Tuesday, October 20, 2009

Гиннесийн дээд амжилт тогтоосон уран нугараач Л.Оюунгэрэл: Саймон "Би таны нэг номерын фен шүү" гэж хэлээд миний гараас удаан атгасан

Уран нугаралтын гайхамшгийг дэлхийд сурталчилж Англи даяар lona нэрээр олны танил болсон Монгол бүсгүй эх орондоо ирээд удаагүй байгаа. Түүнийг "Авьяаслаг Британичууд" шоунд оролцож олон мянган хүмүүсийг алмайруулахад Монголын үзэгчид бахархал дүүрэн үзэж байсан.
Авьяас чадлаараа гайхагдаж яваа уран нугараач Л.Оюунгэрэл Геннисийн дээд амжилтыг хоёр удаа эвдэж албан ёсоор бүртгэгджээ. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа уншигч танд хүргэе.



-Таныг эх орондоо ирэхийг сэм хүлээж байлаа. Та сайн явж ирэв үү?
-Сайн явж ирлээ. Монголдоо ирээд сэтгэл их сайхан байна. Анх 17 настайдаа Англи оронд очиж ажиллаж амьдарснаас хойш 11 жил өнгөрчээ. Энэ хугацаанд гурван удаа ирж байсан. Хамгийн сүүлд 2006 онд ирсэн. Тэр үеэс хойш их олон юм өөрчлөгджээ. Би ирээд 7 хонож байна. 21 хоногийн хугацаатай ирсэн.



-Монголдоо ирээд сэтгэгдэл ямар байна?
-Эх орондоо ирээд их сайхан байна. Өглөө босоод ээжийнхээ цайг ууна гэдэг жаргал шүү дээ. Улаанбаатар хот их өөрчлөгджээ.



-Таныг "Авьяаслаг Британчууд" шоу нэвтрүүлгээр Монголчууд төдийгүй дэлхий дахин таньдаг болсон. Тэгэхээр та хэзээнээс уран нугаралтаар хичээллэж эхлэв?
-Би анх 9 настайдаа уран нугаралтын дугуйланд явж эхэлсэн. Одоо 20 жил нугаралтаараа хичээллэж байна. Манай гэр бүлд надаас өөр нугардаг хүн байхгүй. Гэхдээ анзаараад байхад манай гэр бүлийнхэн энэ тал дээр авьяастай л даа. Том ах маань намайг бага байхад гурван талаараа шпагет суудаг уян налархай хүн байсан. Ээж аав маань урлагийн хүмүүс биш болохоор тэрийг нь сайн олж хараагүй ч юм уу тэгсгээд өнгөрсөн. Миний хувьд авьяас чадварыг маань мэдрүүлсэн хүн бол эгч маань юм л даа. Ангийнх нь охин нугардаг байсан юм билээ. Тэгээд эгч нэг өдөр хичээлээсээ ирээд "Чи доошоо хараад хэвтэж бай. Чамайг нугаруулж үзье" гээд миний хөлийг арагш нь татаж толгойны хажууд аваад ирсэн. Тэгээд л би өөрийгөө нугарч чадах юм байна гэж урамшсан. Түүнээс хойш уран нугаралтаар хичээллэж эхэлсэн.



-Анх ямар хувь тохиолоор Англид очсон бэ. Мэдээж таны амжилтын гараа эндээс эхэлсэн байх?
-Анх 1998 онд Английн нүүдлийн циркт ажиллах гэрээний дагуу явж байсан. Анх Англид очихдоо би Отгонтуяа гэдэг охинтой хамтaрч нугaрдaг байсан юм. Хос нугаралтын номер үзүүлдэг байсан. Түүнээс хойш жил болгон өөр өөр циркт ажиллалаа. 2005 он хүртэл циркт харьяалагддаг жүжигчин байсан бол 2006 оноос бие дааж ажиллаж байгаа. Тусгай хүлээн авалт, гала тоглолтуудад урилгаар очиж тоглодог. Их олон оронд очиж тоглосон.



-Монгол уран нугаралтыг олон оронд үзүүлж явахад янз янзаар хүлээж авч гайхна биз?
-Европын ихэнх оронд очиж тоглосон. Ер нь Европын хотуудын хөгжил ерөнхийдөө адилхан санагддаг. Хүмүүс нь л өөр өөр хэлээр ярихаас биш бараг адилхан юм билээ. Европт уран нугаралтыг маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авдаг. Ховор авьяастай, их сонин хүмүүс гэж хүлээж авдаг. Саяхан Америкийн Нью-Иорк хотод очиж тоглосон. Энэ нь тоглолт гэхээсээ илүү нугараач гэдэг үүднээс нь судалсан эрдэм шинжилгээний тайлбартай баримтат кино хийлгэсэн. Одоохондоо гарч эхлээгүй байгаа.



-Томоохон арга хэмжээнд уригддаг гэлээ. Хамгийн гайхширал төрүүлсэн, бахархалтай арга хэмжээ нь таныхаар аль нь вэ?
-Арабын нэгдсэн улсад урилгаар очиж хааных нь гэр бүлд тоглож байсан. Гонконгод Геннисийн амжилт тогтоохоор очиж урилгаар 3 хоногийн тоглолт хийж байсан. Үүн дотроос Английн засгийн газaр, парламентад уригдаж тоглож байсан. Би Английн засгийн газарт тоглож байсан хамгийн анхны жүжигчдийн нэг. Тэнд тоглож байсан нь надад маш сайхан байсан. Үнэхээр сэтгэл хөдөлсөн.



-Арабын хааны ордон уур амьсгал үлгэрийн юм шиг байх?
-Араб бол их хүчирхэг гүрэн юм байна гэдгийг очоод мэдэрсэн. Арабын хааны өөрийнх нь хүсэлтээр охиных нь 24 насны төрсөн өдөрт уригдаж тоглосон. 4 эхнэртэй юм билээ. Тэр тоглолтонд дэлхийн cop болсон одууд очсон. Шакира, Экон, гээд супер старууд ирсэн байсан. Монгол хүн тэр том одууд зэрэгцэж уригдана гэдэг маш сайхан байсан. Хааны ордон нь харуул хамгаалалт өндөртэй, бүх утас аппарат, бичиг баримтыг хурааж авч оруулсан. Их олон газар ордонтой болохоор Арабууд өөрсдөө ч хааныгаа яг хаана амьдардагийг мэддэггүй юм билээ.



-Та Геннисийн номонд яг хэзээ албан ёсоор бүртгэгдсэн бэ?
-Миний хамгийн анхны рекорд тогтоосон өдөр 2008 оны 4 сарын 9-ний өдөр Лондон хотод хийж байсан Зубник буюу шүдэн дээрээ биеийнхээ жинг аваад нугардаг үзүүлбэр юм.

Үүгээрээ 33 секунд барьж байсан. Дараа нь Италид очиж 4 сарын 18-ний өдөр өөрийнхөө рекордыг эвдэж 50 секунд болгосон. Геннисийн номонд албан ёсоор бүртгэгдсэндээ өөрөөрөө, төрүүлж өсгөсөн ээж ааваараа бахархаж байсан.



-Анх Англид очоод шантарч байв уу?
-Анх эндээс явахдаа Англид нэг жилийн гэрээтэй ажиллана гэж явсан болохоор ерөнхийдөө сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Гэхдээ мэдээж дөнгөж 17-хон настай охин хүний нутагт очсон болохоор тийм ч амар байгаагүй. Сайн хүмүүстэй хамт явсан учраас тэр бүхэнд шантраагүй.

Группийн ахлагчаар циркийн Сүхбаатар ах маань хамт явж байсан. Одоо хүртэл аав шиг минь намайг түшиж явдаг их сайн хүн.



-Гэр бүлээ танилцуулаач. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би Улаанбаатар хотод төрж өссөн. Аав маань Сэлэнгэ аймгийн хүн. Ээж маань Дорнодын Чойбалсан хотынх. Зүгээр л нэг жирийн ажилчин айлын хүүхэд. Аав маань дээр үед Нийгмийг аюулаас хамгаалах яаманд насаараа ажилласан. Ээж маань цэргийн Госпитальд тэтгэвэрт гартлаа ажилласан. Урлагтай ямар ч холбоогүй хүмүүс. Бид эцэг эхээс долуулаа. Би зургаа дахь охин нь.



-Уран нугаралтыг хатуу дэг сургуулилттай гэдэг?
-Ер нь тийм шүү. Уран нугаралт бол хүн болгоны хийж чадах зүйл биш. Тодорхой хэмжээнд хөдөлмөрлөнө, төрөлхийн уян налархай байх хэрэгтэй. Хичнээн авьяастай байсан ч гэсэн, маш их тэвчээр хэрэгтэй. Багш нар, тойрон хүрээлж байгаа бүх хүмүүс нөлөөлнө. Ер нь өөрийн хөдөлмөр хүнийг амжилтанд хүргэдэг шүү дээ.



-"Авьяаслаг Британичууд" шоунд орох санааг хэн өгөв?
-Анх энэ шоуг телевизээр үзэж байсан. 2006 онд болсон анхны шоунд нь миний таньдаг хүн орж байсан. Зөвхөн дуулдаг бүжиглэдэг хүмүүс биш циркийн номер ч орж болдог юм байна гэж бодоод л явж байсан. Тэр үед тоглолтоор явж байхад хамт тоглодог Франц жүжигчин залууд шоунд орох санал ирсэн. Тэгээд нөгөө залуу орохгүй гэхээр нь би ороод үзье. Надад холбоо барих утсыг нь өгчих гээд тоглолтынхоо дараа хүмүүстэй нь холбоо барьсан. "Танай шоунд орж болох уу? Би нугардаг" гэсэн чинь нэг л сайн ойлгохгүй байсан. Зураг бичлэгээ явуулж байж ойлгосон. Тэгээд "Их сонин юм байна. Манай шалгаруулалтанд ирж гурван шүүгчийн өмнө үзүүлбэр үзүүлнэ үү" гэж 7 хоногийн дараа надтай холбоо барьсан. Тэгээд л шоунд оролцсон.



-Та бол Саймон Ковелыг алмайруулж, өөрийнхөө нэг номерын фэн болгосон. Тайзны ард юу болсон нь сонин байна?
-Шоуны дараа Саймон надтай биечилж уулзсан. Шоуны үеэр үзэгчид төдийгүй гурван шүүгч бүгд дуу алдаж гайхацгаасан. Үзүүлбэрийн дараа их олон телевиз ярилцлага авсан. ITV телевизэд ярилцлага өгөхөөр дуудагдаад тоглолтынхоо хувцастай дээд давхар руу, гарч байсан чинь араас нэг хүн "Hello" гэхээр нь гайхаад хартал Саймон, Аманда хоёр зогсож байсан. Над руу дөхөж ирээд "Та үнэхээр мундаг байсан. Би таны нэг номерын фэн чинь болсон шүү" гээд гар барьчихаад тавихгүй байсан. Их зөөлхөн, дулаахан гартай хүн байсан. Тэгээд Саймон надад зөвлөж "дараагийн шатанд аяа солиорой" гэж байсан. Би "Зөвлөгөө өгсөнд баярлалаа" гэж хэлсэн. Телевизээр харахад Саймон их том, биерхүү хүн шиг харагддаг ш дээ. Яг зэрэгцээд зогсоход нэг их том хүн биш байна лээ. Биеэ их сайхан хөгжүүлчихсэн хүн байсан.



-Таны өөртөө итгэлтэй зан чанар амжилтанд хүрэхэд нөлөөлдөг юм шиг санагдлаа?
-Би ер нь их сониуч хүн. Сонирхсон зүйлдээ яагаад орж болохгүй гэж. Би чадна гэсэн бодолтой байдаг. Ямар ч зүйлд өөртөө итгэлтэй, хүчээ сорих дуртай. Энэ зан чанар маань надад маш олон амжилтын үүдийг нээж өгдөг. "Авьяаслаг Британчууд" шоу ч гэсэн миний амжилтын нэгэн том хаалга болсон.



-Энэ шоунаас хойш таны амьдралын хэв маяг өөрчлөгдөж ажил төрлийн холбоонд илүү ахиц гарсан байх?
-Миний амьдралд нэг их өөрчлөлт ороогүй. Харин ажил төрөлд маш их өөрчлөлт гарсан. Намайг шоуны дараа телевизэд ярилцлага өгөхөд Английн 12 сая хүн үзэж байсан. Түүнээс хойш дэлхийд цацагдаад ерөнхийдөө lona нэрээр дэлхийд танил болсон. Тэр үүднээсээ ажлын санал өдөр болгон ирдэг байсан. Олон ч гэрээ байгуулсан. Тухайн шоуны үеэр бүр ч их гэрээ байгуулах санал ирж байсан.



-Геннисийн номонд албан ёсоор бүртгэгдээд байхад Монголын зүгээс таньтай холбоо барьж баяр хүргэсэн үү?
-Ямар ч тийм юм байхгүй. Аав ээж, ах эгч нартайгаа баяраа хуваалцсан. Уйлж байсан ч инээж байсан ч хамт байдаг болохоор гэр бүл гэдэг миний хувьд хамгийн эрхэм хүмүүс. Би өөрөө жаахан даруухан, "Би ингэлээ тэглээ" гэж түмэнд зарлаад явдаггүй болохоор мэдээгүй юм байлгүй. Төр засгийн зүгээс надтай холбоо барьсан зүйл одоогоор алга.



-Англид байдаг Монголчуудтайгаа хэр холбоотой байдаг вэ?
-Хамгийн ойр байдаг хүмүүс гэвэл циркт ажилладаг Монголчуудтайгаа уулздаг. Ерөнхийдөө тэр болгон уулзаж чаддаггүй. Төрийн хүлээн авалт, хоёр орны засгийн газрын уулзалтанд зориулсан арга хэмжээн дээр л нутаг нэгтнүүдтэйгээ уулздаг. Ажиллахын хажуугаар сурдаг болохоор зав бараг гардаггүй.



-Ямар чиглэлээр сурч байна?
-Би Лондонгийн их сургуульд хуулийн 2-р курсын оюутан.



-Уран нугаралт гэдэг залуу насны ажил. Тийм ч болохоор та хуульч болохоор шийджээ дээ?
-Тийм ээ. Урлагт хайртай, хар багаасаа нугаралтаар хичээллэсэн ч гэсэн урлаг бол залуу насны ажил. Үргэлж нугараад явна гэж байхгүй. Яахав нас ахисан ч нугарч чадлаа гэхэд хүмүүст тийм сайхан харагдахгүй. Гоё сайхан байх ёстой. Гадаадад урлагтаа хайртай хүмүүс нас ахисан ч ажлаа хийдэг хүмүүс олон байдаг. Гэхдээ үзэгчид тийм таатай хүлээж авдаггүй. Тийм болчихгүйн тулд тэгээд ч бие хаа, эрүүл мэндээ бодсон ч гэсэн ирээдүйд хуульч, өмгөөлөгч болно гэсэн хүсэлтэй байна.



-Англид та ганцаараа амьдардаг уу? Найз залуутай юу?
-Би ганцаараа амьдардаг. Одоогоор найз залуугүй. Хичээлдээ анхаараад л явж байна.



-Олон орны залуусаас таньтай танилцаж дотно харьцаатай болох санал ирдэг үү?
-Өө тийм санал зөндөө ирдэг. Сүүлдээ тоохоо больсон. Зарим нь миний авьяасыг үнэлж хүндэлсэн захидал ирүүлдэг. Та гарын үсэгтэй зургаа явуулаач", "Би нугарч сурах гэсэн юм. Зөвлөгөө өгөөч" гэсэн имэйл захидал одоо ч ирдэг. Тэр болгонд найрсаг харьцаж боломжоороо туслахыг хичээдэг. Дотно харьцаа тогтоох санал ялангуяа тоглолтын дараа их ирдэг. Хүлээн авалтын үеэр эрчүүд намайг их сонирхдог. Нугардаг эмэгтэй ямар байдаг бол гэж боддог байх л даа. Тэр болгонд эвтэйхэн хэлээд эелдгээр татгалзаад өнгөрдөг. Түүнээс биш дотно харьцаа үүсгэсэн тохиолдол байхгүй.



-Хүмүүс таны гар хөлийг үзнэ биз. Хөгжилтэй зүйл их тохиолддог байх?
-Өө тэгнэ. Зарим нь Шударга шүү. Шууд л "гар хөлийг чинь бариад үзчих үү?" гээд л бариад авна. Ихэнх нь нүдээрээ сонжоод хамаг юмыг минь барьж үзмээр байгаа нь илт хардаг. Үнэхээр сониуч хүмүүс л дээ. Би тэгэхээр нь "Чи миний ястай ясгүйг барьж үзмээр байна уу?" гэхээр "Харин тийм" гэдэг. Барьж үзчихээд хавь ойрынхоо хүмүүст "Ястай юм байна" гээд л ярина (инээв.сур).



-Иргэншлээ солих ч юм уу бодол бий юу?
-Миний хувьд Англи улсад олон жил амьдарлаа. Английн хуулинд гадаадын иргэн 5 жил тасралтгүй ажиллаж амьдарсан бол өөрийн иргэншлээ өгдөг. Жил болгон та виз сунгуулах шаардлагагүй ээ гэдэг. Надад тийм эрх бий. Гэхдээ би Монголын иргэн хэвээрээ байна. Иргэншлээ солихгүй.



-Даатгалтай юу? Мэдээж эрсдэлийг нарийн тооцдог байх?
-Сүүлийн үед гэрээ хийж хамтарч ажиллах санал тавьдаг компаниуд даатгалтай юу гэж их асуудаг болсон. Би хоёр төрлийн даатгалтай.

Хувийн даатгал, нөгөө нь нийтийн даатгал. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тоглолтын үеэр миний ширээнд үзэгч хөл гараа бэртээж гэмтсэн тохиолдолд хэрэглэгддэг.

No comments:

Post a Comment