Tuesday, October 20, 2009

Клип шиг киногоор яахав дээ

Өдөр алгасалгүй мэндэлсэн шинэхэн кинонууд эхнээсээ үзэгчдийн үнэлэлт дүгнэлтийг авч эхэллээ. Хуруу дарам цөөхөн кинотеатрууд маань ээлж дугаараа хүлээж буй хэдэн арван киноноос шилж сонгох ч завгүй шахам ажиллаж байгаа сурагтай.
Урлагийн ертөнцөд нэр алдар, авьяас чадвараараа танигдсан гайгүй хэдэн уран бүтээлчид минь кино хийх хообийтой болоод удаж буй. Цаг үеэ олсон шинэлэг санаа бүхий уран сайхны киногоо үзэгчдийг шүүрс алдтал бүтээх болов уу гэсэн найдлага хөсөр хаягдсан нь харин нууц биш.

Сүүлдээ бүр энэ өвчний "халдвар" авсан хүмүүс олширч, тэр хэрээр кино урлагийн ертөнц үнэгүйдэх дөхлөө. Мэргэжлийн уран бүтээлчдийн баг, техник технологиос эхлээд л цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан киноны ажлыг. хэн дуртай нь хийх болсноор даруй хэдэн жилийн нүүр үзэж.

Худалч хүнд, бараг л сүүл хөхсөн өлгийтэй жаал кино хийх гэж өндөлзсөн байлгүй. Кино гэдэг агуу бүтээл мөнгө болж харагдсан өнөөгийн нийгэмд хэнийгээ ч буруутгах билээ. Урлагийн нэрээр түрий барьж, уран бүтээлчдийнхээ сэтгэлийг эмзэглүүлж яваа хэсэг хүмүүсийн л балаг гэж хэлмээр санагдах юм. Нэгэн үе мартагдах шахаад байсан кино урлагийн салбар өдгөө сэргэх шатандаа орсонд талархах нь зүйн хэрэг. Гэхдээ л толгойтой бүхэн кино хийж, мөнгө олохоор улайрч байгаа нь цаанаа л нэг ёозгүй санагдах юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Х.Дамдин гуай нэгэнтээ хэлсэн байдаг шүү дээ.

"Орчин үеийн киног ойлгоход бэрх болжээ. Киноны үйл явдал, өгүүлэмж нь тодорхой бус, үүгээрээ чухам юуг илэрхийлэх гээд байгааг нь ч мэдэх аргагүй юм. Хэдийгээр кино урлагийг хөгжүүлж, чанартай уран бүтээл хийх гэж зүтгэж яваа чадалтай залуус олон байгаа ч ихэнх нь мөнгө боддог болчихож. Мөнгө бодож хийсэн зүйл хэзээ ч сайн бүтээл болж чадахгүй. Хуучны үед бол кино зохиолоо бэлэн болгож, зураг авалт болон бусад зүйлийн талаар ягштал төлөвлөж байж ажилдаа ордог байлаа.

Гэтэл одоо бол огт өөр шүү. Киноныхоо ямар хэсгийн зургийг хаана авах эсэхээ ч найруулагч нь хүртэл мэдэхгүй явах юм. Бараг л тухайн өдөр нь ярилцаж байгаад хаана зураг авалт хийхээ тохирдог юм байна шүү дээ. Байгаль орчин, цаг агаарын байдал хийгээд бусад хүчин зүйлээс илүү жүжигчдийн тоглолтод л анхаарах нь утгагүй. Тэгэхээр тухайн дүрийг тодотгож өгөх нэмэлт зураглал бараг л байхгүй гэсэн үг" гэж. Үнэхээр ч кино хийх "моод" хүчтэй дэлгэрээд удаж байгаа бололтой, манайд.

Хэн дуртай нь зохиол бичиж, зураг авч, кино найруулж, бас гол дүрд нь тоглоод явах болж. Хошин урлагийн студи продакшнууд бие биеэсээ өрсөн баахан кино "бөөндөж" орхиод үзэгчдээ ч тоож байгаа юм алга. Онигооноос сэдэвлэсэн тайзны тоглолтоо хальсанд буулгачихаад түүнийгээ ичих ч үгүй "Кино" гэж нэрлэхээр өмнөөс нь нүүр улайдаг гээч. Бас болоогүй ээ, тэр кинонцорт нь мисс, загвар өмсөгч, дуучин, хөтлөгч, нэвтрүүлэгч, үсчин, оёдолчин гээд л зүсэн зүйлийн ажил мэргэжил, эрх ямбатай нөхөд тоглодог гэж байгаа.

Үүнийг нь хараад рок попынхон ч гэсэн барьцахаар шийдсэн нь илт. Чамлахааргүй орлоготой хэдэн студи продакшнууд нь кино хийхээр бужигнаж, хөл толгой нь мэдэгдэхээ болиод даанч удлаа, хөөрхий. Харин хөгжмийн зохиолч, яруу найрагчдыг "хормойдож" ганц нэг хит дуу салгачих санаатай уралдах нь холгүй гүйлддэг байсан мөнөөх дуучид нь одоо киноны дүр булаацалдаж суугаа нь хачирхалтай. Учрыг лавлахаар "Азийн алдартай дуучид бүгдээрээ л кино од байдаг шүү дээ.

Манайх ч гэсэн, тэднээс юугаараа дутдаг юм бэ. Холливудын одод кинонд тоглохоос гадна дуулж бүжиглэн, загвар өмсч, нэвтрүүлэг хөтлөөд л тал бүрийн ажилд өөрийгөө сорьж байна" гэж ирээд л ичихээ мэдэхгүй баахан хүний нэр хэлээд барьцаж эхэлнэ дээ.

Адаг сүүлдээ бүр өөрсдөө хүртэл кино хийх гэж үзэж тарж үсэрч наалдаж байх шиг ээ. УИХ-ын сонгуулийн өмнөхөн нээлтээ хийхээр зэхэж байсан хэдэн киноны рейтингийг навс унагаж, үзэгчдийн дунд хүлээлт үүстэл нь сурталчилсан нэгэн бүтээл бол "Луйврын хот" уран сайхны кино. Телевизийн хөтлөгч, жүжигчин залуу найруулагч болох хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэж байгаа гэх энэхүү кинонд нь дуучин, загвар өмсөгч, фото модель гээд л таних танихгүй баахан улс уригдсан юм байх. За тэгээд, шинэ амьдралынхаа төлөө сонголт хийх цаг болсныг сануулсан уран бүтээлчдийн уриалга Ардчилсан намын сурталчилгааг өлхөн далдалж орхисон шүү. Үүгээр ч зогсохгүй, фэн клуб хүртэл байгуулан хөдөө орон нутгаар явж охид залуусын үзэл бодлыг сонсч, уран бүтээлдээ тусгахаар шийдсэн юм байх. Гэвч УИХ-ын сонгууль ч дууслаа, "Луйврын хот" ч сураг алдарлаа. Юун өнөө нийгэмд тулгамдсан асуудлуудыг сөхөж, дарга даамлуудын луйврыг дэлгэх манатай. Гайхаж хоцорсон үзэгчид тус киноны уран бүтээлчдийг эрэн сурвалжлах нь холгүй мөшгиж, эгээ л бяцхан үймээн дэгдээсэнгүй.

Багагүй хөрөнгөөр бүтэж байгаа гэх уг киноны уран бүтээлчид нэлээд бийлэгжүү загнаж, аав ээжийгээ гайхтал "том" ярьж байсан цаг саяхан. Харамсалтай нь, тэд ч бас луйвардуулсан бололтой. Балчир "киночдыг" ийнхүү сонгуулийн сурталчилгаандаа ашигласан нууц ноёнтнууд хэлж ярьснаа мартаад нүүр буруулсан гэдэг. Тиймээс халаасны мөнгө гуйх нь холгүй, хоосон хоцорсон уран бүтээлчид арай л гудамжинд гарч дуулсангүй. Энэ тэрүүгээр гүйж, эрвийх дэрвийхээрээ зүтгэж байж хэд гурван төгрөг олсноор киноны ажлаа дуусгасан юм байх. Уг кино нь саяхан үзэгчдийн хүртээл болсон хэдий ч төдийлөн таалагдаагүй. "Луйврын хот" нэрэндээ арай л жулдсан гэмээр бяцхан үйл явдлын өрнөлөөс өөр тэнд юу ч үзэгдсэнгүй.

Гайхаад байх зүйлгүй л дээ, мөнгөндөө тааруулж хийсэн юм чинь. Энэ мэт эргэлзэж, бас бухимдмаар кино зөндөө байгаа.

25 жилийн өмнө охид залуусыг байлдан дагуулж байсан "Би чамд хайртай" киног манай "супермэнүүд" бас л олзлоод авсан юмдаг. Эхний ангид тоглосон жүжигчдийг уриад л хоёрдугаар анги нь "Ок" гэж бодсон нь лав.

Ахмад уран бүтээлчдээс зөвлөгөө авч, хоёр гурван сарын турш зураг авалтаа хийсэн гэж ирээд л чамгүй сурталчилсан "Hero" энтертайнментын найруулагч Б.Баатар үзэгчдээс ширүүхэн үг сонсох нь. Уг нь ч яахав, клип энэ тэр хийхдээ сайн л даа, цаадах чинь.

Гэхдээ л кино урлагийг клиптэй адилтгаж болохгүй гэдгийг нэг л сайн ойлгоогүй юм шиг байна лээ. Мань эрийн хийсэн "Би чамд хайртай-II" киноны гол дүрд тоглосон дуучин Д.Болд ч гэсэн үггүй жүжиглэлтээрээ олныг гайхуулсан. Сүр дуулиантайхан нээлтээ хийсэн тус кино санасныг бодвол огт сонирхолгүй, бараг л Д.Болдын дууны клип аятай болчихож.

Урамгүйхэн буцсан охид залуус цахим хуудсанд хүртэл сэтгэгдлээ үлдээжээ.

Түүний заримаас сонирхвол "Эхний ангиа гутаасан бүтээл байна, ичээч", "Энэ чинь кино юм уу дуучин Болдын клипний үргэлжлэл юм уу", "Жүжигчин Пүрэвмаа тоглож чадахгүй байна. Өөрөө уг нь тоглохыг хүсээгүй гэсэн биз дээ. Тэгээд л ингэж хөндий хандсан байх, Ундралын дүр нэг л биш ээ. Жүжигчин нь дүрдээ арай хөгшдөөд байна. 25 настай оюутан охин гэхэд инээдтэй харагдах юм" гэж ирээд л нэлээд муулж. Үнэндээ энэ бүхнийг хэн нэгэн зориуд зохиож бичээгүй, үзэгчдийн үнэн бодит сэтгэгдэл гэдгийг л дурдах хэрэгтэй болов уу. Харин ихэнх хүмүүс "ТВ-Коктейль" хамтлагийн жүжигчин А.Өнөржаргалыг үнэлж, клип шиг киногоо жаахан ч атугай чимж өгсөн авьяаслаг залуу гэж урамшуулсан аж. "Би чамд хайртай" киноны гол дүр болох Үрлээгийн дүрд тоглосон жүжигчин С.Пүрэвмаа уг шүүмжлэлийг хүлээж авахад бэлэн гэдгээ нэг биш удаа мэдэгдсэн удаатай. Учир нь, кино зохиол болоод зураг авалтын хугацаа нь түүнд хангалттай бус санагдсан учраас дүрийн саналаас татгалзсан гэдгээ нуугаагүй. Харин ахмад жүжигчдийн нөлөөнд автаж, киноныхоо хоёрдугаар ангид ч "Дургүй ламыг дарж байгаад сахиж хүртээв" гэдэгчлэн ээжийн дүрээ чамласан гэдэг.

Тиймдээ ч, 25 жилийн дараахи Үрлээгийн дүр төрх үзэгчдийн сонирхлыг татсан шигээ амархан мартагдахаар муу болж. Дуучин Д.Болдын хувьд киноны эхлэлээс төгсгөл хүртэл нэг л их дүнсгэр царайлсан хийлчин залууг илэрхийлээд авч. Иймэрхүү маягаар киноны тухайд тоочоод байвал шүүмжлэх зүйл уй нь. Түүнээс хойш хэдхэн хоногийн дараа нээлтээ хийсэн “Орхидос" киноны хоёрдугаар анги мөн л мартагдах тийшээ хандах бололтой. Эхний ангид гарсан зодоон цохион, хүчирхийлэл, нус нулимс, амьдын хагацал ахиад л үргэлжилжээ. Эцэс төгсгөлгүй мэт санагдах гашуун зовлон, нүд хальтирмаар зураглал кино дуусах дөхөөд ирэхээр арай л гайгүй болж байна лээ. Ёстой л нэг амьсгаа авах "чөлөө" өгөхгүй, сэтгэлийн дарамтанд оруулж орхисон. Утга учиргүй хар сэдвээр "нүдээд" байхаар сүүлдээ бүр дөжирчихдөг байх аа. Юун кино үзэх манатай, нүдээ аньж чихээ дараад л зугтах нь холгүй явна. Алаан талаан цус нөжтэй киноноос холуур яваад залуусын хайр сэтгэлийг харуулсан хөнгөн сэдэвтэй кино үзье гэхээр бас л болохгүй нь. Дөнгөж сургуулиа төгссөн оюутнуудаас эхлээд л реалити шоуны оролцогчид хүртэл кино хийх гэж үздэг болсон цаг. Зүгээр л нэг марзан тоглолт, хөгийн ч гэмээр үйл явдалтай кинонцорын тоог нэмэхээс өөрөөр гавьсан зүйл алга аа тэдэнд. Бас 4тэр адал явдалт кинонууд нээлтээ хийгээд сүйд ээ, сүйд. Гадаадын киноны Монгол хувилбарууд өдөөс өдөрт нэмэгдэж байгаа ч өнөөх л болхи байдал нь хэвээрээ. Тэгээд бас болоогүй ээ, улаан хивсний ёслолын арга хэмжээгээр сүр дуулиан болгохыг нь яана. Хүн болгон гарч гүйгээд байдаг эд биш байх аа, тэр чинь. Эгээ л шинэ гэрийн найранд улаан хивсээр алхаж орох нь дөхөж байх шиг. Энэ мэт кино урлаг дахь эрээнтэй бараантай, инээдтэй эмгэнэлтэй "моод"-ыг халах цаг нь болсон юм биш үү.

No comments:

Post a Comment