Tuesday, October 20, 2009

Төрийн 585 алба хаагч тангаргаа өргөлөө



Нийслэл хот байгуу­лагд­саны 370 жилийн ойн босгон дээр төрийн албанд шинээр орсон төрийн 585 алба хаагч Монголын хүүхдийн ордонд төрийнхөө сүлдний өмнө төрийн албанд үнэнчээр зүтгэхээ андгайлж, тангаргаа өргөлөө.

Тангараг өргөх ёслолын нэгэн онцлог нь төрийн үйлчилгээний байгууллагууд төрийн захиргааны статустай болж, иргэддээ хүргэх төрийн үйлчилгээний хүрээ өргөссөн явдал хэмээн нийслэлийн удирдлагууд онцолж байв. НЗДТГ-ын зөвлөх Х.Самбаа:

-Урьд жилүүдэд 100 гаруй хүн л энэ тангаргыг өргөдөг байлаа. Энэ жил төрийн алба хаагчийн тоо өсөж, дүүргийн хороо бүрт халамж, бүртгэлийн ажилтны шинэ орон тоо бий болсон. Түүнчлэн Нийлэлийн Барилга, хот төлөвлөлт, Нийтийн тээвэр, Өмчийн харилцаа, Хөдөө аж ахуй, Халамж үйлчилгээ, Бүртгэл, Боловсрол, Соёлын газрын мэргэжилтнүүд өмнө нь төрийн үйлчилгээний албанд хамаардаг байсан бол энэ жилээс төрийн захиргаанд шилжсэн. Тиймээс тэнд ажилд орж байгаа хүмүүс төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргөж байгаа юм гэв.

Бид төрийн ал­бан хаагчийн тангараг өргө­сөн Г.Гансувдтай уулзаж, сэтгэгдлийг нь сонсов. Тэрбээр
-Төрийн албанд залуу боловсон хүчин дутмаг байх шиг санагддаг. Тиймээс сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулъя гэж бодоод төрийн албыг сонгосон. Миний хувьд өнгөрсөн жил Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн. Одоо Нийс­лэлийн Аялал, жуулчлалын га­зарт эдийн засаг, судалгаа хариуцсан мэргэжилтнээр ажил­лана. Би өмнө нь “Голомт” банкинд ажиллаж байсан. Хувийн хэвшил цалин өндөр гэхчлэн зарим талаар давуу ч надад одоогоор цалин чухал биш. Хамгийн гол нь залуу хүний хувьд төрийн албанд сурах зүйл их байна гэсэн юм.
Төрийн албанд орохоор өнгөрсөн хавар шалгалт өгч тэнцсэн хүмүүсийн нэг хэсэг нь ийнхүү тангараг өргөн, ажилдаа орлоо. Бусад нь хэзээ ажилдаа орох талаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Д.Батбаяраас тодрууллаа.

-Төрийн албаны орон тооны нөөц бүрдүүлэх шалгалтад тэнцсэн хүмүүсээс ажлын байрандаа очоогүй гэх гомдол танайд хэр олон ирэв?
-Төрийн албаны орон тооны нөөц бүрдүүлэх шалгалтыг өнгөрсөн тавдугаар сард авсан. Улсын хэмжээнд 2340 ажлын байранд 15400 хүн бүртгүүлж, шалгуулснаас 4951 нь тэнцсэн. Тэднээс нэгдүгээр байрт шалгарсан 1396 хүнийг шууд ажилд нь томилохыг төрийн албаны зөвлөлөөс үүрэг болгосон. Тэр дагуу одоогоор 1075 нь томилогдоод байна. Одоогоор манайд ажлын байрандаа томилогдоогүй гэсэн 40 хүний гомдол ирээд байна.

-Сул орон тоо байна гээд захиалга өгсөн газрууд яагаад хүмүүсээ авахгүй байгаа юм бол?
-Ийм асуудал ихэвчлэн орон нутагт гарч байна. Тэд тухайн байгууллагад олон жил ажилласан хүнээ халахгүй гэдэг ч юм уу янз бүрийн шалтаг хэлж байгаа. Зарим нь сул орон тоон дээр хүн авахаар захиалга өгөхдөө гадаад хэлний түвшин гэж заагаагүй атлаа, одоо болохоор энэ шалгуураар хүмүүсээ сонгоно гэж байна. Энэ мэт шалтгаас болоод 680 гаруй сул орон тоо үлдсэн. Манайхаас шалгалтад нэгдүгээр байр эзэлсэн хүмүүсээ эхний ээлжинд ажилд нь томилж дуусгахыг үүрэг болгосон. Ямар ч гэсэн энэ сард багтаан сул орон тооныхоо тооцоог гаргаж дуусна. Тэгээд үлдсэн сул орон тоон дээрээ дахин шалгалт авч таарах байх. Төрийн захиргааны ажлыг шалгалт өгсөн хүн л хийх ёстой болохоор сул орон тоогоо даруйхан нөхөөд, төрийн ажлыг хэвийн явуулмаар байна гэлээ.

No comments:

Post a Comment