Tuesday, October 20, 2009

Иргэний нисэхийн байгууллагад олон улсын шалгалт хийнэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцжээ. Хуралдааны дараа хоёр сайд мэдээлэл хийв. Энэ удаа Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт мэдээлэл түгээх ээлж иржээ.



Ирэх онд Олон Улсын иргэний нисэхийн байгууллагаас манай иргэний нисэхийн салбарт аюулгүй ажиллагааны аудит хийх юм байна. Үүнд хэрхэн бэлтгэх талаар сайд нар ярилцсан байна. Үүний тулд тус салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хяналтыг боловсронгуй болгох учиртай аж. Мөн нислэгийг цаг уурын мэдээгээр хангахтай холбоотой заавар, журмыг олон улсын аудит шалгалтын асуулга, иргэний нисэхийн стандартад нийцүүлэх, осолд орсон хөлгийг хайх, бүхээгт байгаа хүний амийг аврах үйл ажиллагааны зохицуулалт гэх мэтээр аюулгүй байдалтай холбоотой бүхий л асуудлыг эргэн нягтлахаар болжээ. Өмнөх шалгалтуудад нь манайх хангалттай дүн авч чадаагүй юм байна. Тиймээс энэ удаа илүү нарийвчлан бэлтгэх шаардлагатай болсон аж.

Х.Баттулга сайдаас зарим зүйл лавлалаа.

-Төрийн албан хаагчдад орон сууц олгох талаар энэ удаа ярьсан уу?
-Сангийн сайд гадаадад явсан учир энэ удаа ярьсангүй. Ирэх долоо хоногт ярина.

-4000 орон сууцыг дотоодын компаниасаа авах санал гарч байна. Хэрхэн хандах вэ?
-Тийм санал тавьж байгаа. Гэвч яам гадны хөрөнгө оруулагчдыг адилхан дэмжих бодлого барьж буй.

No comments:

Post a Comment