ч харагдана. Монгол, Түвдийн манлай зодоодчын нударгалцаан ч ёстой үзүүштэй юм бөлөхнээ гэж хоёр хөгшин лам хүүрнээд суудлаа засан сууцгаав.
Лам нар хүрээ хүрээгээрээ ялгаран харагдана.
Өндөр цагаан лам олны өмнө гарч ирэн хоёр ламтаныг дуудан гаргаж ирхэд тэд хоорондоо хөөргөө солилцон тамхилцгаав.
Түвд ламтай хүч үзэхээр гарч ирсэн хүн бол голын гарман дээр сүрхий зодолддог үрчгэр бор өвгөн байлаа.
Түвд лам бол нас дөчөөс хэтрээгүй идэрхэн хүн харагдана.
Түвд лам эхлэн ам нээж нударгалзахаас өмнө дүүгүүрийн эрдэмээр хүчээ үзвэл ямар вэ? гэхэд бор өвгөн надад аль нь ч ялгаагүй гэж хэгжүүн дуугарв.
Хоёр зуун алд газраас ээлжлэн бие биенээ дүүгэрдэх бөгөөд халирч зугатахгүй дүрэмтэй билээ.
Хуран цугларсан лам нар сурын харваа үзэх мэт хоёр талаар гудамжлан зогсжээ.
Түвд лам, дараа нь гомдоллохгүйн тулд та эхэлдээ гэж ихэмсэг хэлээд цааш алхав.
Хоёр зуун алдын цаана Түвд лам завилан сууж бясалгал хийж эхэллээ. Бор өвгөн, шунгинадаг шар, хэмээх хонины арьсийг зүсч хийсэн дүүгүүрэндээ чулуу хавчуулан хэд эргэлдүүлсэнээ чүү гээд чулууг тавихад чулуу агаар зүсэн шунгинасаар завилан суугаа түвд ламын толгойд таг гэж оноод газарт ойчиход Түвд лам ёо ч гэсэнгүй, толгой нь ч хагарсангүй юу ч болоогүй юм шиг сууна.
Хурсан олон дуу алдацгаан аргагүй л ойгүй номын чадалтай хүн юм даа гэж шагшицгаав.
Хэсэг хугацааны дараа Түвд лам босч ирхэд бор өвгөн чангаар би дүүгүүрээр төдийлөн сайнгүй юм, ахиж нэг удаа дүүгүүрдвэл та болгоохсон болов уу гэхэд Түвд лам ярвайн толгой дохисноо буцан сууж бясалгалаа эхлэв.
Бор өвгөн аман дотроо чи тэгнэ байгаа гээд дүүгүүрээ сольж , Даргай хар, хэмээх үхрийн ширийг зүсч хийсэн хар дүүгүүрээ гаргаж ирлээ. Дотуур хийгээ сайн гүйлгэж, босоо сүлжээнд нэн сайн оруулж байх шив, яахавээ надад бас эрдэм бий гэж бор өвгөн бодсоноо бэлдэж тавьсан чулуунуудаас арай томхоныг дүүгүүрэндээ хийж хавчуулав.
Өвгөн дүүгүүpээ сэнс мэт эргэлдүүлэхэд хүр хүр дуугарна. Дүүгүүpийн хар сур тас гэж дуугархад чулуу сум мэт нислээ.
Олон лам нар шуугилдацгаана. Чулуу шунгинсаар Түвд ламын толгойруу улам ойртлоо. Лам нар хэзээ ахиад л тас хийтэл цохихыг хүлээж байтал нисэн ирж байсан чулуу хоёр алд хиртэй ирсэнээ буцан эргэлдэн газарт уначихав.
Энэ мөчид Түвд лам муухай орилон гэдрэгээ харан уналаа. Лам нар гүйлдэн очиход Түвд ламын зулайгаас цус шүүрэн байлаа.
Төдөлгүй хэдэн удаа татвага гээд Түвд лам ч амьсгаа хураав. Хундан ягаан цус шанаа, нүүрийг нь даган урсана.
Нэгэн хөгшин лам по нь задраад гарчихлаа даа хөөрхий ум мани бад мэхүм гээд ханцуйндаа залбирахад хажууд нь байсан залуу лам ламтан гуай тэр чинь юу гэсэн үг вэ? гэхэд хөгшин лам дотоод хүчээ нэг дор маш ихээр хуримтлуулсан бөгөөд тэр газарт нь чулуу ирж цохилгүй хуурсан тyл хамаг хий нь тархийг нь задалж по буюу сүнсийг дээш нь гаргачихлаа гэв. Мөн цаахна суусан данхар толгойтой лам хөгшин ламаас энэ бор өвгөн чинь тэгээд хэн гэгч вэ? гэж асуухад Энэ хүн бол Банди Зодоонд нэвтэрсэн нэгэн цагт Цастын орон Түвдийн 56-н дацанг нударгаараа дарж номхотгож явсан, "Ар Монголоос ирсэн гай" ч гэж адлагдсан Дэгжээ ламтан билээ, зарим хүмүүс түүнийг 50-н бандийн зодоонтой ч гэж ярьдаг. Залуу байхдаа нэг дор 50-н бандитай зодолдоод дийлж байсан ойгүй хурдан хөдөлгөөнтэй, нударганы эрдэмд хосгүй хүн юм гэнэлээ хэмээн хуучилжээ.

No comments:

Post a Comment