Tuesday, October 20, 2009

Монголчууд Их Британид 10 жилийн визээр зорчих боллоо

Гадаад харилцааны сайд С.Батболд, ИБУИНВУ-аас Мон­гол Улсад суугаа Онц бө­гөөд бүрэн эрхт Элчин сайд Торда Абот-Вот нар өчиг­дөр хоёр улсын хооронд ви­зийн нөхцөлийг хөнгөвчлөх ту­хай нот бичиг солилцлоо. Ингэснээр монголчууд Их Бри­танид зургаан сараас 10 жил хүртэлх хугацааны визээр зорчих эрхтэй болов. Өмнө нь монгол иргэд энгийн гадаад паспортаар 30-90 хоног, дип­ломат болон албан паспорт, оюутны эрхээр нэг жил хүртэлх хугацаагаар зорчдог байв.



“Монгол Улс бидний хувьд итгэл хүлээсэн улс учраас 10 жил хүртэлх хугацааны визийн зөвшөөрөл олголоо” гэж Элчин сайд, хатагтай Торда Абот-Вот хэлсэн. Аялал жуулчлалын зорилгоор зорчиж буй иргэдэд зургаан сарын, бизнесийнхэн болон Элчин сайдын хэлснээр итгэлтэй хүмүүст 10 жил хүр­тэлх хугацааны визийн зөв­шөөрөл олгох юм байна.

“Визийн зөв­шөөрлийг хөн­гөв­чилж буйд нот би­чиг солил­цож буйн гол агуулга оршино. Их Британид манай залуучууд англи хэл, бусад чиглэлээр сурах сонирхолтой ч визийн зөвшөөрөл, хугацаа тулгамдсан асуудлын нэг бай­­сан. Одооноос эхлээд ма­­най иргэд гол нь визийн мэдүүл­гээ үнэн зөв бөглөсөн, зорилго тодорхой, ямар нэг зөр­чил­гүй байвал 10 жил хүртэлх хугацаагаар ч визийн зөвшөөрөл авах боломжтой боллоо. Их Британид байнга зорчдог, тодорхой харилцаа, холбоотой хүмүүс болон бусад иргэний хооронд визийн мэдүүл­гээ л үнэн зөв бөг­лөчихвөл онцын ялгаа байхгүй гэж бодож байна” хэмээн Гадаад харилцааны сайд С.Батболд хэллээ. Тэрбээр энэ яамны дэд сайд байхдаа монгол иргэдийг АНУ-д 10 жилийн визээр зорчих асуудлыг 2001 онд хөөцөлдөж, ажил хэрэг болгож байсан билээ.

-Их Бри­танид зорчих визийг монгол иргэдэд Бээ­жингээс олгосон хэвээр байх уу гэсэн сэтгүүлчийн асуултад Элчин сайд, хатагтай Торда Абот-Вот “Их Британийн Засгийн газар зөвхөн Монголыг онцлоод Бээжингээс виз олгодог юм биш. Энэ бол виз олгох ажлыг төвлөрүүлэхтэй холбоотой гаргасан шийдвэр. Жишээ нь, япончууд манай улсад зорчих визээ Манила (Филиппин)-гаас авдаг. Визийг ингэж төвлөрүүлж олгодог байдал ойрын үед өөрчлөгдөнө гэж бодохгүй байна” гэж хариулав.

ИБУИНВУ-д жилд 2500 орчим монгол иргэн зорчдог ба тус улсад зорчихоор хүсэлт гаргагсдын 60 орчим хувьд нь визийн зөвшөөрөл олгодог аж. Тус улсад багцаагаар 6000-7000 орчим монгол хүн сурч, хөдөлмөрлөдөг юм байна.

No comments:

Post a Comment