Tuesday, October 20, 2009

Моод гоёл

“Говь” компани энэ өвлийн өнгө, загварыг тодор хойлж, загварын шоу зохион байгуулсан юм.
АСА циркт өнгөрсөн баасан гаригт болсон шоуны тайзны засалт их өвөрмөц байлаа. Шар,
ногоон,
улаан өнгийн навч асгаж, тайзыг хотын гудамжны төрхөөр чимжээ. Шоунд өдөр тутмын, ажил хэрэгч,
үндэсний, хүүхдийн, гоёлын хувцасны загварыг толиулав. Энэ өвөл тод өнгөтэй тууш болон
шоон судалтай хувцас зонхилох нь. Ягаан, ногоон, шар, үзмэн ягаан өнгийг зөвхөн залуу хүн
гэлтгүй бүх насныхан сонгож болно.

Манай улс ноолууран бүтээгдэхүүнээрээ дэлхийд хэдийнэ танигдсан. Энэ ч үүднээс дээрх шоунд Япон, АНУ, БНХАУ, БНСУ, Герман зэрэг орны зочид иржээ. Монгол үндэснийхээ хэв маяг, хээ угалзыг ноолууран хүрэм, цамц зэрэгт тусгасан нь тэдэнд ихэд таалагдаж, худалдан авах санал хүртэл тавьж байна билээ.
Уг арга хэмжээний оргил үе болох гоёлын даашинзны үзүүлбэр үзэгчдийг дуу алдахад хүргэсэн. Хар, цагаан өнгийг тун ч дэгжин хослуулж, шагласан гоёлын даашинзаараа Монголын загвар зохион бүтээгчид дэлхийн алдартай загвар зохион бүтээгчдээс дутахгүй ур чадвартай болохоо харууллаа.
“Говь” компанийн загварын энэ удаагийн шоунд топ модель Д.Боролмаа, Д.Пүрэвсүрэн, Г.Оюунгэрэл зэрэг туршлагатай, чадварлаг загвар өмсөгчдөөс гадна шинэ, залуу эрэгтэй загвар өмсөгч цөөнгүй байсан нь урьд урьдын шоунаас онцлог харагдав.

No comments:

Post a Comment