Tuesday, October 20, 2009

Хоёр ёкозүна Японы ерөнхий сайдын гэрт зочлов




Японы ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байгаа Юкио Хатояма энэ сарын
14-нд ёкозүна Асашёорюү, Хакүхо нарыг Японы сумогийн холбооны тэргүүн Мусашигавагийн хамт гэртээ урьжээ. Шинэ сайдын хувьд Аки башёгийн сүүлчийн өдөр “Рёогокү Кокүгикан” ордонд очиж, башёгийн түрүү бөх Асашёорюү аваргад Засгийн газрын тэргүүний нэрэмжит цомыг биечлэн гардуулсан билээ. Сайдын өргөөн дэх хүлээн авалтын эхэнд Хатояма “Аки башёгийн түрүү байрын төлөөх нэмэлт барилдаан сүмогийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэхүйц сонирхолтой болсон. Хоёр аварга одоогийнхоосоо илүү хичээн, уран сайхан барилдаанаар биднийг баясгаж яваарай” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Түүнчлэн “Би Монголд очиж үзээгүй ч айраг гэдэг ундаанд маш дуртай” гэж ярьсан байна. Үүнийг сонссон аваргууд түүнийг Монголд айлчлахыг урилаа. Ёкозүна Асашёорюүгийн хувьд Японы ерөнхий сайдын гэрт гурав дахиа зочилсон бол ёкозүна Хакүхо, холбооны тэргүүн Мусашигава нар Засгийн газрын тэргүүний өргөөнд анх удаа хөл тавьсан нь энэ аж. Энэхүү хүлээн авалтын дараа Асашёорюү аварга Хөдөлмөрийн баатар цолны мялаалга найр хийхээр Монголыг зорьсон гэнэ.

No comments:

Post a Comment