Tuesday, October 20, 2009

Асашёорюү аваргын өөртөө барьсан ТӨРСӨН ӨДРИЙН БЭЛЭГ

Аки башёгийн сүүлчийн өдөр төрсөн өдөр нь тохиосон ёкозүна Асашёорюү өөртөө онцгой бэлэг барилаа. Эзэн хааны цомыг гардалгүй гурван башё завсарласны эцэст тэр 24 дэх түрүүгээ
авсан юм. Өмнөх жилүүдэд ихэвчлэн башё өндөрлөсний дараа аваргын төрсөн өдөр болдог байсан бол энэ удаа сэншюүракүтай (башёгийн 15 дахь өдрийг ингэж хэлдэг) давхацсан.

Башёгийн өмнөх бэлтгэлийн өнгө, бусад дэвжээнд очиж макүүчигийн бөхчүүдтэй халз үзсэн барилдаануудаас олон хүн түүнийг түрүүлэх байтугай энэ өрсөлдөөнд орж чадахгүй гэсэн дүгнэлт хэлж байв. Харин 14 дараалан ялсных нь дараа нөгөө “их мэдэх”-үүд аваргын авъяасыг биширч, буруу дүгнэлт, онош тавьснаа хүлээн зөвшөөрсөн.

Ёкозүна Асашёорюү гурван башё дараалан өнжөөд эргэн ирсэн энэ оны нэгдүгээр сарын тэмцээн Аки башёгийнхтой яг адил өрнөснийг спортын хорхойтон та бүхэн тод санаж буй биз ээ. Тухайн үед дэвжээнээсээ олон сар хол байсан их аваргыг шууд өндөр амжилт үзүүлж чадахгүй, ингэснээр түүний зодог тайлах эсэх талаар яригдаж эхэлнэ гэсэн дүгнэлтүүд бичигдэж байв. Харин энэ бүхнийг аугаа ёкозүна сөрөн зогсож, 14 дараалан ялсан билээ. Хацү башёгийн арав дахь өдөр Харүмафүжид ялагдсанаас өөр хазайгаагүй Хакүхо сүүлчийн өдөр ах аваргыгаа давснаар хоёр ёкозүнагийн даваа тэнцэн нэмэлт барилдаан хийх болсон. Харин энэ үед ёкозүна Асашёорюү нэг дор хоёр дараалан ялагдах бөх биш гэдгээ харуулж, дөрвөн башё завсарлаад 23 дахь түрүүгээ авч байв. Энэ тэмцээнд бүх зүйл дээрхийн адил өрнөж, Дагваа аварга их сүмогийн түүхэнд түрүүлсэн тоогоороо гуравдугаарт бичигддэг Китаноүмитэй зэрэгцсэн.

Хоёр аваргын хоорондын барилдааны үзүүлэлт Асашёорюүгийн талд байх авч Хакүхо сүүлчийн дөрөвт бүгдэд нь ялаад байлаа. Гэхдээ энэ статистикт нэмэлт барилдааны үр дүнг оруулдаггүйг хэлэх хэрэгтэй. Урьд нь тэд гурвантаа башёгийн 16 дахь барилдааныг хийхэд хоёрт нь Асашёорюү илүүрхсэн. Ер нь Хакүхогийн хувьд нэмэлт барилдаанд өөрийн бололцоогоо бүрэн дайчилж чаддаггүй муу талтай. Залуу аварга зургаан удаа нэмэлт барилдаанаар түрүү байрыг шийдвэрлэхэд гуравт нь өвдөг шороодсон байх юм. Хоёрт нь Асашёорюүд унасныг дээрх тооноос харж болно. Үүнээс гадна энэ жилийн Нацү башёд озэки Харүмафүжид дийлджээ. Статистик тооцож, тэр бүгдийгээ өдөр болгоны дараа шинэчлэн зарлах япончуудын энэ онцлог магадгүй дэвжээнд гарсан бөхчүүдэд нөлөөлдөг байхыг үгүйсгэх аргагүй. Ер нь л Японы хэвлэлүүдэд нийтэлсэн түүхийн баримтаас түрүү бөхийн хувь заяа төдийлэн гажилгүй тодорч байгааг бид харж байна.

Энэ удаа ч бүх зүйл түүхийн дагуу өрнөж, Асашёорюү дараалан ялсаар сүүлчийн өдөрт хүрсэн тохиолдол бүртээ түрүү авсан үзүүлэлтээ улам ахиуллаа. Эхний барилдаанд тэрбээр тачиаин дээр алдаа гарган, жин, арал илт илүү өрсөлдөгчийнхөө дайралтыг тогтоох аргагүй болсон. Харин нэмэлт барилдаанд дархан зүүн гарын барьцаа авч, улмаар Хакүхогийн цээжийг сөхөн өөрт ашигтай байдлыг бий болгон хариу мэх, хөдөлгөөн бодох сөхөө өгөлгүй довтолсоор ялсан билээ. Хэрвээ ёкозүна Асашёорюү нэмэлт барилдаан гаргалгүй түрүүлсэн бол зургаа дахиа 15-0 амжилт үзүүлж, түүхийн тавдугаарт орох байж. Энэ үзүүлэлтийг Фүтабаяма, Тайхо аваргууд (8) тэргүүлж, Китаноүми, Чиёнофүжи нар (7) удаалдаг аж.

No comments:

Post a Comment