Tuesday, October 20, 2009

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 137 сая төгрөг зарцуулна

Шинэ Ерөнхийлөгч найм хоно­гийн дараа тангаргаа өргөнө. Уг арга хэмжээг зохион бай­гуула­хад шаардагдах зардлын хэмжээг тогтоох асуудлыг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэв. Тангараг өргөх ёслолыг зохион байгуулах Ажлын хэсгийнхэн ёслолд 248 сая төгрөг шаардлагатай гэж тооцжээ.



Үүнд шинэ Ерөнхийлөгчийн хувцас, ёслолын үеэр зохион байгуулах бөхийн барилдаан, хүндэт ха­руул жагсах, гадаадын зочид, төлөөлөгчдийг урих гэх мэтэд зориулах бүх зардал багтсан аж. Тэгсэн хэдий ч “болзошгүй ажилд” зориулж 50 сая төгрөг нөөцөнд бэлэн байлгах хэрэгтэй гэж Ажлын хэсэг үзсэн байна. Гадаадын хэд хэдэн орны Төрийн тэргүүн, зочдыг урихаар төлөвлөсөн ч одоогоор урилгаа хүргүүлээгүй байгаа гэнэ.

2005 онд Н.Энхбаярыг тан­гараг өргөхөд 67 сая төгрөг зар­цуулж байжээ. Ц.Элбэгдоржийн үед зардал бараг дөрөв дахин нэмэгдсэний шалтгааныг инфляц өсөж, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй Сангийн сайд холбов. “Өмнө нь дөрвөн Ерөнхийлөгч тангараг өргөсөн. Уг ёслолын зардлыг Засгийн газар л шийддэг байсан. Гэтэл одоо УИХ-аар эхэлж хэлэлцдэг нь ямар учиртай юм бэ” хэмээн Ц.Нямдорж шүүмж­лэв.

Үүнээс үүдэн Тангараг өргөх ёслолыг зохион байгуулах зардлыг тус Байнгын хороогоор хэлэлцэх учиргүйг гишүүд эцэст нь мэдэж, Засгийн газрын мэдэлд өгөхөөр болов.

Энэ асуудлыг Засгийн газар өчигдөр ээлжит бус хуралдаанаараа хэлэлцээд ёслолд 137 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ. Мөн Орос, Хятад, АНУ, Герман, Япон, БНСУ, Англи, Франц, Энэтхэг, Турк зэрэг 16 орны төр засгийн тэргүүнүүдийг урьж буй аж.

No comments:

Post a Comment