Wednesday, October 21, 2009

Сиамын ихрийг салгах мэс заслыг 100 мянган хүн ажиглажээ

Сиамын ихрийг салгах мэс заслыг 100 мянган хүн ажиглажээ
Ойролцоогоор зуун мянган хүн интернетээр Хятадын мэс засалчдын сиамын ихрийг салгах ажиллагааг шууд хүлээн авч үзжээ. Ийм олон хүн нэгэн зэрэг үзсэнээс Хятадын интернетыг доголдуулахад хүргэсэн аж.
Линг Линг, Линг Май хоёр цээжээрээ нийлсэн ихрүүд байжээ. Өнөөдрийн байдлаар тэдний бие сайн байгаа бөгөөд Шанхайд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Тэргүүлэх зэргийн мэс засалч, профессор Сюй "Бидний бодсоноос илүү хэцүү мэс засал байлаа. Маш жижиг алдаа эмгэнэлт байдалд хүргэх байсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. 11 сартай хоёр охиныг Хятадын эмч нар амжилттай салгасан ч мэс заслыг хийх амаргүй байж. Хэдийгээр охид тус тусдаа элэг, ходоодтой байсан ч энэ эрхтнүүд нь хоорондоо замбараагүй орооцолдсон байжээ. Эцсийн дүнд тэр хоёрын цээжийг салгаж чадсан байна. Эмч нар удахгүй арьс нөхөх мэс засал хийхээр төлөвлөжээ. "Одоо ихрүүд бие даан амьдрах боломжтой боллоо" гэж профессор Сюй ярьжээ.
Энэ оны долдугаар сард Египетын мэс засалчид ташаагаараа нийлсэн нярай ихрийг "салгаж" чаджээ. Уг мэс заслыг Мансура их сургуулийн дэргэдэх хүүхдийн эмнэлэгт хийжээ. 12 цаг үргэлжилсэн мэс засал амжилттай болсон байна.
Гэхдээ ийм төрлийн мэс засал бүр үр дүнтэй байдаггүй. Өнгөрсөн зууны эцсээр Лондонд Вера хэмээх Орос охиныг ихрээс нь салгах мэс заслыг арван хоёрдугаар сарын эхээр хийжээ. Харамсалтай нь, зул сарын баяраар охин нас баржээ. Нөгөө ихэр нь нас барсан тул зайлшгүй хийх мэс засал байсан бололтой. Вера охин ихрийгээ нас барснаас хойш cap орчим л амьдарчээ.
Ер нь ийм төрлийн мэс заслын дөрвөөс нэг нь л амжилттай болдог байна. Ихрийн өрөөсөн нь нас барсан ч нөгөө ихэр нь амьд үлдэж чадсан бол амжилттай болсон мэс засал гэж үздэг байна.

No comments:

Post a Comment