Tuesday, October 20, 2009

үлгэр домог

Ганц гашууны домог
Дээр үед Хятадын түмэн газрын цагаан хэрэмний хормой билд нь Монгол нутгийн захын нэгэн цэг "Ганц гашуун" гэж газар байжээ. Энэ нутгийн ус нь гашуун, уул нь хадархаг, өвс нь өргөсөрхөг, бас өвөлдөө өнгүй зуд болох нь олонтоо, зундаа зунгүй ган болох нь олонтоо гэнэ. Өгөөж ундсаар ижилгүй муу нутаг тул тийнхүү "Ганц гашуун" гэж нэрлэжээ.

Гадаад далайг нуур байхад, Ганга нуурыг шалбааг байхад, галибарваасан модыг бут байхад болсон юм гэдээг...Тэр цагт манай Монгол улсын хаан Шилдэг долоон настай, Шилэн галзуу баатар хүү байсан юм гэнэ билээ.
Нэгэн өдөр Хятадын хаан Монголын хаанд:
-Хамгийн хайртай хүлэг-Найман хөлтэй, найгал алагаа өг! гэж хэлүүлжээ. Албат нар нь хааны Найман хөлтэй, найгал алагийг хятад авах гэлээ. Одоо дайн болно гэж бэлдэж хаандаа очицгоосон чинь Шилэн галзуу баатар:
-Нэг хүлэг хичнээн сайн боловч түмний эх адуун олон сүрэг нь байхад илүү сайн хүлэг заавал төрнө. Нэг мориноос болж хөрш гүрэнтэйгээ муудалцах нь манай төрийн ёсонд хазгай! Найгал алагийг өг! гэжээ.Нэгэн хоёр жилийн дараа Хятадын хаан хилийн цэргээ Монгол нутагт цөмрүүлж:
-Хамгийн хайртай гүнжээ өг! гэж Монголын хаанд хэлүүлжээ. Албат нар нь:
-Галзуу баатар хааны Эрдэнэ-Орчлон гүнжийг хятадууд авах гэнэ. Одоо дайн болно гэж бэлдэж хаандаа очицгоосон чинь хаан:
-Нэг гүнж хичнээн сайхан боловч Монголын үзэсгэлэнт саран гоо ээжий нар байхад илүү сайхан гүнж заавал төрнө. Нэг эмээс болж хөрш гүрэнтэйгээ муудалцах нь манай төрийн ёсонд хазгай! Эрдэнэ-Орчлон гүнжийг өг! гэжээ.Нэгэн хоёр жилийн дараа Хятадын хаан Монголын хааны ордонд хилийн цэргээ зарж, Ганц гашуун гэдэг газраа, Энх-Орчлон ачтайгаа өг хэмээн нэр заалган хэлүүлжээ. Албат нар нь хааны нэг настай ач, Ганц гашуун хоёрыг хятад авах гэнэ. Хаан Найгал алаг морь, Эрдэнэ орчлон гүнж хоёроо харамгүй өгсөн юм чинь, хоёр гүрний эвийг бодож, үржил шимгүй, билчээрийн өвс муутай өргөсний орон болсон энэ Ганц гашууныг, тэр муу нусгай ач хүүтэйгээ лав баярлан өгөх биз. Одоо хэзээ ч дайн болохгүй нь хэмээн хөөрөлдөн хаандаа очиж айлтгаваас Шилэн галзуу баатар нүдэндээ уур хилэн бадруулан харж, толгой сэгсрэн өгүүлрүүн:
-Ус билчээр муу боловч алгын чинээ газар шороог ч ургуулж тарьж болдоггүй юм. Хүү хүүхдэд баривч нь уужимдах өдөр байвч, нэртэй төртэй том хүн болоход нь газар дэлхий ч давчидах өдөр ирдэг билээ. Хил манах хүү, газар шороо хоёр Найгал алаг морь, Эрдэнэ-Орчлон гүнж хоёроос ялгаатай. Хятад өнөөдөр цагаан хэрэмний ёроол дахь Ганц гашууныг авах гэж байна. Маргааш хэрмийн умар дахь бүх Монгол нутгийг авах гэх болно. Дайнд бэлтгэ, албат нараа! Нүүдэлчдийн нутгаас Хар Хятадын химэлсэн нь ер багадаагүй. Энх-Орчлонг саадаг агсуулж, илд хуйлуулж тоглуул! гэсэн юм гэнэ билээ. Тэгээд хятадын хааныг айхавтар дийлж, Монгол нутгаас гуйх хушуу, самрах савар хоёрыг нь хэрмийн цаад руу болгож өгчээ...

No comments:

Post a Comment