Wednesday, October 21, 2009

Албан тушаалтны дансыг Авлигатай тэмцэх газрынхан шалгах эрхтэй болно
Өчигдөр 19 цаг 19 минут
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Концессийн тухай хуулиудын төслийг хэлэлцлээ.
Төв банкны тухай хуулийг хэлэлцэх үеэр гишүүн З.Алтай албан тушаалтны хувийн хадгаламжийн дансыг шалгах эрх шүүх, цагдаад байдаг ч Авлигатай тэмцэх газарт байдаггүй. Авлигатай тэмцэх газарт тийм эрх олгож болдоггүй юм уу.
Тэгэхгүй бол авлига авсан эсэхийг яаж мэдэх юм бэ гэсэн асуулт тавьсан юм. Тэгвэл шинэчилсэн хуулийн төслөөр тийм эрхийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт олгож байгаа юм байна. Үүний дараа Концессийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Манай улсын дэд бүтцийн болон нийгмийн бусад салбарт үйлчилгээний чанар, менежментийг сайжруулах, технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд үүнийг зөвхөн төрийн өмчийн хөрөнгөөр гүйцэтгэх боломжгүй тул концессийн эрх зүйн орчинг бий болгох замаар уг салбарт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг татах зэрэг шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсруулсан байна. Төр өөрийн өмчөөр хийж гүйцэтгэж чадахгүй ажлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, ашгаа нөхсөнийх нь дараа мэдэлдээ авдаг байх зарчмыг концессийн хуульд тусгажээ. Хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг гишүүд дэмжлээ.

No comments:

Post a Comment