Tuesday, October 20, 2009

Жулиа Робертс: Монголд очсноор эх дэлхийгээ хайрлан хамгаалах хүсэл минь улам оргилсон Dandaa.mn 2009-10-16 Урлаг Кино урлаг * * * |

Дур булаам, энхрий яллам “Хөөрхөн хүүхэн”, ажилсаг, дайчин “Эрин Брокович”-ийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон Холливудын нэрт жүжигчин Жулиа Робертс одоогоос есөн
жилийн өмнө манай улсад зочилж байсан билээ. Тэрбээр Монголд нөхөр, ихрүүдтэйгээ ирэх тухай сураг сонстох боллоо. Жулиа Робертс манай улсын талаарх сэтгэгдэл болон хувийн амьдрал, ажил мэргэжлийнхээ талаар Опра Үинфрагийн ток шоунд оролиохдоо ярьжээ.

-Та үзэгчдийн хувьд шийдэмгий, дайчин хэрнээ хөгжилтэй нэгэн. Харин амьдрал дээрээ огт өөр юм. Энз нь гэр бүлтэй болсонтой тань холбоотой юу?

-Хувийн амьдралыг минь сонирхдог зарим нэг хүмүүс намайг ер бусын, бас гаж ч гэж боддог. Үнэндээ бол, би биш миний мэргэжил л ер бусын юм шүү дээ. Тэгээд ч амьдрал өөрөө тайз юм. Дэрсхэн бас жаахан хоёр хүүхэдтэй болохоор уурлах, бухимдах үе тохиолдоно. Тэр үедээ би уургүй, тэвчээртэй ээжийн дүрд хувирдаг. Зураг авалтын талбайд ч бас их мөнгөний төлөө янз бүрийн л дүрд тоглодог. Ингэхлээр өөрөө өөрийгөө хүртэл тэнэг, гаж гэж бодох үе бий.

-Өөрийн ажил, мэргэжлээ ингэж боддог гэж ёстой төсөөлж байсангүй шүү?

-Миний хэлснийг шууд утгаар нь ойлгох хэрэггүй. Жүжигчний мэргэжил нь тухайн хүнийг амьдрал дээр ч, ажил дээр ч үргэлж хувирч байхыг шаарддаг. Үүнтэй би одоог хүртэл эвлэрч чадахгүй яваа юм. Би бусдын л адил энгийн хүн шүүдээ. Буруу, зөрүү зүйл хийх, ярих үе байна. Гэтэл олны танил гэдэг утгаараа заавал төгс, төгөлдөр байдлыг харуулахыг хичээж, дүрд хувирна. Харин би бол кино зураг авалтаас бусад үед өөрөөрөө байхыг, өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг.

-Аливаа хүн хайр дурлал, нэр төр, алдар гавьяа, эд хөрөнгө гээд амьдралдаа ямар нэгэн зүйлийн төлөө үргэлж тэмцдэг. Харин таны хувьд?

-Би тэмцэж байна гэсэн бодол мэдрэмж надад хэзээ ч төрж байгаагүй. Би үргэлж одоо байгаа зүйлээрээ л амьдарч, ажиллаж ирсэн. Ажлын хувьд ч гэсэн өдрийн турш хийх ёстой үүргээ цаг тухайд нь л биелүүлдэг.

-Амьдралыг харах таны үзэл бодол тун энгийн, хялбар санагдлаа? Ингэхэд хэзээ нэгэн цагт үхэлтэй учирна гэхээс эмээдэг үү?

-Би хэдэн жилийн өмнө зэрлэг морьдын тухай баримтат киноны зураг авалтаар Монголд очиж байсан юм. Тэнд өөртөө чухал олон зүйлийг нээж, мэдэж авсан. Үхэл бол дараагийн өөр амьдрал руу шилжих процесс юм. Хүн энэ ертөнцийг бүтээлцэхэд тодорхой хувь нэмрээ үлдээгээд хорвоогоос буцдаг. Монголын ард түмэн хэмжээлшгүй их түүх, соёлтойн нэг илрэл нь энэ юм болов уу гэж бодогдсон. Бас Монголд очоод эх дэлхий, байгалиа хайрлан хамгаалах хүсэл минь улам нэмэгдсэн. Дахин ашиглаж болох зүйлсийг мэддэг болж, аль болохоор хог бага хаяхыг хичээдэг болсон. Дэлгүүрүүдэд худалдаалдаг гоёмсог савтай боловсруулсан витаминаас илүүтэй аминдэмийг ердийн хүнснээс авч болохыг ч суралцсан. Байгаль, дэлхий хэчнээн сайхан зүйлийг хүн төрөлхтөнд өгсөнийг Монголд очоод л мэдсэн дээ. Монголын ард түмэн байгаль дэлхий, ан амьтандаа хамгийн ойр аж төрдөг.

-Та амьдралыг илүү сайн ойлгож, яг л “том хүн” шиг ярьж байх чинь. Гэр бүлийн амьдрал таныг улам ч ухаалаг, сайхан харагдуулж байна шүү?

-Яг зөв хэллээ. Гэтэл зарим сонин, сэтгүүлд намайг 40 нас хүрсэн, хөгширч байна гэж бичсэн байсан. Харин ч би өөрийгөө залуу гэж бодож явдаг. Гэр бүлтэй болоод хүүхэд гаргаснаар хэрсүүжсэн. Мөн ухаалаг эр нөхөртэй болсноор ухаажиж, бас томоожиж байна /инээв/. Гэр бүл, үр хүүхэд гэдэг хүний амьдралын хамгийн том аз жаргал гэдгийг ойлгосон.

-Та гэр бүлийн амьдрал жаргалтай байгаа тул кино ертөнцийг орхино гэж бодож байсан уу?

-Ажил, гэр бүлийн амьдралаа зөв зохицуулж чадвал тийм ч хүнд биш шүү дээ. Тиймээс ажил, мэргэжлээ орхино гэсэн бодол байхгүй.

-”Хувийн зүйл үгүй” кинонд та тагнуулч эхнэрийн дүр бүтээсэн. Харин амьдрал дээрээ та тагнуулч эмэгтэй шиг байж чадах уу?

-Үгүй дээ. Би ийм ажилд хэтэрхий тэнэг хүн /инээв/. Aливаа зүйлд хурдан шийдвэр гаргаж, заль хэрэглэх, хэнд ч итгэхгүй байх гэх зэрэгт надад авьяас дутна. Би өөрөө хэтэрхий нээлттэй, итгэмтгий, үнэнч зантай болохоор ийм байж чадахгүй. Тэгээд ч би гайхамшигтай сайхан гэр бүлтэй тул тагнуулч эхнэр болох хэрэг байхгүй.

-Гэхдээ л гэр бүлийн аз жаргалд зальтай, бага зэрэг хуурмаг зан хэрэгтэй гэсэн бодолтой эмэгтэйчүүд байдаг шүү дээ? Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Худал, хуурмаг зан гаргаад тухайн үед болж байгаа мэт санагдавч гэр бүл тань хэзээ ч бат бэх байж чадахгүй. Тэгээд ч би өөрийн мэдрэмж, ажиглалтаараа худал, үнэнийг ялгаж чадна. Энэ чинь жүжигчин хүний гол зан чанар шүү дээ.

-1990-ээд оны хит болсон “Хөөрхөн хүүхэн” киноны үргэлжлэлд таныг тоглуулах санал тавьсан гэсэн?

-Тийм, гэхдээ би татгалзсан. 40 настай эмэгтэйд энэ тохирохгүй дүр гэж бодож байна. Үзэгчдэд ч сонирхолгүй байх болов уу.

-Ингэхэд таны хүүхдүүд ээжийгээ алдартай жүжигчин гэж мэддэг үү?

-Хэзел, Финнеус нар /ихэр хүүхдүүд нь/ одоо таван настай болохоор арай мэдэхгүй. Нэг удаа тэд сэтгүүл дээрээс “Алдартай жүжигчин Жулиа Робертс” гэж уншаад их гайхсан. Тэгээд надаас “Ээжээ, Робертс гэж хэн юм бэ?” гэж асуусан юм. Би Деннитэй гэрлээд Робертс овгоо өөрчлөн Модер болсон шүү дээ.

-Ингэхэд та нөхөр Деннигийнхаа тухай барагтай л ярихгүй юм?

-Би түүндээ маш их хайртай. Хэдэн цагаар ч хамаагүй түүнийхээ талаар ярихад бэлэн байна. Харин Денни өөрийнх нь тухай хэвлэлийнхэнд ярихад тун дургүй. Аз жаргалтай гэр бүл, үр хүүхэд, сайн нөхөр болон ажил мэргэжил гээд надад бүх юм байна. Миний мөрөөдөл бүхэн биелсэн.

No comments:

Post a Comment