Tuesday, October 20, 2009

“ЗУН” ТӨГРӨГИЙН ТҮҮХ

1941 онд гүйлгээнд гарсан мөнгөн тэмдэгт нь урьд өмнөх мөнгөн тэмдэгтүүдээс ялгарах онцлогтой байв. Тухайлбал, энэ шинэ мөнгөн тэмдэгт дээр анх удаа монгол болон кирилл
бичгийг хослуулсан юм. “Бүгүд Найрамдах Монгол Ард Улсин 31 он” хэмээн кирилл бичгээр бичсэн мөнгөн тэмдэгт дээр “Зун төгрөг” гэж дурайна. “Зун” төгрөг үү, “Зуун” төгрөг үү. Чухам яагаад ингэж бичих болов. Мөнгөн тэмдэгтээ алдаатай хэвлэсэн хэрэг үү? эсвэл...

БНМАУ-ын Ерөнхий сайд, Цэргийн яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжин, Гадаад, Дотоод явдлын яамны сайд, БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан, Сангийн яамны орлогч сайд, Улсын банкны ерөнхий хорооны дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчид 1939 оны арваннэгдүгээр сарын 18-нд ЗСБНХУ-д айлчлахаар морджээ. Монголын нам төрийн удирдагчдын айлчлал нь МАХН-ын Х их хурал, БНМАУ-ын YIII их хурлын бэлтгэл ажил хийгээд барилга байгууламжийн ажилд тусламж хүсэх зорилготой байв.
1940 оны нэгдүгээр сард маршал Х.Чойбалсанг ЗХУ-ын дээд удирд­лагатай уулзаж ярилцах үед Большевик намын төв хороонд Монголын асуудал хариуцаж байсан К.Ворошилов монгол үсгийг орос үсгээр солих санал анх гаргасан ажээ. “...Танай монгол бичиг дэндүү олон үсэгтэй гэнэ билээ. Чингэхээр орос үсэг авч хэрэглэвэл болохгүй юу” хэмээн зөвлөсөн К.Ворошиловын саналыг зүйтэй хэмээн үзсэн Х.Чойбалсан монгол үсгийг кирилл үсгээр солих ажлыг хэрэгжүүлэх алхам хийсэн байна.
Тэрбээр эхэндээ монгол үсгийг шууд орос үсгээр солихоос татгалзан, латин үсгээр солих нь зүйтэй гэж үзсэн бөгөөд 1940 оны гуравдугаар сард хуралдсан МАХН-ын Х их хуралд тавьсан Төв Хорооны улс төрийн тайлан илтгэлдээ худам монгол бичиг, монгол зурхайн тоог латин үсэг, араб тоогоор сольж өөрчлөх санал дэвшүүлж байжээ. МАХН-ын Х их хурлын тогтоолд заасны дагуу латин үсгийг таван жилийн дотор нийт хүн амд сургах соёлын довтолгоо явуулж, бүх шатны сургуульд заах ажлыг идэвхтэй хэрэгжүүлж эхэлсэн байна.

1940 оны долдугаар сарын 27-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс латин үсгийг үндэс болгосон шинэ монгол үсгийг зохион хэрэглэх шийдвэр гаргажээ. 1941 оны хоёрдугаар сарын 21-нд латин үсэгт үндэслэсэн шинэ монгол бичиг зохиох комиссын дарга Ю.Цэдэнбалаас олон нийтийн саналыг үндэслэн зохиосон төслийг Сайд нарын Зөвлөлийн хуралд оруулан хэлэлцүүлснийг сайшаан 29 үсэгтэйгээр баталсан байна. Гэтэл уг хурлаас ганц сарын дараа буюу гуравдугаар сарын 25-нд МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хуралд латин үсэг авч хэрэглэхийг зогсоож, кирилл үсэг авч хэрэглэх тухай асуудлыг МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал оруулж батлуулжээ.

Латин үсгийг үндэс болгосон шинэ монгол үсэг зохиох тухай намынхаа их хурлын шийдвэрийг толгой мэдэн хүчингүй болгож монгол үсгийг орос кирилл үсгээр солих шийдвэр гэнэт гаргасны учир шалтгаан нь 1941 оны дөрөвдүгээр сарын 24-нд хуралдсан ЗСБНХУ-ын БХК/б/ Намын Улс Төрийн Товчооны 31 дүгээр хурлын протоколд “БНМАУ-ын бичиг үсгийг монгол цагаан толгойноос орос цагаан толгойд шилжихэд татгалзахгүй” хэмээн тэмдэглэн заасанд оршиж байв.

Дээрх тогтоолд заахдаа, “...тус орны соёл боловсролын цаашдын хөгжилт нь гагцхүү ЗХУ-ын ард түмэнтэй ах дүүгийн найрамдлыг бэхжүүлэх, түүний баялаг соёлоос сурч эзэмших замаар явах болно. Манай ард түмэнд чухал хэрэглэгдэх бүхий л хувьсгалын зохиол бичиг орос хэлээр байгаа ба мэргэжилтэй боловсон хүчнийг ЗХУ-д явуулан бэлтгэж байгаа учраас монгол үсгийг орос үсэгт тулгуурлан авах нь чухал” гэж тэмдэглэсэн байна. Тус хурлаас байгуулсан Ю.Цэдэнбал даргатай комисс шинэ үсгийн төслийг богино хугацаанд боловсруулан 1941 оны тавдугаар сард Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлөөр батлуулахын хамт 1941-1942 оны хичээлийн жилээс шинэ үсгийг бүх шатны сургуульд заах, ард түмнийг нийтээр шинэ үсэгт сургах тухай заажээ.

Түүнчлэн үсгийн дүрэм, шинэ үсэгт шилжин орох хугацаа журмын тухай арга хэмжээ боловсруулахыг Улсын комисс болон Шинжлэх ухааны хүрээлэнд үүрэг болгосон байна. Улсын комиссын бүрэлдэхүүнд Ардыг гэгээрүүлэх яамны сайд Т.Машлай, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, багш Доржсүрэн, С.Тамжид, Д.Цэвэгмид, ШУХ-ийн гишүүн Д.Сурмаажав, Эрүүлийг хамгаалах яамны сайд Б.Гонгоржав, цэргийн Лувсандорж нар оролцжээ.

Комиссоос кирилл үсгийг үндэс болгон монгол шинэ үсгийг 35 үсэгтэйгээр тогтоож ирүүлснийг 1941 оны тавдугаар сарын 9-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлөөс баталж кирилл монгол үсгийн бичих ба хэрэглэх түр дүрмийг боловсруулан гаргах цагаан толгой, сурах бичгийг бэлтгэхийг Шинжлэх ухааны хүрээлэн, Ардыг гэгээрүүлэх яаманд даалгажээ.
Мөн кирилл монгол үсгийг ард түмэн албан хаагчдад өргөнөөр нэвтрүүлэн суралцуулах ажил зохиохыг нам, олон нийтийн ба улсын бүх байгуулагуудад үүрэг болгож, кирилл монгол үсгийг бичиг үсгийн дугуйлан, бүлгэмүүд ба цэргийн салбарт заахын хамт 1941-1942 оны хичээлийн жилээс эхлэн бага сургуулийн нэг, хоёрдугаар ангийн бүх хичээлийг шинэ үсгээр явуулах, бүх сонинг шинэ үсгийн булантай болгож кирилл монгол үсгээр өгүүлэл, материал хэвлэх, улсын хэмжээгээр шинэ үсэгт шилжин орох хугацааг сарын дотор боловсруулахыг Шинжлэх Ухааны хүрээлэн, Ардыг гэгээрүүлэх яаманд тус тус даалгав.

1941 оны тавдугаар сард багш, ажилчин, албан хаагч, ард түмний санал хүсэлтийг нэгтгэн хянасны үндсэн дээр “Шинэ үсгээр үг холбох тухай” хэмээсэн анхны түр дүрмийг нийтийн анхааралд зориулан нийтэлсэн ба түүний үр дүнг харгалзан удалгүй шинэ үсгийн зөв бичих дүрмийг зохиожээ. Шинэ үсгийн зөв бичих эл дүрэм нэгэн мөр шийдэгдэж цэгцрээгүй байсан үед янз бүрээр бичиж байв. Түүний тодорхой жишээ нь энэхүү мөнгөн тэмдэгт бөгөөд тухайн үед урт эгшгийн оронд өргөлтийн тэмдэг хэрэглэж, “зуун” гэхийг “зун”, “улсын” гэхийг “улсин” гэх зэргээр бичиж байжээ. Мөн үүний нэгэн адил жишээг 1943 оны долдугаар сарын 1-нд гүйлгээнд гаргасан “Ардчилсан хувьсгалын үе шат” нэртэй цуврал найман нэрийн маркаас харж болно. Тэдгээр марк дээр “Монгол шудан” хэмээн бичсэн байдаг юм.

No comments:

Post a Comment