Wednesday, October 21, 2009

АНУ Афганистан руу 21 мянган цэрэг нэмж илгээхээр болжээ

АНУ Афганистан руу 21 мянган цэрэг нэмж илгээхээр болжээ
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс өөрийн улсын зүгээс Афганистан руу хангалттай хүч илгээхгүй байгаагаас “Талибан” хөдөлгөөнийхөн хүчээ авч байна гэж үзжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Пентагоны тэргүүн нарын хамтарсан мэдэгдэлд Афганистанд үүсээд байгаа нөхцөл байдалд АНУ-ын зорилго хэвээрээ үлдэх болно гэж онцлон тэмдэглэсэн аж. Америк цэргүүдийн үүрэг нь “Аль-Каида” хэмээх террорист бүлэглэлийн сүлжээг таслах явдал хэмээн тодорхойлсон байна.
АНУ-ын Батлан хамгаалахын удирдлагууд өмнө нь Афганистан дахь НАТО-гийн хүчийг өргөжүүлэх талаар нэг бус удаа саналаа хэлж байжээ. Умард Атлантын гэрээнд нэгдсэн орнуудын бүлэглэлийн захирагч, генерал Стэнли Маккристалын хэлснээр, тус улсад байрлаж буй гадаадын цэргийн тоог 30-40 мянган хүнээр нэмэгдүүлэх шаардлагатай ажээ. Эсрэг тохиолдолд энх тайвны үйл хэрэг нурах магадлалтай гэдгийг тэрбээр үгүйсгэсэнгүй.
Энэ байр суурийг Их Британийн армийн шинэ захирагч, генерал Дэвид Ричардс бас дэмжсэн аж. Өнөөдрийн байдлаар, Афганистанд 56 мянга орчим америк цэрэг, 35 мянга орчим холбоотны цэрэг албан үүргээ гүйцэтгэж байгаа ажээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама саяхан тус улсад болсон ерөнхийлөгчийн сонгууль болон Талибчуудын үйл ажиллагаа идэвхжсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 21 мянган цэрэг нэмж илгээхээр шийдвэрлэжээ. Цэргийн тоог нэмэгдүүлсээр энэ оны эцэст тус улсад алба хаах цэргийн тоог 68 мянгад хүргэх ажээ.
Харин Их Британи, Герман, Франц зэрэг улсууд арай өөр байр суурь илэрхийлсэн байна. Тэдний үзэж байгаагаар, НАТО Афганистан руу шинэ хүч илгээснээс тус улсын цэрэг, цагдаад ажиллах нөөц боловсон хүчнийг бэлдэхэд гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

No comments:

Post a Comment