Tuesday, October 20, 2009

“Цагийг эзэлсэн” реппер буюу Лил Вэйн




Хип хопын ертөнцөд залуусын шүтээн болж буй алдартан бол Африк гаралт америк дуучин Лил
Вэйн юм. Өдгөө түүнийг нэрийг дуулаагүй, дууг нь сонсоогүй хип хип сонирхогч энэ дэлхийд байхгүй гээд хэлчихэд хилсдэхгүй. Орчин үеийн спортын амьд домог, Бээжингийн олимпоос найман алтан медаль хүртэж, бүхий л цаг үеийн дээд амжилт тогтоосон олимп, дэлхийн аварга Майкл Фелпс уралдахаар гарч ирэхдээ чихэвчний хөгжмөөс салдаггүйг та анзаарсан байх. Тэр энэ үедээ өөр хэнийх ч биш, зөвхөн Лил Вэйний хөгжмийг сонсож, эрч хүчээр цэнэглэгдэж байдаг тухайгаа өгүүлсэн байсан.
Ингээд манайхны хэлдгээр “цагийг эзэлсэн” реппер Лил Вэйний талаар залуустаа сонирхуулъя.

Лил Вэйн хэмээх нэрээр ал­даршсан түүний жинхэнэ нэр нь Дуэйн Майкл Картер юм. Тэрбээр 1982 оны есдү­гээр сарын 27-ны өдөр Нью Орлеанд мэн­дэлжээ. Картер эцгийн халамжийг огт мэдрэлгүй өссөн бөгөөд реп хөг­жимд дурладаг ч рокийн домог болсон “Нирвана” хамт­лагийн үнэнч фэн, яггүй хөдөл­гөөнтэй хүүхэд бай­сан гэдэг. Тэр­бээр өсөж торнин сургуульд орох цаг тулж ирэх мөчид Лафатын бага сургуулийн дэргэдэх Илианор МакКейний нэрэмжит жүжигчний ан­гийг сонгосон байна. Залуу Картер сургуульд суралцахын хажуугаар реп хөгжимд зүрх сэтгэлээ өгч, хамгийн анхны дуугаа найман настай байхдаа бичжээ.

“Кэш мони рекордс”-ын эзэн, дуучин Брайан Уильямстай уулзах завшаан нэгэнтээ түүнд олдоход тэрбээр 11 настай байв. Бяцхан хүүд энэ бол дахин хэзээ ч олдохгүй ховор боломж гэдгийг ухаарсан Картер түүнтэй уулзангуутаа л шууд хип хоп дуу үглэж эхэлсэн нь Брайанд маш таалагджээ. Өмнө нь зогсож, өвөрмөц хөдөлгөөн, дуугаар өөрийгөө илэрхийлэн буй бяцхан жаал үнэхээр ховорхон авьяастан мөн байна гэд­гийг мэдэрсэн Брайан Уильямс түү­нийг “Кэш мони рекордс”-ынхоо ги­шүүнээр элсүүлэн авснаар хожмын алдартны ялгуусан зам мөр эхэлжээ.

Бага насны томоогүйтэл Вэйнийг тойрч биш дайрч гарч. Тэр 12 настай байхдаа болгоомжгүйгээсээ болж сум алдан, өөрийн биеийг гэм­тээсэн бөгөөд түүнээсээ болж 14 на­сандаа сургуулиа орхиход хүр­чээ. Сум бусад руу биш, өөр рүү нь чиглэснийг бурхны аврал хэмээн үздэг Вэйн сургуулиасаа гарсан чу­хамхүү энэ мөчөөс дуу хөгжмийн амьдралыг эргэлт буцалтгүй сонгосон гэдэг.
Арван долоотой байхдаа тэр­бээр анхны бие даасан дабль цомгоо “Дэ блок ис хот” нэр­тэйгээр гаргажээ. Нэгэн үе бүрэлдэхүүнд нь бай­сан “Хоот Бойс” хамт­лагтай хамтран бүтээсэн уг цомог “Билл­борд”-ийн жаг­саалтын III байрт би­чигдэж, “Соурс” сэт­гүү­лээс Вэйнийг “Шилдэг шинэ уран бүтээлч” номинацид нэр дэвшүүлсэн нь уран бүтээлийн гараагаа дөнгөж эхэлсэн залууд ихээхэн урам итгэл хайрласан байна.

Цомгоо нэрлэсэн “Дэ блок ис хот” дуу нь “Биллборд”-ын шилдэг дуу­ны жагсаалтын эхний аравт бас багтсаныг тэмдэглэх хэрэг­тэй болов уу.
Тэр энэ анхны амжилтынхаа дараа Би.Жи, Живүнил, Түрк, Биг Таймарс нартай хамтран “Блинг Блинг” нэртэй сингл дискээ худал­даанд гаргасан нь түүний асар их хөдөлмөрч, ажилсгийн, бас авьяас­тайн, хип хоп урлагт зүрх сэтгэлээ өгсний илэрхийлэл байлаа.

Хэдийгээр 14 настайдаа бага сур­гуулиа орхисон ч, өөрийгөө дайчлан зав чөлөөгөөрөө ахлах сургуулийг дүүргэсэн тэрбээр коллежид сурахаар шийдэж, 2005 оны нэгдүгээр сард Хьюстоны их сургуульд улс төрийн шинжлэх ухааны мэргэжлээр элсэв. Хөгж­мийн ертөнцөд хө­лөө олох, сайн улс төр судлаач болох хоёр том ажлыг зэрэг амжуулахын тулд нойр хоолоо хасан зүтгэж, зайны сургалтаар хичээлээ хийн, тун амжилттай суралцаж бай­сан боловч, сур­гуу­лиа дүүргэж ча­­даа­гүйдээ одоо хүртэл ха­рамсдаг гэсэн.

Түүний ху­вийн амьдрал бус­даас ялгараад байх онцгой зүйл­­­гүй ч, тийм ч дардан биш би­лээ. Вэйн өд­­гөө гурван хүүх­­дийн эцэг. Түүнийг 15 настай байхад найз охин Антонио “Таёо” Картер Жонсон нь түүнд анхны охин Рижинаг нь төрүүлж өгчээ. Вэйн, Таёо нар 2004 оны Валентиний өдрөөр гэрлэсэн ч тэдний хайр сэтгэл тийм ч удаан оршин тогтнох тавилангүй байсан бөгөөд 2006 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Удаах хүүхэд Дуэйн III нь 2008 оны аравдугаар сарын 22-нд Цинцинаттид мэндэлжээ. Анхны эхнэрээсээ салснаасаа хойш Вэйн жүжигчин Лоран Лондонтой гэрлэж, 2009 оны есдүгээр сарын 9-нд Ленонс Самуэл Ариг төрүүлсэн. Гэсэн хэ­дий ч тэдний гэрлэлт бас л удаан тэссэнгүй. Түүний дөрөв дэх хүүхэд хорвоод хараахан мэндлээгүй байгаа бөгөөд хүүхдийн ээж нь дуучин Нейва юм.

Вэйн “Си Би Эс” телевизийн нэвтрүүлэгт оролцож байх үедээ аавынх нь тухай хөндсөн хөтлөгчийн асуултад “Би та нарт өөрийн эцэг Дуэйний нэрийн оронд яагаад Вэйн гэдэг нэр хэрэглэсэн талаараа тайл­барлаж өгье. Миний аав одоо хүртэл амьд байдаг. Гэсэн хэдий ч тэр хүн миний амьдралд ямар нэгэн үүрэг гүйцэтгэдэггүй, гүйцэтгэж байсан удаа ч байхгүй. Тиймээс надад огт хамаагүй Дуэйн гэдэг нэрний оронд Вэйнийг авсан юм” гэжээ. Сэтгүүлч түүнээс “Таны аав энэ талаар мэддэг болов уу” гэж лавшруулахад “Одоо тэр мэддэг боллоо шүү дээ” гэсэн байна.

Вэйний 2000 онд гаргасан “Lights оut” цомогт орсон “Гет офф дэ корнер” дуу нь олны таашаалд ихээхэн нийцэж, үг болон хэв маягийн хувьд бусдаас онцгойрч чадсан юм. Түүний энэ мэтийн гайхалтай амжилт зарим хүнд таалагдаагүй бололтой 2001 онд Флорида мужид амийг нь бүрэлгэхээр завдсан удаатай. Вэйнийг автобусанд сууж байх үед нь түүн рүү хоёр удаа буудсан байна. Энэ талаар тэрбээр “Яг тэр мөчид надад хаашаа ч хөдлөх аргагүй байсан. Аз болоход цонх сумны хурдыг удаашруулсан” гэж ярьжээ.

2004 оны зун Вэйн “Картер” нэртэй цомгоо гаргасан нь Америк даяар 1.0 сая хувь борлогдон, цомогт багтсан “Гөү ди жэй” дуу нь шилдэг таван хит дууны нэгээр, Дестини Чайлдс хамтлаг дуучин Ти Ай-тай хамтран гаргасан “Сөүлджир” хэмээх дуу нь Америкийн шилдэг 100 дуу, Америкийн шилдэг R&B дууны жагсаалтад тус тус III байрт бичигдэж байлаа.

2005 оны арванхоёрдугаар сард “Картер II” худалдаанд гарчээ. Эл цомог гарсан эхний долоо хоногтоо 238.000 хувь борлогдож “Биллборд”-ын шилдэг 200 альбомны II байрт жагссан бөгөөд уг цомог дэлхий даяар нийт 2.0 сая хувиар борлогдсон юм. 2008 онд Лил Вэйн “Кэш мони рекордс”-ын ерөнхийлөгчөөр то­ми­логдож, тэр жилдээ “Юнг мони энтертаймент”-ийг үүсгэн байгуулжээ.
2008 оны зургадугаар сарын 10-нд “Картер III” цомог худалдаанд гарч, эхний долоо хоногтоо 1.0 сая хувиар борлогдон, шуугиан тарьсан юм. Уг цомогт Статиктай хамтран дуулсан “Лоллипоп” хэмээх дуу нь “Биллборд”-ыг олон долоо хоногийн турш тэргүүлж, Грэммийн шагнал гардуулах ёслолоос шилдэг реппер, шилдэг альбомын шагналыг давхар хүртсэн юм.

Сайны сүүдэрт ямагт саар байдгийн жишгээр тэр мансууруулах бодистой холбоотой хэргээр хоёр ч удаа баривчлагджээ. 2007 оны долдугаар сард Нью Йорк хотын “Бекон” театрт тоглолт хийж байх үеэрээ найзтайгаа автобусан дотор марихуан хэрэглэж байгаад “газар дээрээ гардуулснаас” гадна баригдсан найзаас нь галт зэвсэг олдсон хэрэг ихээхэн шуугиан тарьсан билээ. 2008 оны нэгдүгээр сарын 25-нд Вэйн хоёр хүний хамтаар дахин саатуулагдсан бөгөөд түүний хувийн автобусыг Аризонагийн Юми дүүрэгт хөдөлгөөнт эргүүлийнхэн зогсоож, нэгжлэг хийхэд 105 грамм марихуан, 29 грамм кокайн илэрчээ. Тиймээс түүнийг мансууруулах бо­дис хадгалж борлуулсан, галт зэвсэг хууль бусаар авч явсан зэрэг хэрэгт буруутган, 10.185 долларын төлбөр төлж, зургаан сар шоронд суух шийтгэл ногдуулсан юм. Энэ мэт төвөг чирэгдэл түүнийг дагасаар байна. Гэвч түүнийг шүтэн бишрэгчдийн тоо огтхон ч буурахгүй, улам нэмэгдсээр байгаа билээ. Энэ бол түүний онцгой авьяас, гайхалтай ур чадварын илэрхийлэл бөлгөө.


Зөвхөн сүүлийн гур­ван жилд түүний үзүүл­сэн амжилт, хүртсэн шаг­налуудаас заримыг дурдвал:

2007 онд
“Ozone awards”-аас Шилдэг реп уран бүтээлч, Шилдэг үг зохиогч, Шилдэг клип зэрэг дөрвөн тэргүүн шагнал, “МТV”-ийн шилдэг “МС” шалгаруулах ёслолоос “Оны шилдэг МС”

2008 онд
“Bet awards” буюу хар арьстнуудад зориулсан телеви­зийн шагнал гардуулах ёслолоос “Олны таашаалд нийцсэн дуу”, “Best Hip-Hop Awards”-аас Оны шилдэг цомог, Оны шилдэг дуу, Оны шилдэг уран бүтээлч, Оны шилдэг дууны үг зохиогч зэрэг долоон номинацид тэргүүлж, “MTV”-ийн шилдэг клип шалгаруулах ёслолоос Шилдэг хип хоп клип, “Ozone awards”-аас Шилдэг үг зохиогч, Шилдэг уран бүтээлчийн шагнал

2009 онд
“Best awards”-аас Шилдэг эрэгтэй хип хоп дуучин, Грэммийн шагнал гардуулах ёслолоос Шилдэг реп дуу, Шилдэг реп цомог, Шилдэг реп дуу, Шилдэг реп тоглолтын номинацид тэргүүлсэн байна.

No comments:

Post a Comment