Tuesday, October 20, 2009

Өвөл цас багатай, хавартаа хавсарга ихтэй байна

Жил бүрийн намрын дунд сарын шинийн 15-ны өнгө төрхөөр хаана цас их унаж, хаана хардуу байх, хавсарга салхи олон тохиох эсэхийг урьдчилан мэдэж, өнтэй өвөлжөө, тохитой хаваржаагаа сонгодог уламжлал Дундговь аймгийн зүүн тал Боржигон нутгийнханд бий.
Тэнгэр уншдаг өвгөдийнхөө эрдмийг уламжилсан залуус энэ нутагт олон байдаг. Тэдний нэг Говь- Угтаал сумын малчин Д. Таванжинтай уулзаж ярилцлаа.
-Намрын дунд сарын шинийн 15 өнгөрөөд удаагүй байна. Ирэх өвөл, хаврын өнгийг та хэрхэн тодорхойлж байна даа?
-Энэ өвөл дулаавтар, цас бага унана. Өвлийн адаг сар юм уу, хаврын эхэн сард, цагаан сарын өмнөхнөөс цаг хатуурна гэсэн дүгнэлттэй байна.
Цас бага тул бэлчээрийн байгаа жаахан өвсийг мал идчихнэ. Тиймээс хавартаа чийггүй болж, хүйтэн хавсарга салхи ихтэй байх болов уу. Тэгэхээр мал хоолгүйдэж, цаг хатуурхах байх гэж дүгнэж байгаа.
-Нутгийн аль хэсгээр цас унаж, хаахнуур аятай байх вэ?
-Бид хойд талдаа Төв аймгийн Баянцагаан, баруун хойноо Дэрэн, баруун талдаа Гурвансайхан, зүүн тийш Говьсүмбэрийн урд тал хүртэл хардаг. Баруун талдаа уул, овоо арай олонтой тул алсалж харах боломжгүй, харин зүүн тийш зуугаад км- т хардаг юм. Энэ хүрээндээ харахад нутгийн баруун хойд талаас цас өнгийх болов уу. Зүүн талаадаа Говьсүмбэрийн нутгаад аятайхан өнгөтэй харагдсан. Ер нь бидний ажиглалтад хойд цэг Төв аймгийн Баянцагаан сум, зүүн цэг Говьсүмбэр аймаг, өмнөд цэг Дундговь аймгийн Баянжаргалан сум хүртэлх нутаг багтдаг. Өөрөөр хэлбэл, гурван аймгийн 7 сумын нутаг хамрагддаг.
-Малчид маань дийлэнхдээ зүүн тийш оторлож байна. Тэгэхээр оторлох зүг нь зөв юм байна, тийм үү?
-Тийм ээ. Цагийн үүд гэж ярьдаг даа. Тэр нь зүүн талдаа байгаа юм. Тиймээс зүүн тийш оторлож яваа малчид маань өвөл, хаврыг дажгүй давчих байх аа. Харин хороо бууц олдох нь хэр байдаг юм бол гэхээс...
-Ерлөгийн ууландаа гарч, тэнгэр шинжсэн үү?
-Үгүй ээ. Их Угтаал ууландаа гарсан. Би баруун талдаа энэ уул, зүүн талдаа Бага залаа ууландаа гардаг.
-Энэ жил аль хэр олон хүн ууланд гарав?
-Тавь гаруй хүн ууланд гарсан. Төв, Говьсүмбэр, Дундговь аймгийн малчдаас ирсэн.
-Шөнийн турш л тэнгэр газрын савслагыг дурандаад хононо биз?
-Тийм шүү. Тэгж гэмээнэ л түүнийгээ тайлна даа.
-Тайлж “унших” нь сонирхолтой санагддаг юм.
-Тийм ээ. Бид нар өөрсдөө ч ийм байвал ингэж тайлна гэх ч юм уу тайлбарлаж хэлж нэг л чаддаггүй юм. Тэнгэр газрын савслага мана шиг л олон янз харагддаг л даа. Дурандаад суухад янз янзаар хувирдаг тул энэ өнгийг нь ингэж тайлна гэж хүнд заахад хэцүү.
-Цаг агаарын гоц гойд үзэгдэл мэдэгддэг үү?
-1995 оноос хойш 14 дэх жилдээ ууландаа гарч байна. Онц их өөрчлөлттэй жил байгаагүй. Харин 1999 оны өвлийн өнгө барагтай харагдаж байсан юм. Түүнээс хойш өвөлдөө нэг их айхавтар өнгө харагдаагүй ээ. Энэ жилийн нэг онцлог гэвэл, сарын ялгаа байдаг юм уу, нар нэлээд доохнуур гарч байна билээ. Урьд нь бид Чойрын Богд уулын урдахнуур нар гарахыг хардаг байсан. Нар доохнуур гарахыг ажихад цаг нэлээд явчихсан юм уу даа гэж бодсон.
-Сарын ялгаа гэж хоёр төрлийн зурхай хоорондын бүтэн сарын зөрүүг хэлж байна уу?
-Тийм ээ. Төгс буянтын болон монгол шар зурхайн хооронд нэг сарын зөрүүтэй болоод байгаа шүү дээ.
-Ер нь яагаад намрын дунд сарын 15- нд тэнгэр шинждэг юм бол?
-Ургамал, өвс ногооны хатах үе таардаг болоод тэр юм болов уу. Би ер нь багшаасаа энэ тухайд асууж байгаагүй юм байна шүү. Хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс хойш тухайлсан өдөр бүртээ тэнгэр ямар байхыг шинжсээр байгаад л намрын дунд сарын 15- нд нэгтгэж дүгнэдэг л дээ.

No comments:

Post a Comment