Tuesday, October 20, 2009

Идэвхитэй хөдөлгөөн хийж, эрүүл, зөв хоолловол урт насална

Байнгын идэвхитэй хөдөлгөөн, эрүүл, зөв хооллолтоос гадна үхэр болон хонины мах, амьтны гаралтай өөх тосыг бага, харин жимс ногоо, илчлэг багатай хүнсийг ихээр хэрэглэх,
түүнчлэн хооллох дэглэмийг зөв баримтлах, аливаа хорт зуршилгүй байх зэрэг нь урт наслахад эерэгээр нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Их Британид хэвлэгдэн гарсан “Хүнсний судар” хэмээх номонд наслалттай холбоотой хооллолтын онцлогуудыг дурьдсан талаарх доорх мэдээллийг хүргэж байна.


Тус номонд өгүүлснээр хоол хүнсэндээ хамгийн их анхаарах үеийг 10-25 нас хэмээжээ. Наслалтын энэ үедээ буруу хооллох, хоол хүнсний буруу дэглэмтэй болох нь тухайн хүний цаашдын амьдрал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийн сацуу өвчин эмгэг үүсгэх томоохон шалтгааны нэг болдог байна. Харамсалтай нь энэ насныхан хоол хүнсэндээ төдийлөн анхаарал тавьдаггүйн дээр махан хоол, чихэрлэг амттаныг хэт ихээр хэрэглэдэг байна.

25 нас хүрэхээсээ өмнө архи, тамхи хэрэглэсэн хүний биед эдгээр хорт бодисын үзүүлэх нөлөө харьцангуй өндөр байдаг төдийгүй тухайн хүний наслалтыг 20 жилээр багасгадаг гэнэ.

25-35 насныхан буурцагт ургамал, ногоо ихтэй, мах багатай хоол, сүү сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх нь зохистой юм байна. Мөн хатаасан жимс хэрэглэх нь хоол боловсруулах замын өвчин эмгэгээс сэргийлэхийн зэрэгцээ эдгэрэлтийг нь түргэсгэдэг давуу талтай байдаг аж.

36-45 насанд хүний бодисын солилцоо удааширдаг учир амьтны болон ургамлын гаралтай өөх тос ихтэй хоол, элдэв амттаныг хэт ихээр хэрэглэх нь элэг, цөс, бөөр, ходоод болон зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс аль болох хөнгөн хооллож шош, шинэ ургацын жимс хүнсний ногоог түлхүү хэрэглэх нь зүйтэй.
46-60 насныхан “Е” аминдэм болон цайр ихээр агуулдаг элэг, загас зэрэг хүнсийг түлхүү хэрэглэх нь тохиромжтой. Эдгээр насны болон ахимаг насны хүмүүс цайр, аминдэмээр баялаг хөнгөн хоол хүнсийг ихээр хэрэглэх нь наснаасаа залуу, хөнгөн шингэн харагдуулахаас гадна эрүүл мэндэд нь ихээхэн тустай байдаг байна.

Харин гал голомтоо бадраах гэж байгаа эсвэл, хүүхэдтэй болохыг хүсч буй залуу эцэг, эхчүүд цайр, селене, аминдэм “С”, “Е” ихтэй хоол хүнс хэрэглэх нь бэлгийн чадавхид сайнаар нөлөөлөхөөс гадна төрөх хүүхдийн эрүүл мэндэд ч тустай аж.

Цэвэршсэн эмэгтэйчүүдийн хувьд шошийг хоол хүнсэндээ ихээр хэрэглэх нь бэлгийн чадавхиа залуу насны адил хадгалах гол үндэс болж өгдөг гэнэ.

No comments:

Post a Comment