Tuesday, October 20, 2009

Хятад улс удахгүй дэлхийн хамгийн баян гүрэн болно

Миний ээжийн хуланц болох Азал гэдэг хүн Увс нуурын өвөөнөөс Утай Гүмбэн орохоор атан тэмээ хөлөглөн дөрвөн сар явж байж хүрсэн гэдэг. Тэр үед баруун монгол Манжийн дарлалд арай ороогүй амжаагүй, манжийн цэрэгтэй тулалдаж байсан үе аж.


Утай Гүмбэнд очиж мөргөл үйлдэх, “эхийн умай”-гаар шургаж гарах энэ насандаа үйлдсэн ариун гэгээн буян гэж үздэг байж. Тэр буян үйлдэх аянд одохдоо аль болох цөөн дуугарвал буян чинь арвин бөгөөд биед шингэж ариусан эхээс дөнгөж төрсөн шиг цэвэр ариун болдог гэсэн лам хуваргуудын айлтгал сургаалыг дагаж хуланц маань тэмээгээр дөрвөн сар аялахдаа Бээжин хүртэлх уртын урт замд долоохон удаа дуугарсан тухай үе дамжсан яриаг миний бие өвөг дээдсээсээ сонссон билээ.

Энэ бол дээд зэргийн тэвчээр хэмээн хэлж болно. Монголчууд хятад хүний мөн чанарыг манжийн дарлалтай холбож үздэг болохоор цаанаа л дотор хүнд нэг их сайн ханддаггүй байсан үе бий. Энэ бол бодит үнэн. Харин 1949 онд Хятадад ардын хувьсгал ялж , БНХАУ тусгаар тогтнолоо зарлан тунхаглах үедээ БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ үеэс Монгол-Хятадын харилцаа цоо шинэ шатанд гарсан билээ. Миний бие 1960 онд Монголын радиод ажиллаж эхэлсний дараахан манай улсад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу - Энь-Лай зочилсон юм. Зочныг Буянт ухаагийн буудалд ёс төртэй угтсаны дараа хүндэт зочдын цуваа Энхтайвны гүүрээр гарах үед монголын радиогоор :

Бавайсан сахалтай Баатар цогтын нагацыг
Бага хүнээр банжаа юу даа хөө
Баруун голын усанд болбол загасгүйгээр бодоо юу даа
Баширын аргаар та юугаа хийх вэ ?
Байж орхивол дээргүй юу даа
Жирвийсэн сахалтай Баатар цогтын нагацыг
Жирийн хүнээр бодоо юу даа гээд л энд тэндгүй зоосон цагаан хоолойгоор хангинаж гардаг байгаа даа. Гэтэл хүндэт зочин маань бавайсан ч гэж болох, жирвийсэн ч гэж болох сахалтай хүн байсан болохоор Намын Төв Хорооны Үзэл Суртлын хэлтэс биднийг ихэд зэмлэж “Улс төрийн алдаа гаргасан, хүндэт зочныг доромжилсон мэт юм болсон” хэмээн банга хүртээж, бид хэд асуултын тэмдэгтэй үлдэж билээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу - Энь-Лай агсан Монголд айлчлах үедээ хэлсэн нэг үг миний санаанаас одоо хүртэл гардаггүй. Тэр нь, “хятадын ард түмэн, БНХАУ-ын Засгийн газар Монголд, монголын ард түмэнд манжийн дарлалыг марттал нь тусална” гэж хэлсэн юм. Эхний ээлжинд БНХАУ-аас монголд 160 сая юанын буцалтгүй тусламж үзүүлсэн билээ. Энэхүү тусламжаар дөнгөж барьж дуусаад байсан Энх тайвны гүүр, хотын доторхи салаалсан олон зам, Спортын төв ордон, бас 50 мянгат гэж алдаршсан орон сууцыг барьсан юм.

Миний бие БНХАУ-ын нутгаар явж сурвалжилж байсны дээр албан ажлаар Бээжинг дайрч өнгөрөх бүрийд Хятад улсын нийслэл ямар түргэн өөрчлөгдөж орчин үеийн өндөр өндөр барилга сүндэрлэж, хотын гудамжинд машин тэрэг нь багтаж ядан хөлхөлдөж байгааг хараад хятад хүний хөдөлмөрч, ажилсаг зан төлөвийг бахдан бишрэх сэтгэл төрж байдаг билээ. Өдгөө БНХАУ эдийн засгийн хүчин чадлаараа Японыг гүйцэж, дэлхийд Америкийн дараа орох боллоо.

Дэлхийн эдийн засгийн шинжээчид Хятад улс АНУ-ыг эдийн засгийн хувьд гүйцэж түрүүлэх хугацааг 2020 онд биш, 2015-16 онд зэрэгцэж очно гэсэн судалгаа гаргажээ.

Дэлхий дахины эдийн засгийг хямрал нэрвэж байхад БНХАУ-ын эдийн засаг өссөөр байгааг дэлхийн нэрт эдийн засагчид цохон дурдаж, Хятад улс эдийн засгийн талаар дэлхийд тэргүүлэх цаг тун удахгүй ирнэ гэж үзэж байна. Улс орны эдийн засгийн нэгэн чухал үзүүлэлтийн нэг болох валютын нөөцөөр БНХАУ дэлхийд тэргүүн байранд байна. Япон, Орос зэрэг валютын нөөц ихтэй орноос БНХАУ хол давуу байгааг олон улсын санхүүгийн байгууллага тодорхойлон гаргаж байна. Хятад хүнийг дэрсэн шаахай, гандсан хөх өмд цамцтай гэж тодорхойлж байсан тэр цаг улиран одсоор даруй 40 гаруй жил өнгөрч байна. БНХАУ сансрын гүрэн болсоор 10 гаруй жилийг үдэж байна. Хятад улс сансарт эрдэм шинжилгээний өөрийн гэсэн станцтай болох зорилго тавихын зэрэгцээ саранд хүрч тэнд буудалтай болох төлөвлөж байгаа нийтэд зарлан мэдээлсээр байгаа билээ.

“Муур ямар өнгө зүстэй байх нь хамаагүй, хулгана барьж чаддаг байх ёстой” гэсэн Хятадын удирдагч Дэн Сяо Пины мэргэн номлол хүн ямар үзэл бодолтой байх нь гол биш ажил хийж, аж төрөх чадвартай байх ёстой гэсэн прагматик санаа биеллээ олж байна хэмээн хэлж болно. Өдгөө дэлхий дахин Ази руу, түүний гол гүрэн Хятад руу хараагаа чиглүүлж байгаа бид харж байна. БНХАУ эдийн засгийн хувьд хүчирхэг баян болох тусам Монгол улсын хөгжилд ихээхэн тус үзүүлнэ гэдэгт жирийн сэтгүүлч би итгэлтэй байна.

No comments:

Post a Comment