Wednesday, October 21, 2009

Мальдивийн парламент усан доор чуулна

Мальдивийн парламент усан доор чуулна
Дэлхийн дулаарлын аюул заналыг олон нийтэд анхааруулах үүднээс Мальдивийн Засгийн газар усан дор парламентын хурлаа явуулахаар болжээ.

10 дугаар сарын 17-нд болох усан доорх хурлаар Мальдивийн Ерөнхийлөгч Мохамед Нашен болон парламентын гишүүд баримт бичигт гарын үсэг зурах аж. Мальдивийн улс төрчид энэ үйлдлээрээ дэлхийн хүлэмжийн хийн хэмжээг бууруулахыг уриалж байгаа юм.

“Усанд шумбах нь хөгжилтэй байсан ч парламентын гишүүд үүгээрээ далай, тэнгисийн усны түвшин нэмэгдэж байгааг сэрэмжлүүлэхийг хүсч байгаа” гэж Мальдивийн Ерөнхийлөгчийн зөвлөх “Би-Би-Си” агентлагт уламжилжээ. Далайн түвшин хэрэв цааш нэмэгдсээр байвал манай улс газрын хөрснөөс арчигдах аюул нүүрлээд байна гэж нам дор байрладаг тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна. Парламентын гишүүд усан доор болох хурлын үеэр гарын дохиогоор хоорондоо ойлголцож, усны хамгаалалттай үзэг, самбар хэрэглэх аж.

Парламентын гишүүд усан доор хурлаа хийхийн тулд цэргийн сургалтын баазад бэлтгэлээ базааж байгаа гэнэ. “Мальдив улс цаг уурын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байна. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг одооноос тэмцэхгүй бол бусад орныг аврахад ч хожимдож болзошгүй” гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ. Далай тэнгисийн түвшин НҮБ-ын урьдчилан тооцоолсноор цааш нэмэгдвэл бид шинэ газар хайх шаардлага гарч магадгүй гэж Нашед хэлжээ.

No comments:

Post a Comment