Tuesday, October 20, 2009

Бизнес

Монголд үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниудын хувьцааны үнийг сонирхъё. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах шатандаа орсноос хойш “Айвенхоу майнз” компанийн хувьцааны ханш огцом дээшилж, нүд ирмэхийн зуур 14.45 канад долларт хүрч, түүхэн дэх дээд амжилтаа тогтоосон билээ. Өнгөрсөн жилийн сүүлчээр 2.06 канад доллар болтлоо шалдаа бууж байсантай харьцуулахад энэ нь даруй долоо дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Гэвч сүүлийн өдрүүдэд “Айвенхоу Майнз”-ын хувьцааны үнэ ялимгүй буурч байгаа. Өнгөрсөн баасан гаригийн арижааны мэдээнээс үзэхэд тус үнэт цаас 12.81 канад доллар байв.

Торонтогийн бирж дээр “гялалзаж” буй бас нэг үнэт цаас бол “Бороо гоулд”-ын хувьцаа юм. Нэг үе 0.90 канад доллар болтлоо хямдарч байсан тус хувьцааны үнэ суга өсөж, өнгөрсөн баасан гаригийн арилжааны үеэр 7,97 канад долларт хүрсэн байв. Энэ жилийн дээд түвшин буюу 8.03 канад долларын рекордыг эвдэхэд тун ч ойрхон болжээ.

Дашрамд сонирхуулахад, Бороогийн уурхайн үйл ажиллагаа завсарласнаас болж “Бороо гоулд”-ын
эцэг компани болох Centerra gold энэ оны хоёрдугаар улиралд 79.6 сая долларын алдагдалтай ажилласан тухай гаднын хэвлэлүүд мэдээлж байсан. Харин Монголын Засгийн газар Бороогийн үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргасан тухай мэдээлэл өнгөрсөн наймдугаар сард тарахад Centerra gold-ын хувьцааны ханш ганц өдрийн дотор 5.2 хувиар өсөж байсан билээ. Эдүгээ “Бороо гоулд” үйл ажиллагаагаа явуулж байгаагийн зэрэгцээ алтны үнэ түүхэн дэх дээд түвшиндээ хүрсэн тул тус компанийн хувьцааны ханш нэмэгдэхээс ч аргагүй биз. Өнгөрсөн баасан гаригийн арилжааны мэдээнээс үзэхэд унц алт 1052 долларын ханштай хаагджээ.

Харин “Петровис”-ийн охин компани болох “Петро Матад”-ын хувьцааны үнэ Лондоны хөрөнгийн биржэд
өнгөрсөн баасан гаригт өмнөх өдрийн үзүүлэлтээс даруй 17.6 хувиар өсөж, 0.20 фунтэд хүрчээ. Одоогийн байдлаар энэ жилийн доод үзүүлэлтээсээ 2.2 дахин өссөн дээрх хувьцаа тун удахгүй дээд үзүүлэлт болох
0.23 фунтэд хүрэх магадлал өндөр байна.

No comments:

Post a Comment