Tuesday, October 20, 2009

Хүүгээ Q гэж нэрлэхийг шүүхээр зөвшөөрүүлэв

Шведийн Ямтленд хотын шинжлэх ухааны уран зөгнөлд дурлагч нэгэн гэр бүл жил шахам хөөцөлдсөний эцэст хүүдээ Q гэсэн нэр өгөхийг Дээд шүүхээр зөвшөөрүүлж чадлаа. Хоёр ч шатны шүүх ийм нэрийг “ирээдүйд хүүхдэд сэтгэл зүйн дарамт учруулж магадгүй” гэсэн үндэслэлээр зөвшөөрөөгүй ч эцэг, эх нь давж заалдаад, заргаа авсан аж.



Q гэдэг нь Америкийн шинжлэх ухааны уран зөгнөлт Star Trek цуврал киноны баатрын нэр юм. “Бид хүүгээ төрөнгүүт л Q гэж нэрлэхээр шийдсэн. Миний хүү хосгүй хүүхэд болохоор нэр нь ч гэсэн содон байх учиртай” хэмээн Q-гийн аав Рикард Ренберг ярьж байна.

Хорвоо ертөнц дээр ховор содон нэртэй хүн олон. Тухайлбал, Британид өсвөр насны нэгэн хөвгүүн өөрийгөө Captain Fantastic Faster Than Superman Spiderman Batman Wolverine The Hulk And The Flash Combined гэж багачуудын дуртай комиксын долоон супер баатрын нэрээр дуудуулахыг хүсчээ.
Америкийн Хойд Каролина мужийн оршин суугч эмэгтэй нэрээ мэдээлэл технологийн хөгжилтэй мөр зэрэгцэн CutoutDissection.com хэмээн өөрчилсөн гэнэ. Харин Чикагогийн Жексон гэдэг айл хүүхдүүддээ Менингит, Төвөнхийн үрэвсэл, Мухар олгойн үрэвсэл, Хэвлийн гялтангийн үрэвсэл, Гүйлсэн булчирхайн үрэвсэл гэсэн нэр өгсөн байх юм. Мөн Шведэд хайгуулын маркетингийн эрдмийн зэрэгтэй нэгэн эр хүүгээ хамгийн дуртай хайгуулын системээрээ Google хэмээн нэрийджээ.

Мөн Венесуэлийн телефон утасны лавлахаас тус улсад Таж-Махал Санчес, Элвис Пресли Гомес Морило, Дарвин Ленин Хименес, тэр ч байтугай Гитлер Юфемио Майора нэртэй хүмүүс байдгийг мэдэж болох аж.
Орост энэ жил Каспер Ненаглядный, Принцесса Анжелина ба Ангел Мария, Дельфин, Ангел, Ветер, Север, Луна нэртэй хүүхдүүд төржээ. Тэр ч байтугай Москвагийн ойролцоох Королев хотын эхнэр, нөхөр хоёр охиндоо бэлгийн чалх сайжруулах “Виагра” эмний нэр өгсөн байна.

No comments:

Post a Comment