Tuesday, October 20, 2009

“Билэг хаан”-ы замыг нээлээ

Бүгд Найрамдах Турк Улсын Шадар сайд бөгөөд Төрийн сайд ноён Х.Языжы тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол дахь албан ёсны айлчлал энэ сарын 5-нд эхлэв. Тус улсын салан тусгаарлагч курдууд хилийн цэргүүдийн эсрэг зэвсэгт халдлага хийсний улмаас тэрбээр Ерөнхий сайдаа төлөөлөн манай улсад айлчилж буй юм. Айлчлалынхаа эхний өдөр Х.Языжы Туркийн хөрөнгө оруулалтаар барьсан авто зам, музейн нээлтэд оролцлоо.



Өвөрхангай аймгийн Хар хорин сумаас Архангай аймгийн Хашаат сумын Хөшөө цайдам хүртэл нийт 46 км зам тавьсан аж. Орхоны музейд Түрэгийн үеийн Билэг хаан болон Култэгин жанжны дурсгалт хөшөө, тэр цаг үеийн түүх, дурсгалын зүйлс, археологийн олдворуудыг байршуулсан юм байна.
Дурсгалт хөшөөнүүд нь тухайн үеийн түрэг угсаатны амьдралын хэв маяг, ертөнцийг үзэх үзлийг харуулжээ.

Туркийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн болохыг Монгол Улс дэмжинэ

Бүгд Найрамдах Турк Улсын Шадар сайд бөгөөд Төрийн сайд Х.Языжы өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Баяр нарт бараалхав. Тус улсын салан тусгаарлагч курдууд хилийн цэргүүдийн эсрэг зэвсэгт халдлага хийсний улмаас тэрбээр Ерөнхий сайдаа төлөөлөн манай улсад айлчилж буй юм.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар уулзалтын эхэнд Туркийн зүүн өмнөд хил дээр зэвсэгт мөргөлдөөн болж, цэргүүд амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсонд гүн эмгэнэл илэрхийлжээ. Ноён Х.Языжы УИХ-ын даргад бараалхах үедээ өөрийн оронд албан ёсны айлчлал хийхийг урьсан Туркийн Үндэсний Их Хурлын дарга Кексал Топтаны урилгыг уламжилсан байна. Мөн Турк улс 2009-2010 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Байнгын бус гишүүн орноор элсэхээр нэрээ дэвшүүлсэн бөгөөд Монгол Улсын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

Талууд хоёр орны хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлэх асуудлаар санал солилцсон байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх онд тохиох аж. Ойг угтан тодорхой арга хэмжээ зохион байгуулах асуудлаар хоёр орны ГХЯ бэлтгэлдээ орсныг Х.Языжы мэдэгджээ.

Мөн Турк улс хөрөнгө оруулалт, тусламжийн хэмжээгээ цаашид нэмэгдүүлэх байр суурьтайгаа тэрбээр дуулгасан байна. Ерөнхий сайд С.Баярын дэвшүүлсэн Засгийн газар хоорондын хорооны V хуралдааныг ойрын үед хийх саналыг Шадар сайд дэмжиж, Анкара хотноо хуралдуулах бэлтгэл ажлыг хангана гэжээ. Ерөнхий сайд С.Баяр мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд Монгол Улс Туркийг дэмжихээ мэдэгдсэн байна.

Мөн энэ өдөр ноён Х.Языжы Ататюркийн хөшөө, Анкара хотын нэрэмжит гудамжны нээлтэд оролцлоо.

No comments:

Post a Comment