Tuesday, October 20, 2009

“Улаан сарнай” хамтлагаас зургаан гэр бүл төрсөн

Санхүү эдийн засгийн дээд сургуульд элсэж буй хүүхдүүдээс цөөнгүй нь “Улаан сарнай” хамтлагтай холбоотойгоор тус сургуулийг сонгодог гэхэд нэг их хилс болохгүй.
Ямар сайндаа л энэ жил тус сургуульд 400 гаруй хүүхэд элсэн орсны 100 нь “Улаан сарнай” хамтлагийнхныг “төрүүлсэн” дугуйланд хамрагдахаар бүртгүүлэх вэ дээ. Энэ нь тус хамтлагийн нэр хүнд чанар чансааг илтгэнэ. “Хаврын баяр” наадмын 11 удаагийн тэргүүн
байрын шагналт “Улаан сарнай” хамтлаг байгуулагдаад 25 жил болж буй юм билээ. СЭЗАС-ийн Соёл олон нийтийн ажилтан, “Улаан сарнай” хамтлагийн удирдсан багш Б.Номингэрэлтэй уулзаж ярилцлаа.

-Цэнгээнт бүжгийн “Улаан сарнай” хамтлаг нэлээд эрт байгуулагдсан. Тэр үүднээсээ бүрэлдхүүнээ цөөнгүй удаа сольсон байх. Одоо хэдэн хүний бүрэлдхүүнтэйгээр бүжиглэж байна даа? Ер нь сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхлэх үү?

-”Улаан сарнай” хамтлаг байгуулагдаад 25 жил болж байна л даа. Он гараад ойгоо тэмдэглэнэ. Тиймээс ойн үеэрээ хийх цогц арга хэмжээгээ төлөвлөж байна. Бэлтгэл ажилдаа явж байна гэх үү дээ. Сүүлийн үеийн сонин гэвэл энэ. Мэдээж урьдын адил төрийн хүндэтгэлийн концертод оролцоод л явж байгаа. Харин энэ намрын хамгийн эхний ажил болох “Улаан сарнай” хамтлагт шинэ хүүхэд сонгон шалгаруулж авах ажил одоо ид явагдаж байна. Энэ жил нэлээд олон хүүхэд сонгон шалгаруулна гэж бодож байгаа. Мөн манай хамтлагийнхан телевизийн шоунд оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Удахгүй телевизээр реклам нь цацагдаад эхлэх байх. Яг цэнгээнт бүжгийн шоу юм билээ. Бас нийслэлийн 370 жилийн ойн арга хэмжээний захиалга орж ирж байна. Энэ мэтчилэн арга хэмжээ маань тасралтгүй явж байгаа. Нийт бүрэлдэхүүн гэвэл 20 хүүхэд бий. Тэгээд ч стандарт бүжиг маань тайзан дээр 16 буюу найман хос л бүжиглэдэг. Сонирхуулж хэлэхэд энэ жил манай сургуульд 400-гаад хүүхэд бүртгүүлснээс 100-гаад нь манай дугуйланд бүртгүүлсэн.

-25 жил болж байна гэлээ. Энэ хугацаанд хэдэн хүүхэд “Улаан сарнай”-гаар “овоглосон” бол?

-Би гурван жилийн өмнө тооцоо гаргасан юм. Тэгэхэд 140 хүүхэд лав “Улаан сарнай” хамтлагийн бүрэлдхүүнд орж энэ хамтлагаар овоглогдсон байсан. Гэхдээ энэ нь бол нарийн гарсан тоо биш шүү дээ. Түүнээс илүү ч байж мэднэ. Ямар ч гэсэн би ажлаа аваад удаагүй байсан болохоор нэг тоо гаргаж үзье гэж шийдээд гаргасан юм. Түүнээс хойш дахиад 20-иод хүүхэд нэмэгдсэн. Тэгэхээр миний тооцоогоор бол 150-иад хүүхэд манай гэр бүлд багтаж явдаг гэж хэлж болно.

-Хамгийн анхны гишүүн 18 настай байхдаа “Улаан сарнай”-д орсон гэхээр одоо 40 хүрчихсэн байх нь ээ?

-Тиймээ. Дөнгөж сургуулиа төгсөөд л СЭЗДС-д орсон гэхээр 18 настай байсан гэсэн үг л дээ. Тэгэхээр өдгөө 43 настай бараг үр ачаа үзчихсэн хүмүүс байгаа. Ер нь энүүхэндээ гэхэд одоо манай хамтлагт орж байгаа хүүхдүүд 16 настай. Гэтэл хамтлаг маань 25 нас хүрчихсэн гэхээр гоё санагддаг юм. Шинээр элсэж байгаа гишүүдээ төрөөгүй байхад манай хамтлаг байгуулагдчихсан байж гэж бодохоор гоё санагддаг шүү.

-”Улаан сарнай” хамтлагт бүжиглэж байгаад мэргэжлийн бүжигчин болсон хүн байдаг болов уу?

-Яг СЭЗДС-д сурч байсан “Улаан сарнай” хамтлагийн гишүүдээс хоёр нь мэргэжлийн бүжигчин болсон. Харин нэг үе цэнгээнт бүжиг сонирхдог СУИС-ийн хүүхдүүд манай хамтлагт орж байсан. Тэд аль хэдийнэ сургуулиа төгсөөд мэргэжлийн бүжигчин болчихсон яваа.

No comments:

Post a Comment